2017/09/23 Улаанбаатар
2017 оны 02 сарын 15

Малайзын онгоцны буудал дээр Умард Солонгосын тэргүүн Ким Чен Уны төрсөн ах Намыг хөнөөсөн гэж “Yonhap” агентлаг мэдээллээ. Харин Өмнөд Солонгосын “Chosun” телевизийнхэн “Ким Чен Нам руу 2 эмэгтэй дайрсан. Тэд түүнийг хордуулсан зүүгээр хатгаад зугтааж амжсан талаар манай Засгийн газрын эх сурвалж мэдээлсэн” гэж дамжуулав. Тус телевизийн үзэж буйгаар энэ аллагыг Умард Солонгос өөрөө зохион байгуулсан гэнэ.

“Reuters” агентлаг энэ талаар “Малайзын цагдаа одоогоор Ким Чен Намыг нас барсан гэж батлаагүй” хэмээжээ. Гэхдээ Малайзын Цагдаагийн газрын нэгэн төлөөлөгч “Умард Солонгосын иргэн нэг эрийг Куала-Лумпурагийн онгоцны буудлаас түргэний машинаар авч явсан, гэвч тэр эмнэлэг хүрч амжилгүй нас барсан. Хэн гэдгийг тодруулж байгаа” хэмээн мэдээлэв.

Харин "Malaysiakini" сонин энэ үйл явдлыг арай өөрөөр өгүүлэн, "Ким Чен Нам энэ удаа Малайзаас Макао нисэх гэж байсан. Онгоцны буудал дээр түүн рүү нэг эмэгтэй дөхөж очоод толгой руу нь үл мэдэгдэх шингэнтэй алчуур шидсэн. Намын нүд хорсч өвдөхөд тэр дор нь тусламж үзүүлж эхэлсэн, харин дараа нь эмнэлэг рүү авч явж байх үеэр өнгөрлөө" гэжээ. 

Ким Чен Нам бол Умардын тэргүүн агсан Ким Чен Ирийн том хүү билээ. Түүний ээж нь алдартай жүжигчин Сон Хе Рим. Нам уг нь эцгээ залгамжлагчдын тоонд багтаж байсан, гэвч тэр 2001 онд хуурамч паспортоор Японд нэвтрэх гэж оролдсон. Ингээд эцэг нь түүнийг цөллөгт илгээжээ. Нам түүнээс хойш Макао, Хятад зэрэг оронд амьдарч байсан юм. Умардын өнөөгийн удирдагч Ким Чен Ун бол түүний эцэг нэгтэй, эх өөртэй дүү. Уны эх нь япон гаралтай жүжигчин Ко Ён Хи.

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл