2017/09/25 Улаанбаатар
2017 оны 06 сарын 07

Улаанбаатар хотын Налайх дүүргийн иргэд болон орон нутгийн удирдлагаас тус дүүрэгт нүүрс олборлож буй далд малталтууд суурьшлын бүсийн доогуур нэвтрэх болсноос иргэдийн байшин цуурах, суулт өгөх болсон тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газарт мэдээлэл ирсний дагуу ажиллаж эхлээд байна.


Нүүрс олборлож буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн талбай дээр очиж ажиллах үед дээрхи нөхцөл байдал үүсээд байсан төдийгүй Налайхын төмөр замд хүртэл суулт өгч нөлөөлж эхэлсэн байсан хэмээн Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.


Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нүүрс олборлож буй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлт, холбогдох хуульд заасан бичиг баримтын бүрдүүлэлт, орд ашиглах ТЭЗҮ, БОНБҮнэлгээ болон жил бүрийн уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, далд уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн хэрэгжилтийн байдлыг судалж үзэхэд 2017 оны байдлаар Ашиглалтын 31 тусгай зөвшөөрөлийг эзэмшигч аж ахуйн нэгжүүдээс Нөөцийн тайлан боловсруулан ТЭЗҮ хийлгэж баталгаажуулсан хоёр, 2016 оны уулын ажлын төлөвлөгөө батлуулан ажилласан нэг, 2017 онд уулын ажлын төлөвлөгөө батлуулахаар материал ирүүлсэн аж ахуйн нэгж байхгүй байна.


Түүнээс гадна Налайх дүүрэгт гар аргаар нүүрс олборлогчид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй түгээмэл зөрчил байгаагаас 1992-2017 оны хооронд Налайхын нүүрсний ордын далд малталтын амуудад хүчил төрөгчийн дутагдалд орох, нурангинд дарагдах байдлаар 735 хүн осолд өртөж, 234 хүн нас барсан байна.
Эдгээр зөрчлүүдийг арилгах тухай холбогдох төрийн байгууллагууд өнгөрсөн онуудад олон удаагийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Хамгийн сүүлд 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн УМХЕГ-ын байцаагчдын хамтарсан дүгнэлтээр зөрчил бүхий аж ахуйн нэгжүүдийн аж ахуйн үйл ажиллагааны эрхийг түдгэлзүүлэн хууль бусаар нүүрс олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зосгоох тухай мэдэгдэж байсан.


Гэтэл өнөөдрийг хүртэл дээрхи зөрчлүүдээ арилгаагүйн дээр улсын байцаагчийн тавьсан актыг зөрчиж ажилласаар байгаа аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлэх, цаашлаад цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болоод байна.


Эхний ээлжинд эдгээр зөрчил бүхий “Жиншентан” ХХК-ийн MV-010423 дугаартай, “Орд трейд” ХХК-ийн MV-002645 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар шийдвэрлэлээ хэмээн Ашигт малтмал, газрын тосны газраас хэвлэлийн хурал хийхдээ мэдээллээ.

 

mnews.mn

Сэтгэгдэл