2017/05/30 Улаанбаатар
2017 оны 05 сарын 16

УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Миний хувьд ярилцахад үргэлж таатай байдаг зочны нэг нь та. Олон ч удаа та бид хоёр ярилцахаар сууж байжээ. Хамгийн сүүлд та УИХ-ын гишүүн, УИХ Сонгуулийн хуулийг хэлэлцэх гэж байх үед хоёулаа ярилцаж байсан юм байна.
-Тийм болж байна уу.

-Тэр үед “Сонгуулийн хуулиас холимог тогтолцоог авч хаях захиалгат хуйвалдаан явж байна. Энэ нь эцсийн дүндээ манай намд хүндээр тусна” гэж та хэлж байсан. Тэгэхэд танай нам парламентад олон суудалтай, засгийн эрхийг барьж байсан. Одоо эргээд харахад танай намд үнэхээр хүнд тусчээ. Олон суудалтай байсан нам УИХ-д бүлэг байгуулах төдий л суудалтай боллоо. Яг л таны хэлснээр гуравдагч хүчин алга болж, МАХН ганцхан суудал авлаа. Тэгэхээр тухайн үеэс ярилцлагаа эхлэх үү?
-2012 оны өмнө Сонгуулийн хуулиар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгээд Цэц сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуулийн бус гэж үзээгүй байсан.

2012 онд холимог тогтол­цоогоор сонгууль явуулаад парламентад нэг эвсэл, гурван намын төлөөлөл орж ирж байв. 2008-2012 оны УИХ-ын хийсэн сонгуулийн хуулийн шинэчлэл том дэвшил байсан. Гэвч энэ дэвшлээс ухрах буцаах сонирхол цөөнхийн зүгээс байнга гарч, жижиг 76 тойрог руу явуулах хүсэлтэй цөөнгүй улстөрч УИХ-д дуугарах болсон. Гэхдээ 2015 онд УИХ сонгуулийн холимог тогтолцоог хэвээр нь хадгалсан хууль баталсан. Гэтэл 2016 оны хавар, сонгууль болохоос хэдхэн сарын өмнө хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоо Үндсэн хууль зөрчиж байна гэсэн гомдлыг Цэц маргаан үүсгэсэн шийдвэрлэсэн. Тэр үед би “Хоёр намын удирдлагууд Үндсэн хуулийн цэцэд ийм таагүй захиалга өглөө. Магадгүй энэ нь гуравдагч хүчнийг байхгүй болгох том намуудын зорилго байх. Гэхдээ энэ өөрчлөлтийн гор сонгуулийн хуулийг 2008 оноос урагшаа 2004 оны төвшин рүү аваачна шүү. Үүний үр дүнд 2000 оны АН-ын дүр төрх гарна. АН 1996-2000 оны алдаагаа давтаж засгаа унагаасан. Одоо сонгуулийн хуульдаа гар хүрээд өөрсдөө маш цөөнх болох нь байна” гэдгийг хэлж байсан. Тухайн үедээ хурц илэрхийлж, Үндсэн хуулийн цэцэд өгсөн даалгаврыг чинь хэн хэн гэдэг Цэцийн гишүүд гүйцэтгэхээр ажиллаж байгаа гэдгийг нь ч нэр заан шүүмжилж байсан.

-Өнгөрсөн дөрвөн жилд Үндсэн хуулийн цэцийг хамгийн их шүүмжилсэн нь магадгүй та байх. Захиалгаар маргаан үүсгэлээ гэсэн үгийг ганцхан Сонгуулийн хууль дээр ч хэлж байгаагүй санагдана?
-Яах вэ тэр үед ер нь өөрчлөлтөд их дургүй, түүнийг нь таатай хүлээж авдагггүй хүмүүсийн захиалгыг хамгийн сайн гүйцэтгэгч нь Үндсэн хуулийн цэц болчихсон байсан юм. Дээд шүүх нь ч, Ерөнхий прокурор байсан хүн нь ч захиалга өгөөд өөрт таалагдахгүй байгаа хуулиудыг оролддог тийм үзэгдэл газар авчихсан байсан. УИХ хүслээр нь хууль гаргахгүй бол хуулийг өөрчлөх гэж Цэцэд захиалга өгдөг жишиг өнгөрсөн дөрвөн жилд их гаарсан.

