2017/06/22 Улаанбаатар 24º
2017 оны 05 сарын 19

Татаар гаралтай 4-хөн настай Арслан Сибгатуллин “Ариун дайн” дууг хэрхэн дуулсныг хүлээн авна уу. Түүний клип интернэтэд хит болж, хэдхэн өдөрт хэдэн сая хүн үзжээ. Арслан “Энэ дууг сурч байхад ээж маань надад “Бүх улс орон даяар босч зогстол нь дуугаа дуулах хэрэгтэй” гэж зөвлөсөн” хэмээн ярилаа. Арслан хүүгийн энэ бичлэгийг алдартай одод, бүр Татарстаны Ерөнхийлөгч Рустам Минниханов хүртэл өөрийн хуудсанд нийтэлжээ.

Ялалтын баяр оросуудын хувьд үнэхээр ариун гэгээн зүйл, Дэлхийн II дайн тэдний хувьд газар шороогоо хамгаалан фашистуудын эсрэг боссон ариун дайн билээ. Энд онцлон тэмдэглэхэд, саяхан болсон Ялалтын баярын үеэр оросууд Дэлхийн II дайны үеэр амссан гарз хохирлын талаар аймшигтай тоо баримт шинээр цацсан. 26 сая биш 42 сая хүнээ тэд аймшигт дайнд алджээ. Энд тодруулахад, зөвхөн Орос биш харин Зөвлөлт Холбоот Улсын амссан гарз хохирол. Яг ч 42 сая биш, нарийвчилбал 41 сая 979 мянга юм байна. 

Оросын блогч Даниил Гранин “Хамгийн анх энэ тоо 7 сая хүн байсан, дараа нь 15 сая, 22 сая, 27 сая, 30 сая… Одоо бүр 42 сая хүрлээ. Гэхдээ энэ эцсийн тоо баримт мөн үү? ...Ард түмнийхээ, үндэстнийхээ хамгийн шилдэг хэсгийг бид алдсан... Чухам тэд л давшилтад орж, ар талд ажиллаж хөдөлмөрлөн партизан болж байлаа... Улаан арми хүчтэй, ямар ч үнээр хамаагүй ялах ёстой гэдгийн үнэ цэнэ энэ… Аймшигт гарз хохирол” хэмээн бичжээ. 

Орос, Зөвлөлтийн удирдагчид яагаад ч юм амссан гарз хохирлынхоо үнэн тоог анхнаасаа нууцалж байжээ. Сталины үед нэг тоо хэлсэн бол Хрущев, Брежнев, Ельцин, Путин гээд бүгд өөр өөрийг нэрлэсэн, аажим аажмаар ихэсгэсээр л. Гэхдээ энэ 42 саяд дайнд эрэмдэг, тахир дутуу болж хожим нас барсан хүмүүсийг оруулаагүй. Тэр тусмаа уй гашууд автсан бэлэвсэн эхнэрүүд, өнчин өрөөсөн хүүхдүүдийг ч тооцоогүй гэнэ. Даниил Гранин “Сталин нэг ч удаа амь үрэгдэгсдийн хойноос тост өргөөгүй, гэхдээ тэр анхнаасаа л 7 сая хүн амиа алдаагүй гэдгийг мэдэж байсан. Ялалтын баярын хүлээн авалтан дээр агуу Оросын ард түмний төлөө Сталин хундага өргөсөн, Зөвлөлтийн биш Оросын гэдгийг анхаараарай...” хэмээжээ. 

Одоо, Арслан хүүгийнхээ тухай ярианд эргэж оръё. Ийм багаас нь эх оронч үзлээр хүмүүжүүлбэл үнэхээр “Хэн ч хэзээ ч мартагдахгүй”. Хүүгийн аав Динар Сибгатуллин “Нэфис Косметикс” компаний нэгэн цехийн даргаар ажилладаг, ээжийг нь Гузель Минакова-Сибгатуллина гэдэг, театрын жүжигчин. Тэд Оросын Казань хотод амьдардаг ажээ. “Миний хүү бүр 2 настайгаасаа хөгжим, дуу сонирхож эхэлсэн. 1,5 настайдаа таалагдсан хөгжмийнхөө аянд бүждэг байлаа. Ээж нь Пушкины шүлгүүдийг уншиж өгөхөд дор нь цээжилдэг. 3 настайдаа Улаан талбайд шүлэг уншиж “од” болсон доо. Одоо ээжтэйгээ хамт бүр Гамлетыг сурсан” хэмээн Динар Сибгатуллин ярилаа. Харин “Ариун дайн” клипийн тухайд 5 сарын 9-ний Ялалтын баярт зориулж ээж нь хүүтэйгээ цуг бэлджээ.

Мэдээж, Динар ба Гузелийн өвөө нар бүгд дайнд мордсон ахмад дайчид. “Орос төдийгүй гадаадад ч манай видеог үзэж байна. Англи, Америк, Франц гээд л. Дагестаны нэг залуу бүр Арслан хүүд маань зориулан шүлэг бичсэнээ илгээсэн. Миний хүү олон шагнал хүртлээ, мөн Максим Галкины болон Андрей Малаховын нэвтрүүлэгт урилгаар оролцлоо. Гэхдээ миний хүүд хэзээ ч “одын өвчин” тусахгүй. Биднийг хатуу чанд өсгөсөн, бид ч хүүгээ нэг их эрхлүүлдэггүй. Тэгээд ч хүүгээ өөрөө хүсэхгүй л бол урлагт оруулахгүй, анагаахын эсвэл эдийн засгийн боловсрол эзэмшээсэй гэж хүсдэг” хэмээн хүүгийн эцэг Динар Сибгатуллин өгүүлэв.

Арслан хүү харин ярилцлага өгөхдөө “Би Путин болохыг хүсдэг. Тэр энх тайвныг яаж хамгаалдагийг мэдэх үү? Тэр цэргүүдээрээ энх тайвныг хамгаалдаг. Путин утастахад цэргүүд түүний үгийг дагадаг, тэгээд шууд дайнд морддог” хэмээн ярилаа. Дараа нь тэр “Энэ дууны бадаг хооронд “Дайны бүх хүүхдийн өмнөөс би гуйж байна” гэдэг шүлгийн мөр уншихдаа уйлах шахсан” хэмээн өгүүлэв. Жаал хүү “Би Ялалтын баярт их дуртай, энэ дууг өвөө нартаа зориулан дуулсан” гэж ярилаа. Түүний хоёр өвөө хоёулаа Японы эсрэг дайтаж явсан, иймээс энэ гэр бүлийн хувьд 5 сарын 9-ний өдөр бол хамгийн гол, чухал баяр ажээ. 

Зургийн тайлбар:
- Арслан хүү
- Арслан хүү ээжтэйгээ цуг
- Арслан хүү "Ариун дайн" дууг дуулж байна.
- Хамгийн доод талын энэ зургийг 15 мянга гаруй ахмад дайчны хөргөөр бүтээжээ (Оросын Доод Новгород).

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл