2017/05/27 Улаанбаатар -17º
2017 оны 05 сарын 13

Сэтгүүлч, яруу найрагч Ц.Баттуяа "Гивлүүрт салхин", "Дотоод алс", "Таримал цэцгийн сүм" хэмээх гурван номныхоо нээлтийг өчигдөр Интерномд хийлээ. 

Номын нээлтийн эхэнд Ц.Баттуяагийн их сургуулийн багш МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар шавийнхаа уран бүтээлийн нээлтэд хүрэлцэн ирсэндаа баяртай байгаагаа илэрхийлж, улам их амжилт хүссэн юм. 

Харин Ц.Баттуяагийн яруу найргийн ертөнцөд хөтлөсөн багш Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ломбын Нямаа гуай "Манай залуус НҮБ-ийн үндсэн 5 хэлний аль нэгийг өөрийн эх хэл шигээ эзэмшиж, бүтээл туурьвилаа гаргаж чадвал Монголчууд Нобелийн шагнал авахад ойрхон байгаа. Тийм чадвартай, өөрийгөө олж чадсан яруу найрагчийн нэг нь Ц.Баттуяа юм шүү" хэмээв. 

Номын нээлтэд хүрэлцэн ирсэн зохиолч Шуурайн Солонго түүний өгүүллэгүүдийг шимтэн унших дуртай, өндөр үнэлдэг гэдгээ илэрхийлсэн.

Ц.Баттуяагийн ертөнцөөр аялахыг хүссэн түүний номын нээлтэд оролцогчид мөн түүнийг өөрийгөө олсон, чамбай өгүүллэгүүд, мэдрэмжтэй шүлэг, уншууртай ярилцлагуудаараа бусдаас ялгарч чаддаг гэдгийг хэлж байлаа.

Ийнхүү яруу найргийн "Гивлүүрт салхин", өгүүллэгийн "Таримал цэцгийн сүм", ярилцлагын "Дотоод алс" номууд уншигчдын гар дээр хүрч эхэллээ. 

Төв талбайд болж буй номын худалдаанд ч Ц.Баттуяа эдгээр номуудаараа оролцож байгаа аж.


Сэтгэгдэл