-Ерөнхий прокурор байсан гэж сүүлд Хууль зүйн сайд болсон хүнийг хэлж байна уу?
-Нэг жишээ хэлье. Би 2012 онд Хууль зүйн сайд болсон. Тэгээд тэр жил Цэц дээр маргаан үүсгээд байсан 2011 онд батлагдсан зарим хуулийг хамгаалах гэж УИХ-ыг төлөөлж оролцсон. Тэр хууль нь Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэчлэлтэй холбоотой хуулиуд байсан юм. Тэгэхэд Цэцийн гишүүн “Чиний санаачилсан хууль” гэхэд нь “Уучлаарай наад хуулийнхаа огноо, санаачлагч, баталсан УИХ-ын олонхи, УИХ-ын даргын нэрийг нь хар. Ийм над руу чиглэсэн субъектив юмаар хуулийг унагаж болохгүй” гэсэн. Тэр хүмүүс болохоор маргаан үүсгэсэн хуулиа Тэмүүжингийн хууль гэж бодсон юм билээ. Ямар ч судалгаа, баримтгүйгээр хувь хүнд дургүй гэх сэдлээр ингэж хуульд хандаж байсан. Энэ захиалгыг нь хэн өгч байгаа юм гэхээр Ерөнхий порокурор. Ерөнхийлөгч хуулиа өргөн бариад арай гэж батлуулсан байхад өөрөөс нь томилогдсон нөхөр захиалга өгөөд унагаж байдаг. Үнэхээр харамсалтай.



-Засгийн эрх барьж байхдаа хэр эвтэй байсан бэ гэдэг зөвхөн таны хэлсэн жишээн дээрээс харагдаж байна л даа. Бүгд дарга, бүгд албан тушаалтай байсан өнгөрсөн дөрвөн жилийн хамгийн гол алдаануудын нэг нь эвлэж чадаагүй гэдэг. Одоо харин АН-ын гишүүд бүгд шахуу “ажилгүй” байна. Энэ үед эргээд харахад эвлэж нягтрах зай та бүхэнд үлдэж үү?
-Үгүй яах вэ, эвлэхийг эрмэлзээд л, тэгэх байх гэж найдаад л явж байх шиг. Үр дүн яаж гарахыг би хэлж мэдэхгүй. Өнгөрсөн дөрвөн жил эрх мэдэлтэй байхдаа зарим хүн мөнхөд тийм байх юм шиг хэтэрхий их дээрэнгүй, харалганаар хажуудахаа намнаж түгжилдсэн байна. Нэг намынх мөртлөө намынхаа нөхдөд гүжирдлэгийн хар толбо, үгийн том сорви үлдээсэн байна. Зарим нь одоо ч аньж амжаагүй байна. Тэр сорви дээр нь давс үрэх сонирхолтой хүмүүс ч байх шиг байна. Энэ байдлаасаа болж зарим талаараа бүрэн эвлэлдэж, ойлголцож чадаж байна уу гэдэгт эргэлзээ бий. Өнгөрсөн дөрвөн жилийн зөрчилдөөн бодлогын шинжтэй байсан бол аль эрт илаарших байсан. Гэвч зарим талаараа хэт гэр бүл, үр хүүхэд, хувийн амьдралынх нь шинжтэй байсан учраас тэр зөрчилдөөн хурдан анихад төвөгтэй байх.

-Би аниагүй шархан дээр давс үрэх гэсэн юм биш шүү. Гэхдээ гаднаас ажиглаж байгаа хүний хувьд хэлэхэд тэрхүү шарх сорви авсан хүний нэг нь та мөн тийм үү?
-Ганцхан би биш шүү дээ. Хүн болгонд шарх үлдээлээ. Одоо харахад хэн нэгэн Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд, өрсөлдөж магадгүй гэсэн бүх хүнээ нэр төрөөр нь тоглож, гутааж болох юу байна бүх юмыг цацсан юм шиг зам харагдаж байгаа. Тэр зам дээр цэцэг ургахад удна л даа.

-Тэр бүхнийг зохион байгуулагч нь хэн юм бэ. Шууд хэлж болох уу. Ерөнхийлөгчийн сонгуульд танай намаас нэр дэвшээд байгаа хүн мөн үү?
-Түгжил гэдэг нэр хэнд хам­гийн их очиж наалдаж байна. Хэн хамгийн их мөнгийг намынхнаа намнахад зарцуулав. Ардын намтай үзээгүй өрсөлдөөнийг нам дотроо үзэн ядалтын хэмжээнд хийсэн гэх тэр хүн бусдын нүдэнд ил байгаа.

-Уг нь тантай нэг танхимд сайд байсан, нэлээд олон жилийн хамтрагч явсан хүн гэдэг шүү дээ өөрийгөө. Эх орон намд байхад нь Х.Тэмүүжинг АН-д авчирсан гэдэг үнэн үү?
-АН-д намайг Ц.Элбэгдорж оруулж ирсэн.

-Та Үндэсний бодлогын хороондоо сонгогдсон уу?
-Сонгогдсон.

-Хаанаас вэ?
-Төв аймгаас.

-Энэ олон дотоод сонгууль, сунгаануудын араас АН-д өндийхөд хэр цаг хугацаа хэрэгтэй юм шиг танд харагдаж байна вэ?
-Нам дотор шинэчлэл, өөрчлөлт хийх гээд оролдож байна. Зарим нэг алдаа бол гарсан. Тэр алдаанаасаа болоод хуурмаг ардчилал гэдэг шиг шинэчлэлийн хуурмаг дүрүүд тодрох хэлбэр рүү орж байна. Тэр алдаа гарахад бидний хайхрамжгүй хандлага ч бас хамаатай байх. Асуудлаа бүрэн гүйцэд ярьж шийдээгүйтэй ч холбоотой. Тухайлбал, намын даргын сунгаа, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулсан асуулга байна. Энэ бүгд зүй ёсоороо бол намын  50 дээр нэмэх нь нэг хувийн шийдвэрээр гарах ёстой л доо. Гэтэл 50 дээр нэмэх нэг хувь руугаа шийдвэрийн босгыг тавьж чадаагүйгээс туйлын харьцангуй олонхиор буюу 30 хүрэхтэй үгүйтэй хувиар асуудал шийдэгддэг болсон байна. Үлдсэн 70 хувийн санал үхээд, тэр олонхи нь бид уг нь дэмжээгүй шдээ, яахаараа 30 хувь нь намыг тодорхойлоод намын шийдвэр гээд баярлаж давхиад байгаа юм гэсэн гайхсан байдалтай л байна. Намын олонхи нь хаана байна аа гэсэн асуултад хариулахад төвөгтэй. Хоёрдугаарт нам шинэчлэгдэх үйл явцын хамгийн гол утга нь нам ямар үнэт зүйл, зарчим дээр нэгдэж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ямар зохион байгуулалт руу орох вэ гэдгээс шалтгаалдаг. Одоогоор манай нам үнэт зүйл зарчмынхаа талаар хангалттай сайн ярилцаагүй байна. Ер нь одоогийн энэ АН 1990 онд үүсэж, 2000 онд бэхэжсэн Ардчилсан нам өөрөө мөн үү. Ардчилал, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө, хуулийн засаглалд зорьдог үнэт зүйлтэй нам хэвээрээ юу? гэх мэт асуудлуудаа бүрэн ярьж амжаагүй байна. Үзэл баримтлал, мөн чанаргүй хуурай зохион байгуулалт хийгээд эхлэхээр хэсэг хүн эрх мэдлээ баталгаажуулж, нам хувьчилж авч байгаа юм биш биз гэх хардалт зарим нэгэнд нь төрөх. Ойлгомжгүй зүйл цөөнгүй ч намын шинэчлэл дөнгөж эхэлж байна. Хангалттай урт гурван жил хүлээж байна.

-Гэхдээ л дөрөвний нэг нь өнгөрчихөөд байхад үнэт зүйлийнхээ тухай ярьж эхлээгүй байна гэхээр АН өөрчлөгдөж байгаа гэдэгт эргэлзмээр. Жишээ нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулсны дараа бүр ихээр эргэлзсэн.
-Би түрүүнд хэлсэн шдээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ нам дотроо тодруулахдаа намын гишүүдийн 30 хувьд ч хүрэхгүй саналаар л тодрууллаа. Арван хүн санал өглөө гэхэд гурван хүний дэмжлэгээр л гараад ирсэн нэр дэвшигч. Саналаа өгөөгүй долоон хүн эргэлзэх нь аргагүй. Ийм сонгуулийг ядаж хоёр шаттай хийгээд 50 дээр нэмэх нэг хувь болгох л хэрэгтэй байв. 50 дээр нэмэх нэг хувийн эсрэг хэн ч юу ч ярихгүй. Манай намын олонхи тэгж шийдсэн учир би дуугүй байж байсан нь дээрээ л гэнэ. 30 хувь хүрэхгүй санал авсан бол нөгөө талд байгаа 70 хувь гайхах нь эрүүл үзэгдэл.

-Өнгөрсөндөө бас дүгнэлт хийж байгаа биз дээ. Жишээ нь сонгуулийн яг өмнө явагдсан Эрдэнэтийн 49 хувийн наймаа танай намд нэлээд сөрөг оноо авчирсан.
-Нэг бол төрийн дээрмийг, нөгөө бол санхүүгийн луйврыг зөвтгөх гээд байгаа учраас би Эрдэнэт дээр хатуу байр суурь илэрхийлмээргүй байна.

-Гэхдээ ялагдлын нэг шалтгаан гэдгийг бол хүлээн зөвшөөрөх юм байгаа биз дээ?
-Намын ялагдалд үндсэндээ дөрвөн юм нөлөөлсөн. Нэг нь Эрдэнэт байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол ялагдалд хүргэсэн зүйл нь бид баялаг бүтээгчдийнхээ итгэлийг алдсан. Бүх бизнес эрхлэгч манай намын эсрэг зогссон. Яагаад гэвэл манай нам бизнес эрхлэгчдэд боломж олгохоос илүүтэй гацаадаг, дээрэмддэг, бизнесийг нь хавчин гадуурхдаг тийм хандлагатай болчихсон байсан. Тэрнээс болоод АН бол бидний үйл ажиллагааг урагш алхуулахгүй юм байна гэдэг бодол бизнес эрхлэгчдэд бий болсон байсан. Хоёрдугаарт, ардын нам бидний эсрэг хар пиар хийхээс илүү АН өөрсдөө дотооддоо нэг нэгнээ цэвэр зүйл үлдэхгүй болтол шавхайгаар будаж, хөө түрхсэн. Тэрнээсээ болоод гэрэлтэй, гэгээтэй олигтой лидер үлдээгүй. Гуравдугаарт, засгаа унагааснаар АН сургамж аваагүй, засаглаж чаддаггүй юм байна гэх ойлголт олон нийтэд төрсөн. 1996-2000 онд олонхи байхдаа засгаа унагааж, дотроо хөлөө жийлцсэн. 2012-2016 онд бас л засгаа унагаасан, фракцаараа талцсан. Энэ дөрөв бидний хувьд үнэхээр сургамж авахуйц алдаа байсан. Энэ сургамжаасаа харин хэр ойлгосон юм гэдэг ирэх гурван жилээс харагдах байх.

-АН-ынхан олонхи биш болчихлоо гээд УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлуудыг анхаарлынхаа гадна орхихгүй юм байгаа биз дээ?
-Яалаа гэж.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаараа ард нийтийн санал асуулга явуулъя, тэгэхдээ үүнийгээ мөнгө төгрөг, цаг заваа хэмнэн Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган хийе гэж байна. Үүнд та санал бодлоо хуваалцана уу?
-Миний хувьд үүнийг буруу сонголт гэж бодож байна. Ерөнхийлөгчийн сонгууль гээд бөөн талцал, хуваагдал, хар пиарын дундуур Монгол Улсын хүн бүрт хамаатай Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал хаагуур нь хэлэлцэгдээд, хүмүүс түүнийг нь нээрээ ийм байна гэж ойлгоод, бодоод саналаа өгөх юм бол гэдэгт эргэлзэж байна. Ер нь гурван сая хүний хувь заяатай холбоотой тогтолцооны суурь шинжтэй асуудлыг сонголтгүй сонгуулийн дайвраар явуулах ч сайн зүйл биш. Тусад нь сэдэв болгоод, хэлэлцүүлэг болгоод ярилцах ёстой. Яг ямар асуудал шийдэх гээд байгаа юм гэдэг нь одоо хүртэл бүрхэг байна. Зөвлөлдөх ардчилал гээд хэдэн хүн аваачаад ярьсан гэж байгаа. Гэхдээ юу ярьсан юм. Зарчмын ялгаатай, зөрүүтэй байр сууриудыг ижил төвшинд сонссон юм уу. Эсвэл нэг нөхөр өөрийн үзэл суртлаар илтгэл тавьсаар байгаад за гээд хэлүүлчихсэн юм уу, мэдэхгүй байна. Дам мэдээлэл авч эхэлж байна. Үндсэн хуулийн чиглэлээр цөөнгүй жил онолын судалгаа хийж, Үндсэн хуулийн цэц дээр олон маргаанд орж практик хэрэглээг нь гадарлах болсон хүний хувьд надад болгоомжлох зүйл байна. Хүчтэй Ерөнхий сайдтай болъё, Засгийн газар хэвийн ажиллах чадвартай байя, гэхдээ нөгөө талдаа парламентын хяналтыг сайжруулъя гэж байгаа бол энэ зөв. Би үүнийг 100 хувь дэмжиж байна. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гээд засаглалын эрх мэдлийг хуваарилчихсан байгаа загвараас гажаад Ерөнхийлөгч гээд хаана хамаарах нь ч мэдэгдэхгүй, гэхдээ хаана ч хамаагүй дураараар аашилдаг, дуртай юм руугаа орж ирдэг ийм институцийг хязгаарлах ёстой. Хязгаарлахгүй бол манай Үндсэн хуульт байгууллын зөрчилдөөний үүдийг нээгч, үрийг таригч нь болчихсон институт. Тийм учраас эрх мэдлийг нь яаж хязгаарлах вэ, хаана нь хамааруулах вэ гэдгийг шийдэх ёстой. Тэгэхгүй бол хууль шүүхийн байгууллагаар дураараа тоглож, Засгийн газрыг дуртай үедээ унагаж, босгож чадаад байгаа энэ эрх мэдэл хэвээрээ л байна. Уг нь төрийн тэргүүн бол ард түмний эв нэгдлийн баталгаа, улс төрийн зөвшлийг хангах элемент. Ийм байх ёстой институц нь хагалган бутаргагч аятай аашилдаг болчихсоныг зохистой байдалд нь оруулъя гэдгийг би бас 100 хувь дэмжиж байгаа. Гэтэл төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн институц болгоё гээд эхлэхээр л эргэлзээд эхэлж байна.

-Яагаад. Төрийн албыг улс төрөөс хазаарлахын тулд хийх хамгийн зөв гарцын нэг биш үү?
-Үндсэн хуулийн цэцэд хянагддаггүй, эрх мэдлийн хуваарилалтын аль нэгд шууд хамаарагдахгүй ийм чиг үүргийг Үндсэн хуулийн институц болгоно гэдэг бол аюул. Ийм туршлагатай улс хаана байна аа. Ямар онцлогтой, яадаг юм бэ гээд харах ёстой.

-Тийм улс байдаг уу?
-Яахав Үндсэн хууль, Органик хуулийн төвшний холимог институц нэг хоёрхон улсад байна. Ардчилал гэдэг бол сонгоод таалагдахгүй бол огцруулаад дахиж сонгохгүй байж болдог систем. Гэтэл ардчиллаас огт хамаагүй, rule of law буюу хуулийн засаглалд огт өртөхгүй нэг институцийг Үндсэн хуулийнх болгочих юм бол тэр дотор орсон хүмүүсийнхээ дураараа авирлахыг яаж хязгаарлах юм бэ. Хэзээ ч буулгаж чадахгүй, гэхдээ бүгдийг шийдэж мэддэг тийм эрх мэдэлтэй байгууллага байгуулах аюул тэнд байна. Засгийн газар нь тэр байгууллагын хажууд хэн ч биш, аягүй бол УИХ нь ч хэн ч биш, бүүр сүүлдээ шүүх нь тэрний хажууд хэн ч биш болж магадгүй. Ингээд харахад супер эрх мэдэлтэй дахиад нэг институц үүсэх гэж байна. Үндсэн хуулийн улс төрийн байгуулалтын суурийг эвдэх хэмжээний санаачилга гарч байгаа нь эрх мэдэл хуваарилалтын алдаагаа засаж сайжруулах бус Үндсэн хуулийн сууриа өөрчлөх хэмжээнд хүрч байна гэсэн үг. Тайваньд байдаг загвар л гэж байна. Тэгж байгаа бол уучлаарай. Хятад маягийн Зүүн өмнөд Азийн, хүний үнэ цэнийн тухай ойлголт байхгүй сүргийн сэтгэлгээтэй күнзийн маягийн соёлын элементийг авчирч тавих гэж байгаа бол ул суурьтай өөрөөр ярилцах ёстой сэдэв. Яг ийм концепцын эсрэг зогсохоос өөр арга байхгүй.

-Өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг баталлаа. Энэ бол хуулийн салбарт таны эхлүүлсэн шинэчлэлийн үргэлжлэл гэж бодож байна. Гэхдээ танд баяр хүргэх, үгүйгээ мэдэхгүй байна. Батлагдсан хуульд хэр сэтгэл хангалуун байна вэ. Таны бодож, санаж явсан үндсэн зарчмууд туссан юм болов уу?
-Хуулийн тогтолцооныхоо хувьд гол зарчим нь явж байгаа учраас таатай байна. Аль нам гэхээсээ хууль зүйн салбарын хөгжил дэвшлийн асуудал. Харин нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр зарим талаараа хурц шүүмжлэхээс аргагүй нэг хоёр алдаа гарлаа. Тэрийг нь хэлэхээс өөр аргагүй.

