2017/06/22 Улаанбаатар 24º
2017 оны 05 сарын 19

Монгол Улсын Үндсэн хуулийн 14-ийн 2-т "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" хэмээн заасан байдаг.

Тэгвэл төрийн сайд Үндсэн хуулиа зөрчиж, иргэдээ ялгаварлан гадуурхчихаад үүнийгээ мундаг ажил хийсэн мэтээр ярьж суухыг бид харлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр мэдээлэл хийж, "Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний хүрээнд Хаан банк, Төрийн банктай хамтран зээлийн хүүг бууруулах, шимтгэлийг тэглэх боломжтой болсон. Нийт 91373 эмч, багш ажилтан цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй буюу гурван хувиар бага авах нөхцөл бүрдлээ" гэж мэдээлэв. Энэхүү мэдээллийг эмч, багш нар алга ташин хүлээн авч буй нь лавтай.

Гэвч бусад салбарт ажиллагсдын хувьд ялгаварлан гадуурхагдаж үлдлээ. Монголд цалингийн болон бусад зээлийн хүүнд дарлуулж, өрнөөс өрний хооронд хүндхэн амьдарч яваа хүмүүс зөвхөн эмч, багш нараар хязгаарлагдахгүй гэдгийг дундаж болон түүнээс доош давхаргынхан бүгд мэднэ. Харин албан тасалгааныхаа цонхоор л амьдралыг дүгнэдэг эрхэм сайдад эмч, багш нарын цалингийн зэээлийн хүүг бага зэрэг бууруулчихвал их зүйл хийсэн мэт харагдах нь гэсэн бодол төрсөн байж мэдэх. Басхүү энэ шийдвэрээрээ Үндсэн хууль зөрчиж, иргэдээ эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж буйгаа ухаарахгүй, төрийн өндөр сэнтийд заларч, ямбыг нь эдэлж суугаа гэхэд дэндүү бачимдмаар.

"Зээлийн хүү буурлаа" хэмээх банкны рекламанд төрийн сайд өөрийн биеэр тоглов

"Зээлийн  хүү буурлаа" гэх банкны реклам болон бараа бүтээгдэхүүн хямдарлаа, урамшуулал зарлалаа хэмээх дэлгүүр худалдааны төвүүдийн рекламаас бид нэг л зүйлийг олж хардаг. Реклам нь үнэхээр их буурчихсан, хямдарчихсан, үйлдлүүлэгчийнхээ талд мэт харагдавч газар дээрээ бяцхан молиго өмхүүлэх нь бий. 

Тэгвэл Н.Номтойбаяр сайд өнөөдөр яг ийм рекламны гол дүрд тоглов.

Багш, эмч нарын цалингийн зээлийн хүү буурлаа гэх боловч үнэндээ ийм байдалтай байна. Одоогоор иргэд цалингийн зээлийг жилийн 21-23 хувийн хүүтэй авдаг. Харин Номтой сайдын бууруулсан хувь гурав. Бүр тодруулбал багш эмч нар 18-20 хувийн хүүтэй зээл авна. Үүний зэрэгцээ зээл хүсэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг таван жилээс доошгүй, сүүлийн арванхоёр сард тасралтгүй төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавигдана. Тэгэхээр нийгмийн даатгалаа 5 жил төлөөгүй залуу боловсон хүчнүүдэд сайдын энэ "супер ажил" шууд л "үгүй" гэж хэлж байна. Сүүлийн нэг жил нийгмийн даатгалаа тасралтгүй төлж чадаагүй бол хичнээн ч жил ажилласан бай хамаагүй бас "хохь чинь" гэж хэлнэ.

Бас нэг зүйл нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын энэ чухал шийдвэрт "зээлийн дүн нь зургаан сарын цалингаас хэтрэхгүй байх" гэжээ. Тэгэхээр бяцхан тоо бодож үзье. Жишээ нь 500 мянган төгрөгийн цалинтай багш 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 3 сая төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай авахад банкны одоогийн хүү буюу жилийн 21 хувийн хүүгээр бодоход сард 531 мянга 545 төгрөг төлнө.

Харин Н.Номтойбаяр сайдын бууруулсан хүү буюу 18 хувиар бодоход сарын төлбөр 527 мянга 049 төгрөг. Үндсэндээ зээлийн төлөлтөөс 3000 гаруй төгрөг л хасагдаж байгаа нь "сайдын буян". Дээрээс нь дээр дурдсан шаардлагыг хангаагүй болон 6 сарын цалингаас илүү хэмжээтэй зээл авахыг хүссэн иргэдийн хувьд "сайдын буян"-г эдлэх хувь дутаж, арилжааны банкны зээлийн хүүгээр тооцогдоно.

МАК-ийн өв залгамжлагч, улс төр дэх нялх Сэнгүмүүдийн нэг гэгддэг Н.Номтойбаярын хийсэн нэг чухал ажил нь иймэрхүү. УИХ-ын гишүүнээр дөрвөн жил суухдаа хийсэн дорвитой зүйлгүй, элдэв зодоон нүдээн хэрэг төвөгт орооцолдож, хүүхэн шуухны асуудлаараа чих халууцуулж явсан ч мөнгө, эрх мэдлийнхээ хүчээр сайдын сэнтий хүртэл дээшилсэн Н.Номтойбаярын цаашид хийх ажил нь "Амьдралд ойр байгаасай" гэж л залбиръя.

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Свчимэн IP: 103.229.120.204 2017 оны 05 сарын 19

    Номтой гэж хийхээсээ шоудах нь их хүн дээ
Сэтгэгдэл