2017/07/28 Улаанбаатар 28º
2017 оны 06 сарын 30

Зургаадугаар сарын 28-ны орой Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй салхи шуурч, аянга, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орсны улмаас Эрдэнэт - Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд /ЦДАШ/ томоохон хэмжээний гэмтэл гарсан.


Байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл аймгийн 159 сум одоогийн байдлаар цахилгаангүй болсон юм."Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед ажиллах бэлэн байдал зарлаж, шөнийн 02:00 цагт Хангайн бүсийн салбар, Хархориноос 10 хүний бүрэлдэхүүнтэй бригад, 02:30 цагт Багануур Зүүн өмнөд салбараас 7 хүний бүрэлдэхүүнтэй бригад, Улаанбаатар салбараас 13 хүний бүрэлдэхүүнтэй бригад үүрийн 05:34 цагт гарч, гэмтлийг засварлахаар шуурхай ажиллаж байна.

Шугамын гэмтлийг засварлахын зэрэгцээ Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг усны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд Тайширын усан цахилгаан станц хоёр турбины горимоор 6 МВт, Богдын голын усан цахилгаан станц 1 МВт –ын ачаалалтай ажиллаж байна.
Өчигдөр өглөөний байдлаар Завхан аймгийн төв болон сумдад эрчим хүч тасраад байсныг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, хэвийн үйл ажиллагаанд нь оруулжээ.


Шугамын гэмтлийг яаралтай засварлах, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холбохоор Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт, гэмтэл гарсан газар нь дээр ажиллаж буй юм байна.

 

mnews.mn

Сэтгэгдэл