-Тухайлбал?
-Анх Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн гол концепц нь зөрчлийг зөрчлөөр нь, гэмт хэргийг гэмт хэргээр нь салгаж бичих үзэл баримтлалд суурилсан. Эрүүгийн хуулийн нэрийг бүр Гэмт хэргийн хууль гэж нэрлэж байсан. Гэвч хэрэглэж дадсан нэр томъёогоо нэхээд шүүмжлээд байсан учир хуучин нэрээр нь Эрүүгийн хууль гэсэн. Гэтэл энэхүү тодорхой зааглаж, салгасан хуулиудыг хольж хутган жижиг хулгай, танхай гэх мэт гэмт хэргүүдийг Зөрчлийн хууль руу оруулчихаар эхний зарчим алдагдаад жижиг Эрүүгийн хууль болчихлоо. Зөрчлийн хуулийн эхний үзэл санаа зөвхөн торгох шийтгэлтэй эдийн засгийн хөшүүргээр зөрчил гаргагчид нөлөөлөх зорилготой байсан. Гэтэл баривчлах шийтгэлийг оруулаад ирэхээр эдийн засгийн хөшүүргээсээ өргөжөөд эрүүжээд эхэллээ. Одоо Эрүүгийн хуульд торгох ч байна, хорих ч байна. Зөрчлийн хуульд ч мөн адил. Эдийн засгийн агуулгатай биш хүний эрх чөлөө рүү халддаг систем болоод хувирахаар үндсэндээ жижиг гэмт хэргийн хууль боллоо гэсэн үг.

Зарим нэг УИХ-ын гишүүдийн цочоод байгаа шиг Зөрчлийн хууль цочирдоод байх шинэ зүйл биш. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа 230 хуулийн ард байгаа хариуцлагыг нэгтгээд төрөлжсөн хууль болгоод л тавьчихсан. 2015 онд энэ хуулийг батлахдаа тэр хуулиудын ард байгаа текст болон хариуцлагыг тэр чигээр нь байгаагаар нь авчирч тавьсан. 230 хуулийн ард байсан болохоор хүн болгон уншдаггүй, мэддэггүй, ямар хариуцлага байгааг анзаардаггүй байсан. Жирийн иргэд байтугай 26 жил хууль тогтоосон хүмүүс нь ч мэддэггүй л байсан. Тэгээд ил болгоод ирэхээр “Пээ” ямар болхи юм, яасан хатуу юм, ямар утга учиргүй юм гээд уулга алдах жишээтэй. Гэтэл 26 жил УИХ-д суучихаад, өөрсдөө ийм хууль баталчихаад түүнийг нь ил болгож тавихаар гэнэт харж байгаа юм шиг цочирдоно гэдэг бол эмгэнэл. Юу баталж байсан хүмүүс вэ. Хүнийг ямар үйлдэл хийвэл шийтгэх вэ гэдэг нь шударга ёсны асуудал. Үүнийг Хууль зүйн яам өөрөө хянаж нэг цонхны бодлогоор харж байх ёстой. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд Хууль зүйн яам тэгж чадаагүй. Учир нь, хариуцлага хүлээлгэж байсан 230 хуулийг салбар болгоны яам, УИХ-ын гишүүд нь өөр өөрийнхөөрөө биччихдэг. Тэр бүгдийг нь Хууль зүйн яам нь бүрэн дүүрэн самнаж, хянаж чаддаггүй. Хууль зүйн байнгын хороогоор ч оролгүй батлагдчихдаг. Ийм байдлаар 26 жил явчихсан болохоор хариуцлагын тогтолцоо эмх цэгцгүй, уялдаа холбоогүй явж ирсэн. Түүнийг нь ил болгоод нэг хууль руу оруулаад ирэхээр гэнэт цочирдоод энэ чинь юу болж байна гээд эхэлсэн дээ. Энэ бол эхний алхам. Одоо бол иргэд анхаарч байна. Зөрчлийн хууль ярингуут яахаараа сэтгүүлчдийг торгох гээд байгаа юм. Банк яахаараа ийм байгаа юм гэх зэргээр анзаарч эхэлж байна.

