2017/09/21 Улаанбаатар -2º
2017 оны 03 сарын 08

Энэ үлгэрийн цайз биш харин хүүхдийн цэцэрлэгийн барилга. Ийм гоё байшинд ирээдүй үеэ хүмүүжүүлэх санааг Павел Николаевич Грудинин гаргажээ. Тэр бол Сангийн аж ахуйн (САА) дарга. Манай Монголд ч нэг үе баахан САА байсныг дурсах хүмүүс улам цөөрсөөр л...

Социализм тийм ч муу муухай байгаагүйг бидний үеийнхэн мэднэ дээ. Өдгөө соц нийгмийн бяцхан загвар Орост бий, тэр бол Москва орчмын Лениний нэрэмжит САА. Бүр Лениний хөшөө, энэ тэрээ ч хэвээр авч үлджээ. Хамгийн гол нь энд хүүхдүүдэд хамгийн шилдэг бүхнээ зориулдаг.

"Хүүхэд бол амьдралын цэцэг" гэдэг ишлэлийг мэдэхгүй хүн байхгүй. Соц нийгэмд “Сайн сайхан бүхнээ үр хүүхдүүддээ” гэж байсанчлан САА-н дарга Павел Грудинин ийм гоё, сүрлэг цайз барьж цэцэрлэгтээ бэлэглэжээ. Хувийн цэцэрлэг боловч төлбөр нь улсынхтай адил юм байна. Нийт 6’000м2 талбайтай энэ газарт 6 бүлгийн 150 хүүхэд хүмүүждэг. САА одоо нэмээд обсерватори, шинэ усан сан, номын сан, цэнгэлдэх хүрээлэн барьж байгаа аж. Удахгүй өнөөгийн энэ цэцэрлэгээс 2 дахин том барилга барьж мөн л хүүхдүүддээ өгөх гэнэ. Мэдээж, САА-н хөрөнгөөр. 

САА-н ажилчдын дундаж цалин 74’000 рубль, эндхийнхний дундаж нас 42. САА өөрийн ажилчдаа орон сууцаар бүрэн хангадаг. Сонирхуулахад байрны төлбөрийн 50%-ийг САА төлж үлдсэнийг ажилчид өөрсдөө 15 жилийн турш төлнө, гэхдээ ямар ч хүүгүй. Үүнийг л социализм гэдэг юм даа. Тэр бүү хэл залуу эмч, багш нарт 15 жил хүртэл хугацаагаар хүүгүй зээл  олгож эхэлжээ. Эндхийн тэтгэврийн хөгшид жил бүр амралт сувилалд явж, үнэгүй эмчлүүлдэг.

Лениний нэрэмжит САА өөрийн гүзээлзгэнэ жимсээрээ Орос даяар алдаршжээ, энд бас чацаргана, бөөрөлзгөнө, нэрс, төмс болон хүнсний ногоо тариалж, сүү мөн зөгийн бал үйлдвэрлэдэг.

Грудинин даргын уриа: Ядуу оронд баян байж болохгүй. "Би социализм байгуулж байна. Лениний онолыг тусгайлан нэг САА-д хэрэгжүүллээ, үүний тулд ердөө ханцуйгаа шамлан ажиллах хэрэгтэй" гэж Грудинин мэдэгдэв.

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл