2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 03 сарын 09

Хятадын Гадаад харилцааны сайд Ван И “Солонгосын хойгт нөхцөл байдал хурцадлаа. Нэг талаас Америк ба Өмнөд Солонгос өргөн хэмжээний цэргийн сургуулилт явуулж Умард Солонгост үзүүлэх дарамтаа улам нэмэгдүүлж байна. Нөгөө талаас Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө хөгжүүлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчин балластик пуужин харвалаа” хэмээн мэдэгдэв. 

“Иймээс манай улс Умард Солонгост хандан санал тавьсан. АНУ ба Өмнөд Солонгос улсууд цэргийн сургуулилтаа зогсоож, хариуд нь Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоож, пуужин харвахаа болих хэрэгтэй. Энэ нь талууд хэлэлцээрийн ширээнд суухад тустай” гэж Хятад улс лхагва гарагт мэдэгдлээ (Хятадын Гадаад харилцааны сайд Ван И-гийн зургийг доор хавсаргав). 

Гэвч Америк улс Бээжингийн санал болгосон “пуужингийн зөвшилцөл”-ийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэнийг “The New York Times” дамжуулав. НҮБ дэх Америкийн суурин төлөөлөгч Никки Хейли “Хятадын хувилбарыг бид огтхон ч авч хэлэлцэхгүй, няцааж байна. Тэгээд ч Умардын тэргүүн Ким Чен Ун бол рациональ учир шалтгаан дээр үндэслэдэггүй хүн” хэмээжээ. 

Энд тодруулахад, Умардын Ардын армийн Жанжин штаб өнгөрсөн 7 хоногт “Америк, Өмнөд Солонгосын өргөн хэмжээний цэргийн сургуулилтаас болж манай улс хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд орж байна” гэж сэрэмжлүүлсэн юм.  

Жич: Умардын пуужингуудын тактик-техникийн тодорхойлолт, байн тусгал, түүнчлэн Солонгосын хойг дахь хүчний харьцааг (Умард Солонгос ба Өмнөд Солонгос-Америк) доорх схемд үзүүлжээ. 

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл