2017/07/27 Улаанбаатар 13º
2017 оны 05 сарын 18

Японы эзэн хаан Акихитогийн зээ, гүнж Мако хайртай хүнтэйгээ гэрлэхээр шийджээ. Мако бол Акихито хааны анхны зээ охин, ханхүү Акисиногийн том охин. Гэхдээ 25 настай Мако сонгосон залуутайгаа гэрлэхийн тулд хаан ширээнээс татгалзаж, бүх хэргэм цолоо хураалгах хэрэгтэй болжээ. Яагаад гэвэл, Японы уламжлалаар хэрэв хааны гэр бүлийн хүн эгэл ардтай гэрлэвэл хаан ширээнд суух эрхээ алддаг аж. 

Гүнжийн сонгосон эрийг Кэй Комуро гэдэг, жуулчны компаний ажилтан бөгөөд ядуувтар гэр бүлээс гаралтай. Тэд 5 жилийн өмнө Токио хотын “Shibuya” зоогийн газарт гадаадад сурдаг оюутнуудад зориулсан үдэшлэг дээр танилцсан гэж зарим сонин хэвлэлд бичсэн байна. Харин өөр нэг эх сурвалж тэднийг Олон улсын христийн их сургуульд цуг сурч байхдаа  танилцсан гэжээ. Ямартай ч тэд хоёулаа их сургууль төгссөн, насаар чацуу. Сонирхуулахад, Японы хааны гэр бүлээс Мако гүнж ба түүний дүү нар анх удаа гадаадад дээд сургууль төгссөн ажээ. 

Комуро гэдэг энэ залуу Мако гүнжтэй танилцаад 1 жилийн дараа гэрлэх санал тавьжээ. Тэд одоо сүй тавих гэж байгаагаа мэдээллээ. Сүй тавих тухай 6-р сард зарлахаар төлөвлөсөн ч сэтгүүлчид ийнхүү өмнө нь мэдээллийг задалсанд хааны ордны захиргааны тэргүүн Синъитиро Ямамото харамсч байгаагаа мэдэгдэв.

Комуро одоо Иокогама хотод ээж, өвөөтэйгээ цуг амьдардаг аж. “ТАСС”-ын мэдээлснээр Комуро одоо нэр хүндтэй Хитоцубаси их сургуулийн аспирантурт сурч байгаа ба үүний зэрэгцээ . Токио хотын төвд орших хуулийн фирмд ажилладаг гэнэ. Комуро оюутан байхдаа франц хоолны газарт зөөгч, сав угаагч, кассчнаар ажиллаж байжээ. 

Нэг ч хаан, хааны гэр бүл хайр сэтгэлээр гэрлэдэггүй гэдэг хэлц үг ийнхүү орчин үед мартагдах бололтой. Японы эзэн хааны гэр бүл тэдэнд саад хийсэнгүй, харин ч гүнжийн сонголтыг сайшаажээ. Ирэх жил тэд хуримаа хиймэгц Мако гүнж энгийн иргэн болж хувиран хааны гэр бүлийг албан ёсоор үүрд орхино. 

Мако гүнжийн эцэг ханхүү Акисино бол Японы хаан ширээ залгамжлах 2 дахь хүн, өмнө нь хунтайж Нарухито жагсдаг. Ханхүү Акисино 3 хүүхэдтэй (гүнж Макогоос гадна гүнж Како, ханхүү  Хисахито).

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • ambrious IP: 58.123.139.239 2017 оны 05 сарын 20

    mongo tgrog nehuuleed araaraa taviulaad ehleheeree haramsana daa 1 er hun az jargal ogdoggui gedgiig
Сэтгэгдэл