2017/11/19 Улаанбаатар -13º
2017 оны 02 сарын 22

Азербайжаны Ерөнхийлөгч Алиев Ильхам авааль эхнэр Мехрибаныг улсынхаа Дэд Ерөнхийлөгчөөр томилов. Алиев Азербайжаны Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр энэ талаар мэдэгдэж өөрийн гэргийг танилцуулжээ. Ийнхүү Азербайжаны тэргүүн хатагтай нь Дэд ерөнхийлөгч болон хувирлаа. Тус улсын Үндсэн хуулийн дагуу хэрэв Ерөнхийлөгч өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй бол Дэд ерөнхийлөгч орлох юм байна. 

2016 оны 9 сард Азербайжан улс бүх нийтийн сонгууль явуулж Үндсэн хуулиндаа засвар оруулсан билээ. Нийт 29 засвар өөрчлөлт оруулснаас тоочвол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байсныг 7 жил болгож, Дэд ерөнхийлөгчийн орон тоо бий болгон, мөн 35 нас хүрээгүй ч төрийн тэргүүнээр сонгогдохыг зөвшөөрсөн юм. Гэхдээ Алиев эхнэрээ томилохоос өмнө Дэд ерөнхийлөгчийн албан тушаал сул чөлөөтэй байсан.

Алиев өөрийн энэ томилгоог тайлбарлахдаа “Мехрибан Алиева олон жилийн турш нийгэм, улстөр, соёл, олон улсын тавцан дээр амжилттай, үр бүтээлтэй ажиллаж чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Би түүнийг Азербайжаны Дэд ерөнхийлөгчөөр томилохдоо эдгээр хүчин зүйлийг удирдлага болгосон юм” хэмээжээ. “Алиева бол мэргэжлийн, туршлагатай, зарчимч, хүнлэг хүн. Мехрибан Алиева бол Азербайжаны эрх баригч намын даргын орлогч, манай нам 700 мянган гишүүнтэй” хэмээн Алиев эхнэрээ магтав. 

Харин Азербайжаны сөрөг хүчин улсынхаа Ерөнхийлөгчийг эрс шүүмжилж феодалын засаглал тогтоолоо гэжээ. Сөрөг хүчний “Мусават” намын тэргүүлэгч Ариф Гаджили “Ерөнхийлөгч өөрийн эхнэрээ ингэж томилж байгаа нь манай улс оронд аль хэдийн “гэр бүлийн Засгийн газар” байгуулагдсаныг баталлаа. Ерөнхийлөгчийн энэ шийдвэр Азербайжан улсыг дундад зуун руу, феодализмд аваачлаа, улмаар эрх баригчид ба нийгмийн харилцааг хурцатгаж болзошгүй” хэмээн мэдэгдлээ. 

Алиевын угсааны талаар нэмж өгүүлэхэд, Ильхам өөрийн эцэг Гейдар Алиеваас Ерөнхийлөгчийн энэ албан тушаалаа өвлөж авсан билээ. Ильхам Алиев өнгөрсөн жил Үндсэн хуулиа засварлаж Ерөнхийлөгчийн сонгуульд насны хязгаарыг авч хаясан нь учиртай. Ильхамын ганц хүү Гейдар 2025 оны сонгууль гэхэд 28 нас хүрнэ, өөрөөр хэлбэл дараагийн Ерөнхийлөгч болоход бэлэн. "Бүх эрх мэдэл нэг гэр бүлд, нэг угсаанд байх ёстой гэж тэд үзэн үүний төлөө бүхнийг хийж байна" хэмээн шинжээч Алексей Малашенко ярилаа. 

Мехрибан Алиева 53 настай, Москвад анагаахын дээд төгссөн, доктор. Тэрбээр 1983 онд Ильхантай гэрлэж 3 хүүхэд төрүүлжээ (2 охин, 1 хүү). Гоо үзэсгэлэнгээрээ Азейрбайжан төдийгүй Дундад Азид алдартай тэргүүн хатагтай Мехрибан өөрийн охидтойгоо авахуулсан зургийг, мөн "Bazaar" сэтгүүлд гарсан зургуудыг доор хавсаргав.

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл