2017/05/30 Улаанбаатар
2017 оны 05 сарын 09

Манай хойд хөрш Орос улс Ялалтын баярын 72 жилийн ойд зориулан сүр жавхлант цэргийн парад хийлээ. Энэ парадад 10 мянга гаруй цэрэг офицер, 114 танк, хуягт машин зэрэг цэргийн техник оролцжээ. Харин цаг агаарын байдлаас болоод 72 байлдааны онгоц уг параданд оролцсонгүй, анги нэгтгэл рүүгээ буцжээ. 

Өнөөдөр дэлхий дахин Москва хотын Улаан талбай руу анхаарлаа хандуулж байна. Цэргийн парадыг Хуурай замын ангийн ерөнхий командлагч хурандаа генерал Олег Салюков командалж, Оросын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу уламжлал ёсоор загалмайлан залбираад парадыг хүлээн авлаа. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Ингээд түүний хэлсэн үгээс хэсэгчлэн хүргэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин:

... Та бүхэнд Ялалтын баярын мэндчилгээ дэвшүүлье! Энэ баяр ямар агуу болохыг ард түмэн өөрийн байгуулсан хэмжээлшгүй их гавьяа ба эх орноо аварч нацизмыг бут цохиход оруулсан шийдвэрлэх хувь нэмрээрээ тодорхойлдог. Аймшигт дарангуйлагч хүчийг ялсан ялгуусан энэ ялалт ... хүн төрөлхтний түүхэнд үүрд мөнх үлдэнэ

Ялалт асар их, нөхөж баршгүй гарз золиосын үнэ цэнээр олдсон гэдгий, энэ дайн сая сая амийг авч одсоныг бид мартах ёсгүй. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах гэмт үзэл суртлыг гааруулж, мөн дэлхийн тэргүүлэгч орнуудын салангид байдлаас болж энэ аймшигт эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлж чадаагүй. Иймээс л нацистууд бусад ард түмний хувь заяаг шийдэх эрхийг дур мэдэн өөртөө өгч, хамгийн харгис цуст дайныг дэгдээн улмаар Европын бараг бүх орныг өөрт захируулан боолчилж чадсан.

Нацистууд Зөвлөлт Холбоот улсад хамгийн хүчтэй цохилтуудыг өгсөн. Гэвч манай ард түмнийг байлдан эзэлж эрхшээлдээ оруулж чадах хүч байхгүй, байгаагүй, байх ч үгүй. Ард түмэн маань төрөлх газар шороогоо хамгаалж байж боломгүй мэт санагдам гавьяа байгуулан Дэлхийн II дайны цуст хүрдийг буцаан эргүүлээд дайсныг ирсэн газар луу нь хөөж явуулан нацизмыг бут цохисон юм. 

Европт эрх чөлөөг, манай гарагт удаан хүлээсэн энх тайван амьдралыг чухам манай эцэг өвгөд авч ирснийг бид хэзээ ч мартахгүй. Энэ агуу Ялалтыг бүтээгчид нь маршалууд, энгийн цэргүүд, сайн дурынхан ба ар талын хөдөлмөрчид, партизанууд, нууц тэмцэгчид билээ. Хөгшид ба хүүхдүүд. Олон яс үндэстний, янз бүрийн мэргэжлийн хүмүүс. Тэд бүгдээрээ Дэлхийн II дайны итгэмээргүй хүнд хэцүү туршилтуудыг эр зориг, хязгааргүй тэсвэр тэвчээрийн хүчээр даван туулсан.    

Нойр амралтгүйгээр үйлдвэр, эмнэлэгт ажиллан танкандаа шатаж, нуувчинд хөлдөн голын гарам дээр живж, фронтын андаа биеэрээ хааж байсан юм. Давшилтад орохдоо энэ тулаан эцсийнх байж магадгүй гэдгийг ч тэд ойлгож байсан. Ялалтын тухай олж мэдэлгүй амь үрэгдсэн ч тэд Ялалтын төлөө чадах бүхнээ хийж байлаа. 

...Өнөөдөр бид дайнаас эргэж ирээгүй бүгдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн толгойгоо бөхийлгөж байна.... Манай нэг ч гэр бүлийг дайн тойроогүй. Бид юуны өмнө ахмад дайчдаа хүндэтгэн алдаршуулж байна. Бид нулимсаа нуухгүй, гоё сайхан үг хэлэхээс айхгүй... Баатруудын, ялагчдын цусаар гагнасан сэтгэл шимшрэм холбоог бид мэдэрч байна. Та нартаа хандан хэлье, хэзээ ч бидний өмнөөс та нарт ичгүүртэй санагдахгүй. Орос хүн, орос цэрэг өнөөдөр бүхий л цаг үеийн турш байж ирсэн шигээ эх орныхоо төлөө ард түмнийхээ төлөө баатарлаг гавьяа байгуулахад бэлэн. Ийм цэргүүд, офицерүүд өнөөдөр одоо энд байна. Улс орон та бүхнээрээ бахархаж байна!

... Оросын Зэвсэгт хүчин ямар ч аюул түрэмгийлэлд хариу өгөх чадвартай. ...Терроризм, хэт даврагчид, неонацизм зэрэг аюултай тэмцэхийн тулд дэлхий нийт нэгдэж нягтрах ёстой. Бид ийм хамтын ажиллагаанд нээлттэй.  ...Эх орны агуу дайны үйл явдал түүхэнд мөнхөрч холдон цаашлах тусам ирээдүй үеийнхний өмнө бидний хүлээх хариуцлага өндөрсч байна. Манай гарагийн тогтвортой байдал, энх тайвныг бид тэдэнд дамжуулж өгөх ёстой. ..Ялсан ард түмний алдар цуу бадартугай! Ялалтын баярын мэнд дэвшүүлье!

М.Цогзолмаа, www.mnews.mn

,

Сэтгэгдэлүүд
  • Орохо IP: 103.10.21.24 2017 оны 05 сарын 09

    Хамгийн гоё, хамгийн сэтгэл хөдөлгөм, шимшэрэм баяр. Хэн ч мартагдаагүй, юу ч мартагдахгүй. Зөвлөлтийн ард түмэн дэлхийг фашизмаас аварсан нь үнэн.
  • zochin IP: 27.123.214.122 2017 оны 05 сарын 10

    Edtoi l khamgiin goyo setgel khuduljlguj ogshoodog bayar.
  • zochin IP: 124.158.126.197 2017 оны 05 сарын 10

    oros bol aguu
  • Mongol IP: 202.70.46.221 2017 оны 05 сарын 10

    Монголын эрхшээлд уул нь байсан даа
Сэтгэгдэл