2017/04/24 Улаанбаатар -17º
2017 оны 02 сарын 21

Хүүхэд насанд ч баатарлаг үйлс байгуулж болохыг энэ жишээ харууллаа. Английн Суррей гүнлэгийн хэсэг хүүхэд нэгэн буяны арга хэмжээнд оролцож байжээ. Лейкеми өвчнөөр өвдсөн хүүхдүүдэд туслах ажилд нэгдсэн эдгээр хүүхэд өөрсдөө 6-12 насныхан.

Гэнэт дээр нь цагдаагийн нисдэг тэрэг эргэлдэхийг хүүхдүүд харжээ. Мөн нэгэн сэжигтэй этгээд тэднээс холгүйхэн гүйн өнгөрөв. Цагдаагийн нисдэг тэрэг чиглэлээ өөрчлөн буруу тийш нислээ, жаахан л удсан бол нөгөө гэмт хэрэгтэн зугтан одох байлаа. 

Энэ болсон явдлын талаар 9 настай охин “Гэнэтийн юм болсон, их чанга дуутай цагдаагийн нисдэг тэрэг нисч өнгөрөхийг бид харсан. Бас зугтааж байгаа эрийг олж харсан. Тал газраар гүйж байсан нөгөө эр буцаж эргээд шууд ой руу чиглэв. Бид тэр хүний гүйж байгаа зүг рүү зааж гараараа даллаж харуулсан ч нисдэг тэрэгт байгаа цагдаа нар биднийг анзаараагүй. Тэгтэл манай 2 найз “Алив, бүгдээрээ сум болж дүрслэн үзүүлье” гэсэн. Ингээд бид газарт зохих байрлалаар хэвтэж үзүүлсэн юм” гэж дурсав. 

Хүүхдийн сэтгэлгээ стандарт бус, хариу үйлдэл хийх чадвар хурдан байдгийг энэ үйл явдал баталлаа. Мэргэжлийн зарим хүмүүс ч барьц алдахаар нөхцөл байдал үүссэн байгаа биз? Цагдаа нар доор байгаа хүүхдүүдийг хараад эхлээд тэднийг дүрсгүйтэж тоглож байна гэж бодсон гэдэг. Азаар тэд гэнэт өөрсдөд нь чухал мэдээлэл дамжуулж байгааг ойлгосон байна. Цагдаа нар хүүхдүүдийн заасан чигт яваад ойд бараг нуугдах гэж байсан 2 сэжигтнийг олж баривчилжээ. 

Цагдаагийн газар маш авхаалжтай сэргэлэн, ухаалаг эдгээр хүүхдэд талархлаа илэрхийлжээ. 

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл