2017/05/30 Улаанбаатар 20º
2017 оны 03 сарын 20

Даруухан хувцастай энэ хоёр эрийг дэлхий мэднэ. Тэдний байгуулсан 2-хон компаний хувьцааны үнэ нийлээд 903 тэрбум доллар. Манай улсын төсвөөс хэд дахин их гэдгийг та бүхэн өөрсдөө тооцоолчихоорой. Америкийн 2-хон хүн ийм их мөнгөтэй, гэхдээ тэд зөвхөн оюунлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгийг дахин сануулъя.

“Майкрософт”, “Фейсбук”-н хөгжлийг харахад хүн төрөлхтний хэтийн ирээдүйг оюуны салбар л тодорхойлох бололтой. Алт мөнгө, нүүрс нефть, тэр бүү хэл цэвэр ус, газар нутаг ч биш. Хүний тархийг эзэмдэж чадвал бүх эрх мэдлийг эзэмшиж бүр дэлхийг ч захирах байх шүү.

XXI зууныг уураг тархины эрин гэж тодорхойлж болно, эрин үетэйгээ хөл нийлүүлэн алхаагүй улс орнууд устаж алга болж ч магадгүй. Иймээс IT технологийн салбарт хөрөнгө хаяж хүүхэд залуусаа энэ чиглэлд өндөр боловсрол эзэмшүүлцгээе. 

Дэлхийн тэргүүн баян Билл Гейтсийн тухай хэдэн баримт:

- Түүнийг хорвоод мэндлэхэд Уильям Генри III Гейтс гэж нэрлэжээ. Түүний эцэг нь мэр, сенаторч харин өвөө нь Үндэсний банкийн дэд ерөнхийлөгч байжээ. Гейтс хамгийн элит сургууль болох Сиэтлийн Лейксайдад суралцсан.
- Тэр 13-тайдаа анхны программаа “хэрээс-тэг” бичиж байжээ.  
- 61 настай Билл Гейтс даруухан, яг манай зүйр үгэнд гардаг шиг “Их мөрөн дөлгөөн Эрдэмтэн хүн даруу ”. Харвардын их сургуулиа хаясан ч хожим баяжсан хойноо 2007 оны 6 сарын 7-нд төгсчээ.
- Билл Гейтс 1994 онд хамт ажилладаг Мелинда Френчтэй гэрлэсэн, 3 хүүхэдтэй: Женнифер Катарин 21 настай, Рори Жон 18, Фиби Адель 15-тай.
- Билл Гейтс 1 минутад 6659 доллар олдог ба өөртөө 125 сая доллараар “ирээдүйн байшин”барьжээ. 
- Манай гарагийн хамгийн баян хүний хобби бол бридж тоглох. 
- Билл Гейтсийн нэрийг мөнхжүүлэн ялааны нэгэн төрлийг “Eristalis gatesi” гэж нэрлэжээ
- Тэр Белиз улсад том аралтай. 
- Билл жилд 50 ном уншдаг. Билл Гейтс 1995 онд “The Road Ahead”, 1999 онд “Business @ the Speed of Thought” ном бичсэн. Сүүлийн ном нь дэлхийн 60 оронд 25 хэлээр гарчээ. 

Манай олон иргэнийг “завгүй, ажилтай” байлгадаг Нүүрномыг үндэслэгч Марк Цукербергийн тухай хэдэн баримт:

-Түүний бүтэн нэр нь Марк Эллиот Цукерберг. Харвардын их сургууль, Филлипсийн Академи, Ardsley High School төгссөн. 
- Маркийн эцэг шүдний эмч, эх нь сэтгэл зүйч бөгөөд өвөө, эмээ нь Герман, Австри, Польшоос иржээ. 
-Долларын тэрбумтан хэрнээ Марк Цукерберг даруу, дэндүү даруу. Тэр жирийн Volkswagen Golf GTI унадаг.
-Түүний албан ёсны цалин ердөө 1$. Манай УИХ-ын гишүүдийг ийм цалинтай болгочихвол яах бол? Илүү үр бүтээлтэй ажиллах байх шүү, яагаад гэвэл зөвхөн эх орныхоо төлөө ажиллах хүн л нэр дэвшинэ гэж мунхагланам. 
- Цукербургийн хөрөнгийн хэмжээ 55,4 тэрбум доллар. 
- Тэр 2012 онд хятад бүсгүй Присцилла Чантэй гэрлэсэн, 2 настай охинтой.
- “GQ” сэтгүүл Цахиурт хөндийн хамгийн муухай хувцасладаг эрээр Марк Цукербергийг тодруулжээ. Тэр ижил загвар, бараг адил өнгөтэй олон футболк, өмдтэй. “Өглөө босоод юу өмсөх вэ гэж бодож толгойгоо гашилган цаг алдахгүй, амар байдаг” гэж Марк энийгээ тайлбарладаг. Секундийг хэмнэж сурвал түүн шиг ийм өндөр амжилтад хүрэх байх шүү.
- Марк Цукерберг өөрөө Нүүрномынхоо 4 дэх хэрэглэгч, эхний 3 нь тест байсан.  Гэтэл одоо 1,86 тэрбум хэрэглэгчтэй болсон доо.
- Цукерберг улаан, ногоон өнгө ялгахдаа муу, харин Facebook-н цэнхэр өнгийг илүү сайн хардаг гэнэ. 
- Тэр 2013 онд ажилчдынхаа дунд хамгийн нэр хүндтэй даргаар тодорсон. "Facebook" компаний ажилчдын 90% нь түүний ажлыг сайшаажээ. 

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • ga IP: 103.23.51.3 2017 оны 03 сарын 20

    video orchulaa
Сэтгэгдэл