2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 02 сарын 20

Умард Солонгосын тэргүүн Ким Чен Уны төрсөн ах Намыг хөнөөсөн талаар манай сайт өмнө мэдээлж байсан. Түүнийг Малайзад байхад халдсан бөгөөд Нам эмнэлэг хүрэх замдаа өнгөрсөн билээ. 

Харин энэ бичлэг дээр Кимийн ах цаашаа хараад зогсч байхад цагаан цамц, жинстэй бүсгүй гэнэт түүний толгой руу даавуу шиг юм шидэж байгаа харагдана. Энэ үеэр цуг явж байсан эмэгтэй нь ямар нэг бодисыг Намын нүүр лүү нь цацжээ. Дараа нь Нам онгоцны буудлын хамгаалагчдад хандахад түүнийг Аюулгүйн албаныхан дээр авч ирсэн аж. Гэтэл Нам энд ухаан алдан унажээ. Үүнээс цаашхи үйл явдлыг бид өмнө нь мэдээлсэн. 

Гэхдээ Намд задлан хийсэн ч үхлийн шалтгааныг нь тодруулж чадаагүй. Умард Солонгос улс энэхүү шинжилгээний үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тул дахин хийжээ. Одоогийн байдлаар гэмт хэрэгт сэжиглэн 4 хүнийг баривчлаад байна, тэдний дунд Умард Солонгосын 1, Вьетнамын 1, Малайзын 2 иргэн бий. Тэдний нэг нь "Намайг реалити шоунд оролцохыг урьсан гэж би ойлгосон. Тэгээд л сценарийн дагуу бүхнийг хийсэн" гэж цагдаагийнханд тайлбарлажээ.

Тавхан секундэд амжуулсан энэ аллагыг мөрдөж байгаа мөрдөн байцаагчид гэмт хэргийн талаар ямар ч эд мөрийн баримт олоогүй төдийгүй ямар бодис цацсаныг тодруулж чадаагүй, тэр бодис хэрхэн үйлчилснийг ч мэдэхгүй байна.

Умардынхан төрийн тэргүүнийхээ төрсөн ахын үхлийг үл тоож байгаа бол харин Өмнөд Солонгос эсрэгээр. Өмнөдийнхөн нас барсан Намын өмнөөс өшөө авахыг хүсч байна, ядаж л хуулийн хариуцлага хүлээлгэхийг. Бүр Аюулгүйн зөвлөлөө хүртэл хуралдуулсан улс шүү дээ.

Өмнөдийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хван Гё Ан "Манай улс Ким Чен Намын аллагатай холбоотойгоор Умард Солонгосоос тайлбар хийхийг шаардана. Ийм аллагын төлөөсийг Умард Солонгос төлөх ёстой гэдгийг олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхийг хүсч байна " гэж мэдэгдсэнийг "Yonhap" агентлаг дамжууллаа.

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл