2017/06/28 Улаанбаатар 23º
2017 оны 06 сарын 15

Өчигдөр орой Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрт их хэмжээний гал гарсан.

Галын дуудлага анх Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр оройн 20.46 цагт ирсэн байна. Ингээд дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын бүх Гал түймэр унтраах, аврах анги болох 13 ангийн ээлжийн 150 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашиныг дайчлан ажиллаж, үүрээр 05.00 цагийн орчим галын тархалтыг бүрэн зогсоожээ. Галын тархалтыг зогсоохын тулд Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг дайчилсан аж.

НОБГ-ын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар энэ талаар "Барилгын дээвэр дээр нэмж, 30 см-ийн зузаантай модон хийцээр дээвэр хийн шилэн хөвөнгөөр давхар дулаалга хийсэн. Мөн дөрвийн банзаар дээвэрлээд, түүн дээрээ 3-5 давхар хар цаасаар зузаалсан нь галыг унтраахад хүндрэл учруулсан. Хар цаас унтарч өгөхгүй, хамт шатсан. Бид галын тархалтыг аль болох түргэн унтраахаар бүх хүч техник хэрэгслээ ашигласан" хэмээх мэдээллийг өгчээ.

 “Говь” үйлдвэрийн ажилчид болоод онцгойгийн зарим албан хаагчид дээврээсээ эхэлж шатсан барилга доторх бүтээгдэхүүн, материалуудыг гадагш зөөж гаргажээ. Ингэснээр галд өртсөн барилга дотор үйлдвэрлэлийн оёж, нэхэх зарим тоног төхөөрөмжүүд үлдсэн байна.

Одоогоор гал юунаас болж гарсаныг тодруулахаар ажиллаж байна гэв.

Сэтгэгдэл