2017/11/18 Улаанбаатар -21º
2017 оны 07 сарын 03

Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан хүний нэг Монгол улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар байлаа. Учир нь УИХ-ын нэгдсэн чуулганаар 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг нээлттэй авч хэлэлцсэн юм. Энэ үеэр чуулганы танхимд нэлээд халуун шүүмжлэлүүд өрнөснийг манай уншигчид үзсэн бизээ. Ингээд түүний хэвлэлд өгч буй анхны ярилцлагыг та бүхэнд толилуулж байна.
 
-Би Монгол улсын Ерөнхий аудитортай хоёр дахь удаагаа ярилцах гэж байгаа юм байна. Л.Жавзмаа гуайтай олон жилийн өмнө ярилцаж байсан. Таныг миний урилгыг хүлээж авсанд баярлалаа.

-Танд ч гэсэн их баярлалаа. Би чинь сонин хэвлэлээс жоохон хол хүн шүү дээ.

-Л.Жавзмаа гуай биднийг ярилцаж байх тэр үед аудитын байгууллага дөнгөж өрхөө татаж, төвхнөх үе л байсан болов уу. Гэтэл сая болж өнгөрсөн чуулган дээрх хэлэлцүүлгийн үеэр аудитын байгууллагын эрх зүйн орчин, хамаарах эрх хэмжээний талаар гишүүд маань ч ойлголт дутуу байгаа харагдлаа. Тийм болохоор УИХ-ын чуулган дээр өргөн хэлэлцүүлэг өрнөсөн энэ халуун өдрүүдээр таныг сонгож ярилцахаар шийдсэн юм.

-Урьд нь бол манайд Ардын хянан шалгах хороо, Төрийн хянан шалгах хороо гэх мэт  хяналтын байгууллагууд ажиллаж байсан л даа. Тухайн үеийн манай улс орны байдал хэцүүхэн, шилжилтийн үеийн байдал нөлөөлж 1990-1995 онд Төр хяналтын байгууллагагүй болж ард түмний хяналт үгүй болон, төрийн хяналтын байгууллагууд татан буугдсан. Тэгээд 1995 онд эргэж төрийн аудитын байгууллага бий болсон. Энэ байгууллагын анхны даргаар Монгол Улсын ерөнхий аудитор Л.Жавзмаа, дараа нь Ч. Раднаа мөн  Б.Зангад дарга нар ажиллаж ирсэн байдаг. Би Монгол улсын дөрөв дэх Ерөнхий аудитороор томилогдож ирээд дөрвөн сар орчим болж байна.

-Миний гайхаад байгаа зүйл хэдийгээр улс орны дотоод байдал, улс төрийн амьдрал тогтворжоогүй шилжилтийн үе байсан ч өдий хүртэл 20 гаруй жил өнгөрөхөд өнөөдөр УИХ-ын төвшиндөө ч аудит гэж ямар байгууллага вэ. Хууль эрх зүйн орчин нь ямар байсан. Одоо ямар байгаа юм гэх эдгээр асуултуудын өмнө өөрсдөө ч бэлэн биш байх шиг санагдсан. Олон нийт бол танайхыг хяналтын байгууллага гэж ойлгодог. Эрхэм гишүүд маань ч АТГ, Прокурорын газар, ТЕГ газар шиг гэж ойлгож, тэдний эрх хэмжээнд хамаарах зүйлсийг ч шаардаад байгаа харагдана лээ. Тийм болохоор хоёулаа энэ талаар нэлээн дэлгэрэнгүй ярилцах шаардлагатай болж байна л даа ?