Эрүүгийн хуульд гэхэд 9 зүйл бүхий нэмэлт өөрчлөлтийн хуулиар түүний 30 орчим хувь руу өөрчлөлт орууллаа. Түүн дотор авах ч юм байна, гээх ч юм байна. Бүр болохгүй шүү гэж эсэргүүцэм зүйл ч байна. Ер нь бол өмнөх Эрүүгийн хуулийн суурь харьцангуй хамгаалагдаад гарчихлаа. Гэхдээ хэд хэдэн алдаа гарлаа. Хамгийн аюултай гурван том ухралт байна. Нэгдүгээрт, 2015 оны баталсан хуулиар хуулийн этгээдэд эрүүгийн ял хэрэглэх зохицуулалт орж ирсэн. Анх хэлэлцэх явцад маш их эсэргүүцэлтэй тулсан. Яахаараа хуулийн этгээдийг шийтгэх гээд байгаа юм гэж. Хуулийн этгээдийг шийтгэх гэж байгаа гол шалтгаан нь түүний ашиг сонирхлын өмнөөс хийсэн гэмт хэрэгт өөрөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Харин захирал, нябо зэрэг өөр хувь хүн хүлээдэг. Тиймээс хуулийн этгээдтэй холбоотой хэрэгт заавал захирал, нябог хорьж шалгаад хэрэггүй. Тодорхой байгаа бол хуулийн этгээдтэй нь асуудал ярья гэсэн. Хоёрдугаарт, олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүрэг байна. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон түүнтэй холбоотой үйлдлийг гэмт хэрэг гэж тооцохоос гадна хувь хүн, хуулийн этгээд хийснээс үл хамааран хариуцлага тооцно гэдгээ хэлчихсэн болохоор террор үйлдэх болон бэлтгэх, мөнгө угаах зарим гэмт хэрэгт төр хуулийн этгээдэд хариуцлага тооцохоос өөр аргагүй байна гэж Эрүүгийн хуульд орж ирсэн. Ингээд ороод ирсний дараа хуулийн этгээдэд хариуцлага тооцохоор бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хүндрэх юм биш үү гэсэн шүүмжлэл гарсан. Тиймээс хуулийн этгээдийг татан буулгах асуудлыг хоёрхон гэмт хэрэгт ял байдлаар оруулсан. Уг нь гурав байсан юм. Тэр нь террор бэлтгэх, террор үйлдэх, байгалийн тэнцэл алдагдуулах. Эндээс байгалийн тэнцэл алдагдуулахыг нь хассан. Дээр нь хуулийн этгээдийн тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял байгаа. Ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь цуцлаад зогсооно гэсэн үг. Эрх хасаж, хязгаарлах гэдэг бол нөлөөллийн маш том хэрэгсэл мөн. Гэхдээ зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нөхцөлд хасдаг байя гэсэн. Ийм байдлаар хуулийн этгээд рүү аль болох довтлохгүй байхаар баталж өгсөн. Сая шинэ Засгийн газраас шинэчилж УИХ-д өргөн барихдаа бидний бодож төлөвлөснөөр хуулийн этгээдэд ял л байя, албадлагын арга хэмжээ байж болохгүй гэснийг нь албадлагын арга хэмжээ байж болно. Тэр нь эрх хасах, татан буулгаж болно гээд биччихсэн.

-Тэр нь ямар нэгэн хязгаар байхгүй гэсэн үг үү?
-Татан буулгахдаа хязгаар тогтоох гэж үзсэн юм шиг байна лээ. Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар гэж. Гэхдээ тэрэнтэйгээ зөрчилдөхүйц зүйл заалт оруулсан нь шүүх ялын бодлогод хангагдаагүй гэж үзсэн бол өгсөн ял дээрээ нэмээд албадлагын арга хэмжээг хуулийн этгээдэд хэрэглэж болно гээд заачихаж байгаа юм. Зөрчилдсөн хоёр текст гэсэн үг. Одоо ямар асуудал үүссэн гэхээр шүүгчийн үзэмж дотор хуулийн этгээд ямар нэгэн асуудлаар гэмт хэрэгт шалгагдаад торгуулсан бол араас нь үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасах албадлагын арга хэмжээ авах нь 100 хувь нээлттэй болчихлоо. Манай хуулийн байгууллагуудын хандлага ямар байгаа билээ гээд харахаар баар, ресторан, зочид буудлаас эхлээд хаагаад эхэлнэ. Та нар татварын асуудалтай байна гээд л. Уул уурхайн томоохон компаниудад ч ийм хандлага ирж магадгүй. Энэ бол бизнесийн орчин, аж ахуйн нэгж рүү маш том цонх нээгээд төр ороод эхэлж байна. Энэ бол хамгийн том ухралт.

