2017/09/21 Улаанбаатар -2º
2017 оны 05 сарын 15

Дэлхий даяар 1,3 сая компьютерийг жагсаалаас гаргасан аймшигт “WannaCry” вирусыг ердөө 10-хан доллараар зогсоож чаджээ. “WannaCry” вирус халдварлуулж тараасан хакерууд "Бүх мэдээллийг нь устгана" гэж сүрдүүлэн 300-600 доллар шаардаж байсан тухай манай сайт өмнө мэдээлсэн: http://mnews.mn/p14. Олон мянган хүн хэдийн хакеруудад мөнгө төлсөн байна. 

Аз болоход энэ аюултай вирусыг нэгэн программчин санамсаргүй зогсоосон тухай "The Guardian" мэдээлэв. Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн @malwaretechblog гэгч этгээд ажиглалт явуулсны дүнд уг вирус нь ямар ч бүртгэлгүй “iuqerfsodp9ifjaposdfjhgosurijfaewrwergwea.com” интернет-доменд хамаардагийг олж тогтоов. Ингээд тэр өөрийн найз Дариен Хуссын хамт уг доменыг бүртгүүлэх гэж оролдтол хачирхалтай нь "чөлөөтэй" байж таарчээ. Тэд ийм байдлаар вирусын идэвхжлийг тандаж эхэлсэн ба дараа нь энэ доменд секундэд хэдэн мянган хүсэлт ирж эхлэв. Үүнд тэд ердөө $10,69 доллар зарцуулжээ. “Би олон улсад аюул учруулсан кибер халдлагыг санамсаргүйгээр зогсоосон гэж ажилд орох танилцуулгадаа бичих эрхтэй боллоо” гэж мань эр өөрийн блогтоо хошигножээ. 

“Microsoft”корпорацийн ерөнхийлөгч Брэд Смит энэ хакеруудын довтолгооны тухай мэдэгдэл хийжээ. “Дэлхийн Засгийн газрууд энэ халдлагыг түгшүүрийн дохио хэмээн үзэх хэрэгтэй. Тэд одоо кибер орон зайд яг жинхэнэ зэр зэвсэгт ханддаг шиг тийм дүрэм журам тогтоож, тэгж хандах ёстой” хэмээн Смит бичжээ. Түүнчлэн тус мэдэгдэлдээ Смит “Хакеруудын хүн амд учруулсан хор хохирлыг Засгийн газрууд авч үзэн хэлэлцэх ёстой” хэмээжээ. 

Дэлхийн 150 орны 1,3 сая орчим компьютер уг вируст өртсөн тухай Европол мэдээллээ. Харин Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп хакеруудын халдлагаас болж Засгийн газраа 2 ч удаа нэн яаралтай хуралдуулжээ. Гэхдээ энэ вирусыг АНУ-ын тусгай алба зохиосон гэж Сноуден мэдээлснийг дахин сануулъя.

М.Цогзолмаа, www.mnews.mn 

Сэтгэгдэл