2017/09/23 Улаанбаатар
2017 оны 06 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгууль өчигдөр болж өнгөрлөө.

Сонгуулийн урьдчилсан дүн:

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517 мянга 478 сонгогчийн санал

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411 мянга 748 сонгогчийн санал

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409 мянга 899 сонгогчийн санал тус тус авсан байна. 

Хамгийн сүүлд буюу 09 цаг 15 минутад Завхан аймгийн Дөрвөлжин сумын нэг хэсгийн хорооны дүн ирснээр нийт 1984 хэсгийн хорооны дүн нэгтгэгдэж гарсан нь энэ.

Өчигдөр оройны байдлаар МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар саналын тоогоороо хоёрт эрэмбэлэгдэж байсан бол сүүлд ирсэн хэсгийн хороодын дүнг нэгтгэснээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 1849 саналаар илүү гарч, 2-т орж ирлээ.

Харин хамгийн олон сонгогчийн саналын авсан Х.Баттулгын хувьд М.Энхболдоос 105 мянга 730 саналын илүүтэй байна.

Дахин санал хураалт явагдах нь тодорхой боллоо

Хамгийн олон сонгогчийн санал авсан нэр дэвшигч олонхийн буюу 50+1 хувийн саналд хүрээгүй тул дахин санал хураалт явагдах нь тодорхой боллоо. Тодруулбал Сонгуулийн тухай хуулийн 105.1-т “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна”,

Сонгуулийн тухай хуулийн 105.2-т “Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна” гэж заажээ. Иймээс хуулийн дээрх заалтыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо дахин санал хураалтын тов зарлах болж байна.

Энэ удаагийн сонгуульд 1.9 сая сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байснаас 1.3 сая сонгогч саналаа өгсөн нь 66.54 хувийг хамарч буй. Гэвч 18 мянган соногч цагаан хуудсаар саналаа өгсөн нь нэр дэвшигчид сонгогчдод таалагдаагүй гэдгийг илэрхийлсэн бололтой.

mnews.mn

Сэтгэгдэл