Мөн эрүүгийн хариуцлага гэдэг ойлголтыг буцаагаад оруулж ирж байна. Гоё сонсогдож байж магадгүй. Гэхдээ энэ бол аюултай нэр томъёо. Уг нь бид хассан байсан юм. Яагаад гэхээр Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага гэсэн ойлголт бий. Энэ ойлголтод ял, албадлагын арга хэмжээ гэсэн хоёр ойлголтыг багтаачихаж. Хүн шалгагдаад ял авахгүй, гэхдээ албадлагын арга хэмжээ авахуулчихаар эрүүгийн хариуцлага хүлээсэн болгочихож байгаа юм.

-Шүүгчийн үзэмжээр аж ахуйн нэгжүүдэд албадлагын арга хэмжээ авна гэж та түрүүн хэлсэн. Тэгэхээр шууд Ерөнхийлөгчтэй холбогдож байна л даа. Шүүгч бол Ерөнхийлөгчөөс хараат явдаг ярьдаг шүү дээ. Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэлээд өндөрсөх юм биш үү?
-Ерөнхийлөгч шүүн таслах үйл ажиллагаанд нөлөөлж болохгүй л дээ. Гэхдээ олон нийтийн харж байгаа ойлголтоор нөлөөлж байна гэдэг болсон. Хамгийн аймшигтай нь шүүгчид аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хаах эрх өгөхөөр нөгөө хийсвэр эх орончид эрх мэдэл, хуулийн байгууллагын толгойд гараад ирэх юм бол Монголд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг бүх компани эрхээ хасуулах байх. Эсвэл хэт “шударга”, популист маягийн нөхөр яваад ирэх юм бол архидалттай тэмцэж байна гээд баар, рестораныг бүгдийг нь хаах байх. Цаашаа их дургүйгээ хүргэвэл улс төрийн намыг ч хааж мэднэ. Хуулийн этгээд л юм чинь таалагдахгүй байгаа улс төрийн намаа тас цохих боломжтой гэсэн үг.

-Нэг аж ахуйн нэгжийг хаасны дараа хүмүүс л мэдэх байх л даа. Тэр талаас нь ерөөсөө харахгүй байна?
-Хуулийн бөөс түүж, үзэл санааных нь хувьд хэрэгжих боломжийг нь үр дагавраар нь хардаг хүн тэнд ховор байх шиг байна. Зүгээр сэтгэл хөөрлөөр АН, Тэмүүжингийн баталсан хуулийг өөрчилж байвал мундаг гэж саваад байгаа болохоос өөрсдөө яг юу хийгээд байгаа юм. Ярьж байгаа үг, хэрэглэж байгаа нэр томъёоныхоо утгийг бүрэн гүйцэт тайлж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Нэг л олон үг ярьж байгаа болохоос хэлж байгаа үг нь ямар утгатай, хууль зүйн утга нь ямар учиртайг мэдэхгүй л сууж байна.

-Эрүүгийн хуулийг батлуулна гэдэг бол Хууль зүйн яамны үндсэн ажил. Та “Манай хууль зүйн салбар урагшаа гурав алхаад арагшаа нэг алхаж байна. Гэхдээ яах вэ, урагшилж л байна” гэж жиргэсэн байсан. Хоёр алхам урагшилна гэдэг нь харин ч гайгүй юм биш үү?
-Урагшаа гурав алхсан алхам чинь 2015 онд хийгдчихсэн юм аа. Ер нь ямар ч зөрчил бэрхшээл эсэргүүцэлгүй урагшаагаа явдаг шинэчлэл гэж байхгүй. Ямар нэгэн байдлаар урагшилж хойшилж явна. Урт хугацаандаа зугуйхнаар урагшаа явж л байвал сайн. Тэр утгаараа Эрүү, Зөрчлийн хуулийг нэмэлт, өөрчлөлтийн байдлаар хийлээ. Энэ бол дэвшил. Үүнийг би үгүйсгэхгүй. Харин алдаа байгаа учраас түүнийгээ засахгүй бол хуулийн хэрэгжилтэд хүндрэл учирна гэдгийг хэлж байна. Одоо хамгийн хэл амтай процессийн хуулиуд орж ирж байна. Энэ хуульд харин урагшаа гурав хойшоо нэг байна уу эсвэл урагшаа нэг хойшоо гурав байна уу гэдэг эргэлзээтэй асуудал.

С.Ононтуул
"Үндэсний шуудан" сонин

Сэтгэгдэл