2017/08/19 Улаанбаатар 18º
2017 оны 06 сарын 13

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин алдарт найруулагч Оливер Стоунд ярилцлага өгсөн тухай манай сайт өмнө мэдээлсэн. Путины тухай баримтат киног зарим орон хэдийн цэнхэр дэлгэцээр цацаж олны хүртээл болгов. Ингээд Путины зарим мэдэгдлийг та бүхэнд орчуулан хүргэлээ.

- Орос улс Чечений босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж байхад Америкийн эрх баригчид санхүүгийн болон улстөрийн дэмжлэгийг террористуудад үзүүлж байсан. Тэр бүү хэл үүнийгээ огтхон нууж хаагаагүй ил тодоор явуулсан юм. АНУ-ын санхүүгийн ба шуурхай дэмжлэгийн талаарх олон баримт, материал бидэнд бий. Заримыг нь Ерөнхийлөгч Жорж Буш болон бусад албаны хүмүүст танилцуулж, Кавказад ажиллаж байсан Америкийн тусгай албаны ажилтнуудын овог нэрийг ч нэрлэсэн. Буш маш сөргөөр хүлээн авч, “Би үүний учрыг олно” гэж надад амласан.  

- Оросын дотоод улстөрийн нөхцөл байдлыг тогтворгүй болгохын тулд АНУ янз бүрийн террорист бүлэглэлүүдийг ашигласаар байгаа. Хүйтэн дайн улирч одоход бид даян дэлхийтэй, тухайлбал Европ ба Америктай ил тод, тунгалаг харилцааг тогтоож дэмжлэг хүсч байлаа. Гэтэл эсрэгээр ... Америкийн тусгайгийнхан бүр террористуудыг дэмжсэн. Би танд маш чухал юм хэлье, Америк аман дээрээ Оросыг дэмжинэ гэж ярьж терроризмын эсрэг хамтран ажиллахад бэлэн гэдэг ч бодит байдал дээр эсрэгээр тэдгээр алан хядагчдыг Оросын дотоод байдлыг хямруулахад ашиглаж байна. 

-Америк төөрөгдлийн зангад оржээ, тэд өөрсдийгөө онцгой, бүхнийг хийх эрхтэй гэж чин сэтгэлээсээ итгэж байдаг. Зөвлөлт Холбоот Улс бутран унасны дараа АНУ өөрийгөө соёл иргэншилт гэгддэг ертөнцийн манайлайлагч тэргүүн гэж мэдрээд “Одоо юу ч хийсэн болно” гэж төсөөлсөн. Энэ бол занга, яагаад гэвэл ийм нөхцөлд хүмүүс ч, улс орон ч алдаа гаргаж эхэлдэг. Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, уршиг дагаврын тухай бодох шаардлагагүй болдог. Нэг алдаан дээр нөгөө нь нэмэгдсээр, хуримтлагдсаар байдаг... Тухайлбал онцгой үндэстэн гэдэг санаа Америкт эзэнт гүрний сэтгэлгээг төрүүлж, улмаар тиймэрхүү гадаад бодлого явуулахад хүргэжээ. Иймээс улс орны удирдлагын алхам үйлдэл үнэндээ Америкийн ард түмний эрх ашигт нийцэхгүй байсан бололтой, яагаад гэвэл эцсийн бүлэгт хүндрэл бэрхшээл, саатал, асуудалд хүргэсэн... Ер нь бүхнийг хянах боломжгүй. 

- Би экс Ерөнхийлөгч Михаил Горбачевтай харьцдаг, заримдаа улстөрийн өнөөгийн байдал, үйл явдлын талаар санал бодлыг нь асуудаг. Заримдаа санал нийлдэг, заримдаа үгүй. Жишээ нь НАТО ба Крымын талаар бидний санал нийлдэг. ...Би Горбачёвыг бүр Кремльд урьдаг, тэр хэдэн жилийн өмнө миний ажлын өрөөнд зочилсон.  ...Горбачёв ба түүний тойрон хүрээлэл улс орондоо өөрчлөлт хэрэгтэйг ойлгосон, гэвч үүний төлөө юу хийх, яаж хийхийг мэдэхгүй байсан. Горбачевын гавьяа бол өөрчлөлт хэрэгтэйг мэдэрсэн явдал, энэ үнэн. Системийг өөрчлөхийг оролдсон, гэхдээ асуудал юунд байна гэхээр систем өөрөө буруу байлаа... 


Гэхдээ дорно зүг рүү тэлэхгүй гэсэн НАТО-гийн амлалтыг тухайн үед Горбачев бичгээр гаргуулж аваагүй нь ноцтой алдаа болсон. Улстөрд заавал бичиж тэмдэглэн баталгаажуулах ёстой. Бүр баталгаажуулсан зүйлсийг ч зөрчих нь бий. Тэр зүгээр л ярилцаад үүгээр бүх юм дууссан гэж шийдсэн, гэтэл тэгээгүй... 

- (Америкийн эрх баригчид ОХУ-ын эдийн засгийг устгаж, удирдлагыг сольж өөрчлөхийг хүсдэг эсэх тухай асуултад ингэж хариулав). Ийм санаархал, улстөрийн ийм хувилбар магадлалтай. Хэрэв тийм бол энэ алдаатай бодлого, яагаад гэвэл Оростой ингэж харьцах үзэл бодол огт ирээдүйгүй. Ингэж боддог хүмүүс ядаж 25-50 жилийн цаадахыг харахгүй байна, хэрэв тэд харсан бол Оросыг өөрийн вассал (зарц, албат, дагуул) болгох гэж оролдохгүй байсан...

(Оросын өмч хувьчлалын тухай асуултад) Би хувьчлалыг зогсоогоогүй, зүгээр л илүү шударга байлгахыг оролдсон. Төрийн өмч хөрөнгө үнэгүй шахам гадаад руу урсахаас сэргийлэхийн тулд би бүхнийг хийсэн юм. Зарим хүн хоромхон зуур тэрбумтан болж хувиран, стратегийн зарим салбарт төрийн хяналт алдагдаж сүйрэлд хүргэж байсан олигархын схемийг бид зогсоосон. 

Олигархиудын ихэнх нь тухайн үед шударга хуулийн дагуу ажиллахыг зөвшөөрч, харин авилгач түшмэдийн тусламжтай хөрөнгөжсөн цөөхөн хэд л татгалзсан юм. Төр засаг огтхон ч тэдний хувийн өмчид халдахгүй, бүр өмнөх хууль тогтоомжууд шударга бус байсан ч гэсэн халдахгүй гэдгээ бид тэдэнд хэлсэн. Гэхдээ хууль бол хууль. Том бизнесийн төлөөлөлтэй би чин шударгаар, нээлттэй ярилцаж “хуучны юм ул болсон” гэдгийг дуулгасан. Хууль илүү шударга байх ёстой, бизнесийнхэн өмнөхөөс илүү ихээр нийгмийн хариуцлага хүлээх ёстой гэсэн... 

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • m IP: 103.212.119.85 2017 оны 06 сарын 14

    aguu hvn sh dee
Сэтгэгдэл