2017/10/20 Улаанбаатар
2017 оны 06 сарын 12

Энэ оны тавдугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар “Бриллиант” шөнийн клубын орчмоос “41..” улсын дугаартай цагаан өнгийн автомашинаас хар тамхи хэрэглэсэн нэгэн этгээдийг баривчилсан байна. Хэргийн газрын үзлэгээр, сэжигтнээс 0,5 грамм айс буюу метафетамин илэрч, унаж явсан автомашин дотроос нь цагдаагийн албаны жагсаал хувцас гарч иржээ.


Сэжигтнийг шалгахад, Хан-Уул дүүргийн замын цагдаагийн тасгийн алба хаагч Б гэгч байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, алба хаагч Б гэгч нь хар тамхины хэрэглэгч төдийгүй хар тамхи, мансууруулах бодис худалдан борлуулдаг диллер байжээ. Улмаар тэрээр хар тамхины хэрэглэгчдийг өөрийгөө цагдаа хэмээн сүрдүүлж зарим тохиолдолд хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг нь үнэгүй авч байсныг хэлж байв.


Сэжигтэн Б-г баривчлагдах үедээ хар тамхи хэрэглэсэн байсан нь шинжилгээгээр тогтоогджээ. Тэрээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Хар тамхины хэрэглэгч төдийгүй зарим талаараа энэ бодист хамааралтай болсон байсан тул өөрийгөө татаж авахаар цагдаагийн албанд орсон. Цагдаа болчихвол өөрийгөө хар тамхинаас татан гаргаж чадна гэж бодсон” хэмээсэн байна.


Цагдаагийн алба хаагч хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, худалдан борлуулсан хэрэг гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын даалгавраар энэхүү хэргийн тухай ямар нэгэн мэдээлэл гадагш задруулахгүй байх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн гэх мэдээлэл байна. Энэхүү хэргийг Улсын мөрдөн байцаах газарт үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд хар тамхины хэрэгт холбогдсон этгээдийг цагдаагийн албаны үүрэгт ажлаас нь түр чөлөөлжээ.

 

mnews.mn

Сэтгэгдэл