2017/08/19 Улаанбаатар 18º
2017 оны 06 сарын 13

Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамжинд байрлах “Шинэ Өргөө” хотхоны оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар бид мэдээлж байсан.

Уг хорооллын барьж ашиглалтад оруулсан “Ар Ий Си” ХХК  нь захиалга авах үеийнхээ зураг төслийг өөрчилж, хүүхдийн тоглоомын талбай байгуулна хэмээн төлөвлөсөн газартаа барилга барихаар суурь тавьж эхэлсэн нь оршин суугчдыг бухимдуулаад байсан юм. Хорооллын хойд хэсэгт 1650м.кв талбайд автограж бүхий тоглоомын талбай, орон сууцны байрнуудын дунд 1300 м.кв талбайд мөн автогражтай тоглоомын талбайн урд хэсэгтээ 320 сурагчийн дунд сургууль, оффис үйлчилгээний төв, сургууль, үйлчилгээний төвийн дунд усан оргилуур бүхий  ногоон байгууламж байхаар төлөвлөн зураг төсвөө батлуулсан бөгөөд, энэ дагуу хүүхэд тоглох, хөгшид салхилах талбайтай, машинаа тавих гараажтай байна гэж тооцож, тус хорооллоос байр авсан иргэд одоо амаа барих болсон.
 
Орон сууцаа зарж борлуулангуутаа зангаа хувиргаж, хүүхдийн тоглоомын талбайн хэсгийн зураг төслийг өөрчилж барилгын суурь тавьж байгаа “Ар Ий Си” ХХК-ийнханыг оршин суугчид эсэргүүцэж, холбогдох газруудад хандсан юм.

Түүнчлэн оршин суугчдын удаа дараагийн өргөдөл гомдол, шаардлагын дагуу НХТЕТГ “Ар Ий Си” ХХК нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар тус газраас энэхүү шаардах хуудсыг өнгөрсөн тавдугаар сарын 30 өдөр “Ар Ий Си” ХХК-д хүргүүлжээ.

НХТЕТГ-аас ийнхүү шаардах хуудас хүргүүлэн, оршин суугчдын гомдлоор НМХГ-аас байцаагч ирж мэдэгдэх хуудас өгч, зөвшөөрлөө шалгуулахыг шаардсан боловч “Ар Ий Си” ХХК нь барилгын ажлаа үргэлжлүүлсээр байсан аж. Иймээс оршин суугчид НХТЕТГ, НМХГ-т дахин гомдол, шаардлага гаргасны үндсэн дээр “Ар Ий Си”ХХК нь барилгын ажлаа арга буюу зогсоосон байна.

Иргэдийн эрх ашгийг зөрчиж, хүүхдийн тоглоомын талбайг булаан барилгажуулж буй “Ар Ий Си” ХХК нь цаашид уг барилгаа үргэлжлүүлэх арга саам хайхын оронд хотхоноо анх төлөвлөсний дагуу тохижуулахыг оршин суугчид шаардсаар байна. Энэ мэтээр анхны зураг төслөө өөрчилж, оршин суугчдынхаа эрх ашгийг бодолгүй мөнгөний төлөө улайрдаг газруудад хууль журам гэж байдгийг холбогдох газрууд мэдрүүлэх хэрэгтэй байгааг энд онцлоход илүүдэхгүй биз ээ.


mnews.mn

Сэтгэгдэл