2017/05/30 Улаанбаатар 20º
2017 оны 02 сарын 21

НҮБ дэх Оросын суурин төлөөлөгч Виталий Чуркин өчигдөр Америкийн Нью-Йорк хотод хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэр өнөөдөр буюу 2 сарын 21-нд 65 нас хүрэх байсан юм. Виталий Иванович Чуркин 11 жил НҮБ-д Оросыг төлөөлжээ. Тэрээр төрөлх хэлээс гадна монгол, англи, франц хэл мэддэг байсан. Сонирхолтой нь, В.Чуркин өсвөр залуу насандаа “Эхийн зүрх”, “Цэнхэр дэвтэр”, “Нойль гурав” зэрэг кинонд тогложээ. Сонгодог дипломатын үлгэр жишээ болсон В.Чуркин үргэлж Америк ба өрнөдийнхний эсрэг сөрөн зогсч улаан нүүрэн дээр нь үнэнийг палхийтэл хэлдэг байлаа. Нэрт дипломатч Виталий Чуркины дурсгалыг хүндэтгэн түүний алдарт ишлэл үгсийг хүргэе. 

- Америкийн Үндсэн хуулинд “Бид ард түмэн” гэсэн үг бий гэдгийг сануулъя. Крымын ард түмэн өөрсдийн хүсэл зоригоо бүх нийтийн санал хураалтаар илэрхийллээ. 

- Манай улсыг доромжилсон үг хэллэгийг бид огт тэвчихгүй. Хэрэв АНУ-ын төлөөлөгчид өөр бусад асуудлаар Аюулгүйн зөвлөлд бидэнтэй хамтран ажиллана гэж байгаа бол хатагтай Пауэр үүнийг хатуу тогтоож авах хэрэгтэй болж дээ. Хатагтай Пауэр уг нь Толстой, Чеховоос эхэлсэн ч үгээ дуусгахдаа гудамжны шар хэвлэлийн түвшинд хүртэл уначихлаа (Крымын асуудлаархи хуралдаан дээр). 

- Америк олон жилийн өмнө Гренад руу өөрийн иргэдээ, эрх ашгаа хамгаална гэж халдаж орсон. Тэнд ердөө 1000 америк байлаа. Харин одоо Украинд олон сая орос иргэн, орос хэлтэн амьдардаг. Иймээс бид өөрсдийн эрх ашгаа хамгаалах эрхтэй. 

- Америкийн төлөөлөгч Саманта Пауэрийн мэдэгдэл надад их хачин санагдлаа, өөрийгөө бараг л Тереза эх мэтээр харуулах гэж оролдохоо боль. Та өөрөө ямар улсыг төлөөлж байгааг би сануулчих уу? Америкийн хийсэн бүх хэргийг эргэн сануулах уу? Тэгээд дараа нь ёс суртахууны эсвэл ямар нэг давуу байр сууринаас ярьж сургаж болох л юм. Хэн ямар буруутайг Түүх ба Бурхан шүүж, учрыг олох байлгүй” (Ойрхи Дорнод болон дэлхийн олон орныг хэн түйвээж, түгшүүрийн голомт болгон хувиргасныг ийнхүү сануулжээ).

- Вашингтон л энэ Ойрхи Дорнодын бүс нутагт тогтворгүй байдлыг өдөөж, тэр бүү хэл Исламын улс хэмээх террорист байгууллага үүсэхэд нөлөөлсөн. Одоо гэтэл та нар тэдэнтэй тэмцэж байгаа мэт дүр үзүүлэх юм. 

- Ер нь та геополитикийн амбицаа дар гэсэн илгээмжийг Вашингтон руугаа явуулбал яасым. Тэгвэл Оросын хөрш орнууд төдийгүй дэлхий даяар бусад улс ч гэсэн сэтгэл хөнгөрөн чөлөөтэй амьсгалаа авах байх (Орос оронд сонсогдохын тулд Америк ямар илгээмж явуулах вэ гэж Саманта Пауэр асуухад өгсөн хариулт).

-Та нар одоо дэлхийн элдэв новш шааруудыг, аливаа улс орны нөхцөл байдлыг тогтворгүй болгох дуртай хэт даврагчид, алан хядагчдыг дэмжихээ боль. Ер нь тусгаар орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохоо болих хэрэгтэй, колоний энэ зуршлаасаа ангижирч дэлхийг тайван байлга даа (Английн суурин төлөөлөгч Мэттью Райкрофтод өгсөн хариу). 

- Би өнөөдөр Барак Обама, Дэвид Кэмероны хэвлэлийн хурлын бичлэгийг үзлээ. Обама “Украины зүүн өмнөд нутгийн оршин суугчдыг уг нь Киевтэй хэлэлцээр хийгээсэй гэж би хүссэн. Гэвч Киев хэнтэй ч хэлэлцээр хийхгүй, зүгээр л бөмбөгдөхийг хүсч байна” гэжээ. Сонирхолтой л юм. АНУ-ын Ерөнхийлөгч санамсаргүй үг алдаж андуурав уу, эсвэл энэ түүний жинхэнэ байр суурь уу? Обама энэ байр сууриа Украины Ерөнхийлөгч Порошенкод хүргэсний дараа үйл явдал яаж өрнөхийг харцгаая. НҮБ-ын ихэнх гишүүн Украины нөхцөл байдлыг илүү бодитоор харж эхэлжээ. 

- Ичгүүр сонжуургүй явдалд хил хязгаар гэж байна уу? Та (АНУ) асуудлыг яаж ингэж эргүүлж байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Бид энэ асуудалд туслахыг хүсэн асуулга тавихад амь үрэгдэгсдийн дурсгалыг доромжиллоо гэлээ. Та арай дэндлээ. Урьдчилсан илтгэлд эмгэнэлт ослын шалтгааны талаар бодит, тодорхой баримтууд алга. Мэргэжилтнүүд аар саар зүйл, цуу ярианд хэт их анхаарал хандуулжээ. Онгоцны сүйрэл болсны дараа ямар ч шалгалт, мөрдөх ажиллагаа явуулаагүй байж Оросыг, мөн Донецкийн Өөрийгөө хамгаалах армийг буруутгасан. Зарим орон энэ ослыг олон улсын байдлыг хурцатгахад ашиглаж байна (Малайзын Боинг хөлгийн сүйрлийн үеэр АНУ-ын суурин төлөөлөгч Саманта Пауэртэй маргах үеэр).

- Сирийн сөрөг хүчин гэгдэгсдийн зэр зэвсэг, техник асар их, тэр тусмаа цэргийн хүнд техник. Тэд өөрсдөө энэ бүхнийг үйлдвэрлэж чадахгүй, АНУ-ын хараан дор өрнөдийн өгөөмөр ивээн тэтгэгчид л илгээж байгаа хэрэг.  

- Хэрэв бидэнд номлол хэрэгтэй байсан бол бид сүмд очих байлаа, хэрэв шүлэг яруу найраг хүссэн бол театрт очих байлаа. НҮБ-ынхан ялангуяа нарийн бичгийн даргын удирдах ажилтнуудыг Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд урихдаа үйл явдлын бодит анализ хийнэ гэж хүлээдэг. Гэвч та чадсангүй (НҮБ-ын генсекийн хүмүүнлэгийн асуудал хариуцсан Стивен О'Брайенд өгсөн хариулт ). 

- Зарим хүн, энэ танхимд суугаа хүмүүс ч гэсэн Украинд өрнөж буй үйл явдлын жинхэнэ шалтгааныг олж харахгүй байна. Тэгсэн хэрнээ дандаа “Москвагийн гар”-ыг эрж хайх юм. Майданыг ивээн тэтгэгчид, ялангуяа дээрх хэлэлцээрийг баталсан этгээдүүд болон ард нь нуугдах АНУ бүгдээрээ нийлж хяналтаас гарсан неонацистууд, хэт даврагчдаасаа салж, Украины ард түмний эсрэг Зэвсэгт хүчнээ хэрэглэхээ боль гэж Украинаас шаардах ёстой... Украинд иргэний дайн дэгдэхээс зайлсхийх боломж одоо зөвхөн Өрнөдөөс хамаарч байна. 

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл