2017/09/20 Улаанбаатар 23º
2017 оны 03 сарын 20

“Хэрэв Өмнөд Солонгос, Япон улсууд цөмийн зэвсэгтэй болбол бид тэдний эсрэг хориг арга хэмжээ авна. Энэ талаар Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд заасан байгаа” гэж Оросын Холбооны зөвлөлийн олон улсын хорооны орлогч дарга Владимир Жабаров мэдэгдлээ. Түүнчлэн В.Жабаров “Япон, Өмнөд Солонгос улсууд цөмийн зэвсэгтэй болбол яг Умард Солонгос шиг олон улсын хоригт өртөх болно” хэмээжээ.

Нэмж өгүүлэхэд, Америкийн НҮБ дэх суурин төлөөлөгч Никки Хейли өмнө нь “Манай улс Хятад, Орос хоёрт хандан Умард Солонгост нөлөөлөхийг уриална. Умард Солонгос цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлэхгүй, тив алгасах балластик пуужингууд бүтээхээ болиход тэд дарамт шахалт үзүүлэх ёстой” гэж ярьсан юм. Сэтгүүлчид “Хэрэв Хятад, Орос хоёр Умард Солонгост дарамт үзүүлэхийг хүсэхгүй бол яах вэ?” гэж Никки Хейлигээс асуусан. Энэ асуултад Никки Хейли “Би таамаглал дэвшүүлэхийг хүсэхгүй байна, гэхдээ бид бүхий л хувилбарыг авч үзэж байгаа” гэв.

Гэхдээ Хятад аль хэдийн АНУ-ын өөр нэг алхам буюу Өмнөд Солонгост Пуужингаас эсэргүүцэх систем байрлуулсны хариуг өгсөн. Хятадууд шууд л Өмнөд Солонгосын компаниудад халгаатай, эдийн засгийн дарамт үзүүлсэн билээ. Америк харин Хятадын энэ ажиллагааг зүйд нийцэхгүй хэмээн нэрлэж татгалзахыг уриалсан. 

www.mnews.mn

Сэтгэгдэл