2017/08/19 Улаанбаатар 18º
2017 оны 02 сарын 14

Дэлхийн ихэнх орны эрх баригчид хямралын эсрэг арга хэмжээ авах нэрийдлээр ард түмнийхээ “бүсийг чангалж” байхад Белоруссын Ерөнхийлөгч Александр Лукашенко өөрийн Тамгын газрын ажилтнуудын гуравны нэгийг цомхотгох тушаалд гарын үсэг зурлаа. Энэ тушаалын дагуу Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны даргын бүрэн эрхийг улам тэлсэн байна.  

Белорусс, Оросын өнөөгийн харилцааг Лукашенко “хямралт үе” хэмээн тодорхойлжээ. Нефть, байгалийн хийтэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг “Оросын доромжлол, биднийг багалзуурдаж байна. Хэрэв үүний үнэ цэнэ нь тусгаар тогтнол юм бол Белорусс маань Оросын нефтьгүй аргаа олно” гэж Лукашенко мэдэгдэв. Энэ ч аргагүй, Оросын тал нийлүүлэлтээ 2 дахин багасгана гэсэн учраас мань эр хатуухан хариу барьсан хэрэг.

Оросын Ерөнхийлөгч Путины талаар ярихдаа Лукашенко “Бид үнэхээр найзууд, гэхдээ Путин бид хоёр өөр ямар ч Ерөнхийлөгчдөөс илүү их хэрэлддэг. Бид Оростой ийм ойр дотно төдийгүй Украин, Казахстантай ч гэсэн ийм харилцаатай.  ..Намайг юм хэлэхээр Путин “Чи үүнийг анхаарах хэрэггүй ээ, би мэдээгүй байсан. Надад энэ талаар хэлэх гээд хэн ч зүрхлээгүй байх” гэж тайвшруулдаг. Манайхан хэзээ ч орос хүн рүү нэг ч чулуу шидэхгүй, Орос бол ариун гэгээн зүйл” хэмээжээ. 

Дашрамд дурдахад, Белорусс улс өөрийн үйлдвэрлэж чадахаас хэд дахин илүү хүнсийг Орост нийлүүлж байгаа нь энэ 2 орны зөрчилдөх бас нэгэн шалтгаан болжээ. Путины хориг тавьсан Европын орнуудын хүнс тойруу замаар ийнхүү Белоруссаар дамжин Орост орж ирдэг гэж оросууд сэжиглэж байна. 

Түүнчлэн Белорусс улс дэлхийн 80 оронтой визгүй зорчих болсон нь оросуудад таалагдаагүй, тиймээс Орос одоо 2 орны хил дээр шалган нэвтрүүлэх посттой болохоор төлөвлөжээ. 

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын талаар Лукашенко “Тэр зарим хүний бодож байгаа шиг тийм ч тэнэг биш. Америкийн дээд удирдлагад ухаантай хүн олон бий, 80% нь еврей. Энэ үндэстэн ч тэнэг биш, түүнд тусалж яахыг хэлж өгнө. Гэхдээ Трамп дэлхийг орвонгоор нь эргүүлэхгүй, даяаршлыг ч гэсэн.  ...Бид Америк, Сири энэ тэр гэлгүйгээр оросуудтай хамт өөрсдийн амьдралыг л бүтээн байгуулах хэрэгтэй” хэмээн ярилаа. 

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл