2017/05/30 Улаанбаатар
2017 оны 05 сарын 10

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулав.

Тус байнгын хорооны ажлын хэсгээс энэ сарын 08-ны өдөр хуралдаж, холбогдох зарчмын зөрүүтэй саналыг боловсруулж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан  саналыг төсөлд нэмж тусгасан байна. Мөн хуулийн дагуу Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.


Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар уг төсөл жижиг дунд бизнес эрхлэгчдэд дарамт болох эрсдэлтэй талаар хэллээ.

Харин ажлын хэсгээс "Хуулийн төслийн тусгай ангид заасан хууль бусаар олсон орлогыг хураах тухай зохицуулалтууд нь өнөөдрийн байдлаар мөрдөгдөж буй хуулиудад байгаа, хэлэлцэж буй төсөлд одоо мөрдөгдөж буй хувилбараар нь тусгасан. Энэ тохиолдолд хууль ёсны орлогын талаар огт хөндөөгүй, зөвхөн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж олсон орлогыг хураахтай холбоотой зохицуулалт" гэлээ.

Түүнчлэн хуулийн төсөлд тусгагдсан 1600 зөрчлийн 10 нь 100 сая төгрөгийн торгууль ногдуулах зөрчил байгаа, үүний найм нь банктай холбоотой заалт хэмээн Ажлын хэсэг хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн О.Батнасан "Хүнс импортлох болон экспортлоход хуульд тавигдсан шаардлагыг зөрчсөн тохиолдолд өнөөдрийн хуулиар хувь хүнийг 1-10 сая төгрөгөөр торгодог бол энэ төсөлд 10-100 сая төгрөгөөр торгохоор тусгасан байна.
Энэ нь иргэд хувийн хэрэглээндээ хүнс импортолсон тохиолдолд хуульд заасныг зөрчсөн гээд 10 сая төгрөгийн торгууль төлөх, харин жижиг худалдаа, бизнес эрхлэгчид холбогдох газруудтай гэрээ байгуулаагүй, зориулалтын агуулах, байранд хадгалаагүй, зориулалтын бус тээврийн хэрэгсэл ашигласан гээд 100 сая төгрөгийн торгууль төлөхөөр болж, үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлтэй" гэлээ. Эрхзүйн шинэтгэлийн хүрээнд иргэдэд ээлтэй, бизнес орчноо дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал гэдэг саналыг мөн тэрбээр онцолсон.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа хуулийн этгээдийн зөрчлийн торгуулийн хэмжээ 100 сая төгрөг байгааг бууруулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлээ.

Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, төгсөлд нь Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

 

mnews.mn

Сэтгэгдэл