2017/11/18 Улаанбаатар -21º
2017 оны 06 сарын 30

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах урьдач нөхцлийг хангахын тулд долоон төрлийн татвар нэмсэн билээ. Сангийн яамны зүгээс “ОУВС ингэж шаардсан” гэх тайлбар хийсээр долоон төрлийн татварыг нэмүүлсэн ч тус сангаас “Зардлаа тана” гэсэн ерөнхий шаардлага тавьсан байдаг.
Долоон төрлийн татвар өнгөрсөн 5 дугаар сарын 1, ирэх 7 дугаар сарын 1, 10 дугаар сарын 1 гэсэн гурван үечлэлээр нэмэгдэхээр 2017 оны төсвийн тухай хуулинд тусгагдаад буй. Энэ дагуу ирэх сарын 1 буюу маргаашаас гурван төрлийн татвар нэмэгдэнэ. Үүнд.

НЭГ: АВТОБЕНЗИН, ШАТАХУУНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

Дэлхийн томоохон нефть олборлогч орнууд олборлолтын хэмжээгээ бууруулах бодлого барьж буйн зэрэгцээ ам.долларын ханш 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш 400 орчим төгрөгөөр өссөнтэй холбогдуулан дотоодод шатахууны үнийг хэвийн хэмжээнд барих шаардлага үүссэн. Тиймээс Засгийн газрын зүгээс:
2016.10.05 – Засгийн газрын хуралдаанаас Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх автобензинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянга, Эрээнцаваар оруулж ирэх шатахуунд 130 мянга, дизельд 150 мянган төгрөг байхаар тогтоосон.
2016.11.30-Засгийн газрын хуралдаанаас автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээг төрөл тус бүрт нь тонн тутамд 100 мянган төгрөгөөр бууруулах тогтоол батлав. Ингэснээр онцгой албан татварын хэмжээг автобензинд тонн тутамд 160 мянган төгрөг, дизелийн түлшинд 180 мянган төгрөг болгосон байна.

2017.01.15 –Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 50 мянган төгрөг болгож, /90-ээс дээш октантайг 30 мянган төгрөг/, дизелийн түлшинд ногдох татварыг 70 мянган төгрөг болгон бууруулаад байсан юм.
Эдгээр гурван удаагийн хөнгөлөлтийг хоёр үе шаттайгаар /2017.07.01, 2017.10.01/ хүчингүй болгохоор 2017 оны төсвийн тухай хуулиндаа тусгаж өгсөн юм. Тодруулж хэлбэл автобензин, дизелийн түлшний албан татварын хэмжээг бууруулснаар 210 гаруй тэрбум төгрөгөөр төсвийн орлого буурах байсныг болиулсан гэсэн үг.
Жижиглэнгийн зах зээлд шатахууны хэрэгцээ эрс ихэсдэг улсын баяр наадмын амралтын үетэй зэрэгцэн холбогдох татвар нэмэгдэж буй нь энгийн худалдан авагчдад хүндээр тусахаар байна.

ХОЁР: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ДЭХ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ТӨЛӨЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг хувь хэмжээг 2017 онд тус бүр 7.0 хувь, 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байна.
Уг өгсөх эрэмбээр ажил олгогч, ажилтны төлдөг нийт татварын хэмжээ 2017 онд 21 хувь /өөрчлөгдөхгүй/, 2018 онд 23 хувь, 2019 онд 24 хувь, 2020 онд 26 хувь болон нэмэгдэх юм. Өөрөөр хэлбэл ажилтан, ажил олгогч нарын төлдөг шимтгэлийн хэмжээ өнөөгийн түвшнээс 2020 он гэхэд 5 хувиар нэмэгдэж, тус бүр 2.5 хувийн татвар нэмж төлөхөөр байна.
Энэ зохицуулалтыг хийхдээ нийгмийн даатгалын шимтгэл дэх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталсан. Тодруулбал иргэд ирээдүйд авах тэтгэврийн даатгалын сандаа илүү мөнгө төлж эхлэх зохицуулалтад орж байна. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар нийгмийн даатгалын шимтгэл дэх тэтгэврийн даатгалын шимтгэл 7 хувь байгаа билээ.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн хувь хэмжээ сайн дурын даатгуулагчдад мөн хамаарахаар холбогдох хуулинд өөрчлөлт оруулсан. Тиймээс сайн дурын даатгуулагчид ирэх сарын 1-нээс нэмэгдсэн хувь хэмжээгээр нийгмийн даатгалаа төлөхөөр байна. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар сайн дурын даатгуулагчид орлогын биет хэмжээнээсээ нийт 12 хувийн шимтгэлтөлдөг бөгөөд үүний 8 хувь нь тэтгэврийн даатгалын шимтгэлд тооцогддог юм.

Нийгмийн даатгалын шимтгэл дэх энэ хувь хэмжээ /тэтгэврийн даатгалын шимтгэл/ ирэх сарын эхнээс 10 хувь болон өсөх юм. Улмаар тэтгэврийн даатгалын шимтгэл 2018 онд 11.0 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар хуульчилж өгөөд байна. Тэгэхээр сайн дурын нийгмийн даатгалын хэмжээ 2017 онд 14 хувь /2017.07.01-нээс/, 2018 онд 15 хувь, 2019 онд 15.5 хувь, 2020 онд 17 хувь болохоор байна.

ГУРАВ. “ПРИУС” МАШИНЫ ТАТВАР ТЭГЛЭЛТИЙН ХУГАЦАА ДУУСЧ, 50 ХУВИАР ТӨЛНӨ

УИХ-ын Хаврын чуулган түр завсарлахаасаа өмнө цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт шингэрүүлсэн хийгээр автомашинуудын онцгой албан татварыг тэглэсэн билээ. Үүнээс өмнө ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах зорилгоор долоон төрлийн татварыг нэмэхдээ энэ төрлийн автомашинуудын татвар тэглэлтийг 50 хувь болгон нэмэгдүүлээд байсан юм.
Татварын нэмэгдэл өнгөрсөн сарын /2017.05.01/ эхнээс хэрэгжсэн. Үүнийг Засгийн газраас оруулсан саналын дагуу УИХ хоёр сарын хугацаанд сунгасан бөгөөд энэ хугацаа маргааш дуусгавар болж байна. Ингэснээр түр тэглэгдээд байсан гаалийн онцгой албан татвар 2012.07.01-ний өдрөөс хойш нэмэгдсэн шатлалаараа буюу 50 хувийн хөнгөлөлтөөр тооцогдох юм.

Сонгууль угтсан амлалтын хүрээнд 5 дугаар сарын 1-нээс хойш гаалийн онцгой албан татварт төлөгдөөд байсан 691 сая төгрөгийг энэ төрлийн автомашин импортлогчдод эргүүлэн төлсөн билээ. Харин улсын баярын өмнөхөн татварын тэглэлт нь хүчингүй болсноор машин импортлогчид “Наадмын шизо”-гоо амжилттай үүсгэж, тэр хэрээр энгийн худалдан авагчдад хүнд тусах нөхцөл байдал үүсэв.

Сэтгэгдэлүүд
  • aaa IP: 103.23.51.4 2017 оны 06 сарын 30

    өнөөдөр үнэ нэмсэн баина а жижиг хар талх 1100 болсон ширхэг кофе 300аар заржийнаа 50-200гаар нэмж
Сэтгэгдэл