2017/09/21 Улаанбаатар -2º
2017 оны 05 сарын 10

Өмнөд Солонгост явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарлаа. Сөрөг хүчний Ардчилсан намын 64 настай Мүн Чжэ Ин 41,1%-иар сонгуульд ялж Ерөнхийлөгч болжээ. Энэ нь 13,4 сая хүн түүнд саналаа өгсөн гэсэн үг. Харин Ардын намын Ан Чхоль Су 21,41%, Консерватив намын Хон Чжун Пхё 24,03%-ийн санал авчээ. Шинэ Ерөнхийлөгч Мүн Чжэ Ин ажлаа хүлээж авмагц юуны өмнө Умард Солонгосын талаарх илтгэл сонсч, “Өмнөдийн армийн байлдааны бэлэн байдлыг хангах ёстой” хэмээн уриалав. 

Мүн Чжэ Ин оюутан байхдаа Үндсэн хуулийн эсрэг эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж их сургуулиасаа хөөгдөж баривчлагдаж байжээ. Тэр 8 сар шоронд хоригдох ял авч байсан. Дараа нь Мүн Чжэ Ин цэрэгт явж тусгай ангийн бүрэлдэхүүнд Пханмунджомын зөрчилд оролцжээ. 1980 онд тэр дээд сургуулиа төгсч шүүгчээр ажиллах гэтэл хуучин хэрэг нь сөхөгдөж зөвшөөрсөнгүй. Мүн өмгөөлөгч болохоор Пусанд ирээд Но Му Хёнтой танилцжээ. Харин Но Му Хён 2002 онд Ерөнхийлөгч болоход Мүн түүний ахлах нарийн бичгээр ажиллаж, 2007-2008 онд Тамгын газрын дарга болов. Мүн дараа нь Но Му Хёны сангийн гүйцэтгэх захирал, тэргүүлэгчээр ажиллажээ. Мүн Чжэ Ин 2012 онд Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшин 48%-ийн санал авсан ч Пак Кин Хед ялагдсан билээ. Дараа нь Мүн 2012-2016 онд Солонгосын Ардын чуулганы гишүүн, 2015-2016 онд Ардчилсан намын тэргүүлэгчээр ажилласан юм. 

www.mnews.mn

Сэтгэгдэл