2017/07/27 Улаанбаатар 13º
2017 оны 05 сарын 19

Угсаа залгамжилсан хаан давхар ажил хийнэ гэж байж болох уу? Албатуудаа удирдан жолоодох үндсэн ажил үүргийнхээ хажуугаар хөлсөө урсган хөдөлмөрлөж мөнгө олдог хаан байдаг тухай “De Telegraaf” мэдээллээ.

Нидерландын хаан Виллем-Александрын давхар орлогын эх үүсвэр нь нислэг, мэдээж энэ бол түүний хобби. Өнгөрсөн 4 сард 50 нас хүрсэн Виллем-Александр сүүлийн 21 жилийн турш зорчигч тээврийн онгоцны нисгэгчээр ажиллаж байна. Хаанаар өргөмжлөгдөн ширээнд заларсны дараа ч гэсэн сард 2 удаа нууцаар нислэг үйлддэг тухайгаа тэр ярилаа. Хаан одоо KLM-н охин компани “KLM Cityhopper”-ий туслах нисгэгчээр ажилладаг ба түүний энэ онгоцоор ажил хэрэгч хүмүүс, бизнесмэнүүд Их Британи, Герман, Норвег зэрэг Европын орон руу зорчдог аж. 

Виллем-Александр хаан “Би цаашид ч ниссээр байх болно, 2017 оны зун илүү том Boeing 737s онгоцыг жолоодохоор дадлага хийж байгаа. Хэрэв би хааны ордонд төрөөгүй бол Boeing 747 шиг том онгоцны нисгэгчээр ажиллах байсан. Би өөрийн нэрийг хэлдэггүй, гэхдээ зарлал хийх үед миний дууг зарим нь таньдаг байх” хэмээжээ. 

Эзэн хаан бөгөөд Европын эртний сурвалжит гэр бүлээс гаралтай баян эр яг л эгэл хүмүүс шиг цаг наранд хавчигдан ажиллаж байна гээд төсөөл дөө. Гэтэл манай 76 тэргүүтэй элитүүд ерөөсөө ард түмнээс сонгогдоогүй юм шиг, Тэнгэрийн амьтан мэт авирладаг даа. Тэр бүү хэл үндсэн ажил болох хурал чуулгандаа ч суудаггүй, үүрд мөнх энэ суудалдаа хадагдсан мэт байхын? Амьдралын утга учир мөнгө, эд баялаг, эрх мэдэл биш гэдгийг ойлгосон ийм хаантай Нидерланд азтай улс юм гээч. Амин хувийн эрх ашгийг бодох бус харин ард түмнийхээ, улс орныхоо эрх ашгийн төлөө зүтгэх цаг ирлээ гэдгийг манай элитүүд ухаараасай!

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл