2017/07/27 Улаанбаатар 13º
2017 оны 03 сарын 09

Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирийн хүү, талийгаач Намтай холбоотой шинэ мэдээ түглээ. “Ким Чен Ирийн ач хүү буюу Намын төрсөн хүү Ким Хан Соль нь Америк, Хятадын тусламжтайгаар Нидерландад орогнож байгаа” гэж Өмнөд Солонгосын Седжон хааны нэрэмжит хүрээлэнгийн шинжээч Чон Сон Чан мэдэгдэв. 

Өчигдөр Ким Чен Намын хүү Соль гэгч этгээд өөрийн эцгийг нь хөнөөсөн тул гадаад орнуудаас орогнол хүсч байгаа тухай бичлэг цацагдсан. Ямартай ч өөрийгөө Ким Хан Соль гэсэн залуу уг бичлэг дээр Умард Солонгосын иргэн гэж өөрийн паспортыг үзүүлээд “Миний эцгийг хэд хоногийн өмнө хөнөөсөн. Одоо би ээж, эгчтэйгээ цуг байгаа” гэжээ. Энэ бичлэгийг “Чхоллимын иргэний хамгаалалт” гэдэг байгууллага интернэтэд нийтэлсэн юм. Одоо тус байгууллага дахин мэдээлэл цацаж, “Ким Хан Солийг аварч хамгаалахад тусламж үзүүлсэн Нидерланд, Хятад, Америкийн Засгийн газруудад талархаж байна” хэмээв. Энэ 3 орноос гадна өөр нэг орон мөн Ким Хан Сольд тусламж үзүүлсэн ч одоогоор нууцалжээ.

Солийг үнэхээр Ким Чен Намын хүү гэж Сөүл үзэж байна. Түүний зургийг доор хавсаргав, шар үстэй зургийг түүний олон нийтийн сүлжээний хуудсаас авчээ. Тодруулахад, Ким Чен Нам 2 сарын 13-нд Малайзын Куала-Лумпура онгоцны буудлаас эмнэлэг хүрэх замд өнгөрсөн. Түүнийг саа өвчин үүсгэх мэдрэлд нөлөөлөх хорт бодисоор хордуулсан гэж таамаглаж байгаа билээ. 

Ким Хан Соль уг нь Францад сурч байсан бөгөөд түүнийг гэр бүлийн хамт цагаачлахыг Нидерландын Засгийн газар зөвшөөрсөн гэж “РИА Новости” агентлаг дамжууллаа. Хятадын Засгийн газар энэ гэр бүлийг нууцаар гаргах ажиллагааг хариуцан хийж, харин Америк нь орогнох газар хүртэл аюулгүй байдлыг хангасан гэнэ.

Ким Хан Соль “Би хэзээ ч өвөө Ким Чен Ир болон Умардын өнөөгийн удирдагч Ким Чен Уныг хараагүй, тэдэнтэй уулзаж байгаагүй” хэмээн ярилцлага өгчээ. Түүнчлэн Ким Чен Намыг нас барахад түүний гэр бүлээс хэн ч Малайзад ирээгүй, ДНК-н молекулын шинжилгээ өгөөгүй юм. Малайзын эрх баригчид “Умард Солонгосын дипломат паспорттой Ким Чен Намыг (өөр нэртэй байсан) хөнөөхөд тус улсын иргэд оролцсон” гэж сэжиглэж байгаа. Гэвч Умард Солонгос үүнийг эрс няцаан “Малайз улс Өмнөд Солонгостой хуйвалдаж байна” гэж мэдэгдсэн билээ. 

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл