2017/07/24 Улаанбаатар 17º
2017 оны 03 сарын 15

Кремлийн гол зөнбилэгч Сафоновын зургийг Оросын НТВ телевиз анх удаа нийтэд дэлгэлээ. Материалист Зөвлөлт засгийн үед олныг бишрүүлж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан Владимир Иванович Сафонов (1916 – 2004) бол медиум, далдыг харагч байсан. Энэ хүний амьдрал бүхэлдээ “маш нууц” гэсэн тамгатай өнгөрсөн гэж хэлж болно. Эгэл жирийн, даруу төлөв, дуу цөөтэй Сафоновыг КГБ-н (Улсын аюулгүй байдлын хороо) нууц ажилтан гэдгийг эргэн тойрны хүмүүс нь мэддэггүй байсан. Сафонов тусгай албадын маш хүнд хэцүү даалгаврыг биелүүлж, улсын олон нууцыг мэдэж байсан төдийгүй олон хүнийг эмчилж эдгээсэн гавьяатай. 

Сафонов домогт зөнч Вольф Мессингтэй танил, тэр бүү хэл агуу Ванга хүртэл түүний зөвлөгөөг сонсдог байжээ. Гоц чадвар, ер бусын увидастай Сафонов хүмүүсийн бодол санааг уншиж, зайнаас бүхнийг мэдэрч, он жилүүдийг нэвт харан ирээдүйд болох үйл явдлыг хэлдэг, гэрээсээ ч гаралгүй манай гарагийн ямар ч хүний тухай бүгдийг мэддэг, үхэх өдөр цаг минутыг яг таг хэлдэг, хүмүүсийн зөвхөн дууг сонсоод л өвчний онош тавьдаг байв. Хатан хаан Беатрис, ханхүү Клаус зэрэг алдартан болон энгийн хүмүүст тавьсан түүний онош үнэн зөв болохыг анагаахын докторууд, элдэв шинжилгээ 100%  нотолж байжээ. 

Барилгын инженер мэргэжилтэй Сафонов нөгөө ертөнцтэй холбоотой бүхнийг сонирхон судалж байв. Тэр гоц чадварыг шинжлэх ухааны үндэслэлтэй нотлохыг оролдон асар олон туршилт хийсэн. “Манай дэлхийг хүрээлэн мэдээллийн нэгдсэн орон зай, талбай оршдог” гэж Сафонов баталдаг төдийгүй өөрөө тийшээ холбогддог байсан бололтой. "Хүний тархи бол хүлээн авагч, иймээс мэдээллийн эх үүсвэр болох дэлхийн оюун ухаанд холбогдож чадна. Ямар ч хүн ба эд зүйлст толин тусгал гэж бий, тэр нь яг эх хувьтайгаа адил. Юм болгон хоёр хувь байдаг гэж болно, нэг нь энэ материаллаг ертөнцөд харин нөгөө нь үл үзэгдэх толин ертөнцөд оршдог. Фантом бол бидний харахгүй байгаа тэр энергийн ертөнцийн нэг хэсэг. Түүнчлэн толин ертөнцийн зэрэгцээ үгээр дүрслэхийн аргагүй агуу том юм бий, тэр л энэ хоёр ертөнцийг нэгтгэж байдаг. Тэнд л манай болон нөгөө ертөнцийн бүх мэдээлэл хадгалагддаг" гэж Сафонов тайлбарлажээ. 

Сафонов тухайн үедээ Зөвлөлт Холбоот Улсын эрх баригчдад тусалж байлаа. Түүний зөгнөл яг таг, үнэн зөв байсан, 100 тохиолдолд ердөө 10 алддаг гээд төсөөл дөө. Оросын зөнбилэгч Павел Глоба түүний талаар“Бид хоёр танил байсан. Сафонов ямар ч хүний мэдээллийг унших чадвартай. Чухам энэ чадварыг нь тусгай албад сонирхон ашигласан” гэж ярилаа. Нэмж өгүүлэхэд, Владимир Сафонов Дэлхийн II дайнд оролцож байлдааны гавьяаны олон одон медалиар шагнуулсан төдийгүй олон сайхан ном бичсэн билээ. 

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл