2017/10/20 Улаанбаатар
2017 оны 06 сарын 16

Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс өнөөдөр баталсан нийт 54.4 сая ам.долларын санхүүжилттэй Эрчим хүчний салбарын төсөл - 2 нь цахилгаан түгээх компаниудын хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэргээр тэдгээрт тулгамдаж буй гол асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлнэ.

Төслийн хүрээнд мөн нарны эрчим хүчийг хөгжүүлнэ.

Цахилгаан түгээх сүлжээ өдгөө хуучирч, үр ашиггүй ажиллах болсноос үүдэн сүлжээний алдагдал нэмэгдэн, зарим тохиолдолд 25 хувьд хүрч байна. Бүсийн түгээх сүлжээ нь хүчин чадлынхаа дээд цэгт тултал ажиллаж байгаа бөгөөд засвар шинэчлэлт хийж, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

Төслийн санхүүжилтийг Багануур-Зүүн өмнөд бүс, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээг шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажилд зарцуулна. Эдгээр хоёр сүлжээ нь нийт 9 аймагт цахилгаан эрчим хүчийг түгээдэг байна.

Төслийн хүрээнд мөн Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс гаднах анхны томоохон хэмжээний нарны цахилгаан станцыг барин, алслагдсан хөдөө орон нутагт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. 10 МВт-ийн хүчин чадалтай уг станц нь нийт эрчим хүчнийхээ 70 хувийг импортолдог баруун бүсийг хямд, цэвэр эрчим хүчээр хангах юм.
“Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хүвийг 2030 он гэхэд 30 хувь хүртэл өсгөх зорилт тавьсан нь сайшаалтай юм. Монгол Улс нар, салхины эрчим хүчний арвин их нөөцтэй ба уг нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахын тулд сэргээгдэх эрчим хүчний илүү үр ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжиж байна,” – хэмээн Дэлхийн Банкны Эрчим хүчний салбарын ахлах мэргэжилтэн Питэр Жохансэн хэлэв.

Төслийг Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 42 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Уур амьсгалын стратегийн сангийн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хөтөлбөрийн 12.4 сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ.

Сэтгэгдэл