-Өнөөдөр Төрийн аудитын хуулинд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт орчихсон явж байгаа. Ер нь бол хуулинд нэмэлт өөрчлөлт орно гэдэг нь өөрөө хуулийг улам илүү  сайжруулах зорилготой процесс. Гэтэл хуулинд өөрчлөлт хийхдээ бодлогын бичиг баримтад үндэслэх ёстой байсан. Өнөөдрийг хүртэл Төрийн аудитын салбарын бодлогын баримт бичиг Монгол улсад байхгүй байна. Энэ бодлогын баримт бичиг байхгүй байхад хуулинд нэмэлт  өөрчлөлт орно гэдэг маань өөрөө хуулийг сайжруулах процесс явагдахгүй гэсэн үг.  Харин ч хууль эрх зүйн орчныг нь улам дордуулдаг, уялдаа холбоогүй болгочихдог. Үүнээс болоод өнөөдөр Төрийн аудитын байгууллагын хууль маань өөрөө дотроо нэлээн олон бэрхшээлтэй асуудлуудыг дагуулаад байгаа юм. Тийм ч учраас миний бие энэ  ажлыг авснаас хойш 2017 оныг Төрийн аудитын байгууллагын хууль эрх зүйн шинэтгэлийг хийх,  мөн сахилга хариуцлагын жил болгож байгаа. Өнөөдрийн монгол оронд үүсээд байгаа энэ их хямрал, нийгмийн бухимдал ерөөсөө хариуцлагын тогтолцоо алдагдсантай л холбоотой асуудал. Энэ нь зөвхөн Төрийн аудитын салбарын ажилтан албан хаагчидтай холбоотой ч асуудал биш. Монгол улсын хэмжээнд хариуцлагын тогтолцоог бий болгох, эргэж сэргээх шаардлага гарч ирээд байна. Бүх албан тушаалтан хариуцлагатай байя, бүх хүн хариуцлагатай байя. Эргээд хариуцлагыг тооцож чаддаг байя. Үүний тулд бид ажиллаж байна. Энэ зүг рүү зоригтой хөдлөхгүй бол Монгол улсын олон чухал салбараар дамжиж нийгэм маань бүхэлдээ гүн хямралд автах аюул нүүрлэсэн байна гэдгийг хариуцлагатай хэлэхийг хүсч байна. Тийм учраас Төрийн аудитын тухай хуулийн  шинэчилсэн найруулга хийх ажлын хэсэг, мөн бодлогын бичиг баримт боловсруулах ажлын хэсэг ажилдаа ороод байна. Ард түмэн маань Монгол улсад хариуцлагын тогтолцоо алдагдсан байна гэдгийг ойлгосон учир сая үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудал дээр томоохон хэмжээний зөвлөлдөх санал асуулга явагдсан. Та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Зөвлөлдөх санал асуулгын үеэр зургаан чухал асуудал дэмжигдсэн байгаа. Тэр зургаан асуудлын нэг нь Төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх арга механизмыг Үндсэн хуулинд тусгах асуудал байсан бөгөөд өргөнөөр хэлцэгдсэн байгаа. Энэ бол Төрийн зүгээс тавих хяналтыг сайжруулах, ард түмний зүгээс төрийн үйл ажиллагаанд тавих хяналтыг илүү чанаржуулах тухай асуудал яригдсан. Тэгвэл ард түмний Төрийн үйл ажиллагаанд тавьдаг хяналт нь Аудитын байгууллагаар дамжиж хэрэгждэг гэдгийг олон улсын туршлагаас ч бид илхэн харж болно. Энэ ойлголтыг, энэ механизмыг суурьшуулахын тулд бид нийгэмд байгаа зөрүүтэй ойлголтуудыг засах ёстой. Түрүүн таны сануулж хэлээд байгаа зүйл л дээ. Аудит гэдэг бол дангаараа хяналт шалгалтын байгууллага биш, аудитын үндсэн үүрэг таван дэс дараалалтай байдаг. Хяналт, шалгалт, дүгнэлт, зөвлөмж, зөвлөмжийн хэрэгжилт гэж. Энэ бүхний үндсэн дээр аливаа нэгэн зөрчил дутагдлыг бага дээр нь засч янзлахын тулд дахин алдаа зөрчил гаргахгүй байх арга замыг зөвлөж, түүний хэрэгжилтийг хянах замаар  нийгмийн хөгжлийг товхинуулах хэсэг юм. Энэ бүхнийг зүй тогтлынх нь дагуу явуулдаг болохын тулд Үндсэн хуулинд оруулж өгөх ёстой. Тийм ч учраас ард түмний хүсэл Үндсэн хуулийн шинэ өөрчлөлт тийш чиглэчихээд байна шүү дээ. Яагаад монголын нийгэм ийм байдалд орчихсон бэ гэхээр Үндсэн хуулиндаа тусгаж зангидаж өгөөд явж ирсэн зарчмууд маань алдагдсан. Замд нь төрийн эрх мэдлээ гуйвуулсан. Шүүх засаглал, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох эрх бүхий байгууллага, хэвлэл мэдээллийн сонгодог үүрэг гээд бүгд үйл ажиллагааныхаа чиг замаас хазайж халтирсан. Тэгвэл эдгээр алдаа дутагдлыг гаргахгүй байхыг зааж зөвлөдөг, мөн хянадаг  чиг үүргийг хэрэгжүүлдэг иргэдийн төлөөлөл болдог нэг субьект нь аудитын байгууллага юм.

-Ерөнхийдөө л хянан шалгах байгууллага гэсэн нэг ойлголт л дээд төвшиндөө ч, доод төвшиндөө, хэвлэл мэдээлэлд нь ч байгаад байна шүү дээ. Та нараас хариуцлага тооцдог, шийтгэдэг байгууллагын эрх хэмжээний юм шаардаад байна лээ. Танайх бол зөвлөдөг байгууллага, санал оруулдаг байгууллага. Одоо салбарынх нь хууль тогтоомж бүрэн бүтэн биш явж байна гэхээрээ асуудлын ээдрээ энэ л юм биш үү ? 

-Тийм ээ, тийм шалтгаан бий. Төрийн аудитын хуулинд орох өөрчлөлтүүдийг тэгэхээр нэн даруй хийх шаардлагатай. Үнэхээр хуулинд асуудал байгаа. Өнөөдрийн хэрэгжиж буй хуулиар бид зөвхөн зөвлөмж, дүгнэлт гаргах, акт бичих, албан шаардлага хүргүүлэх л үүрэгтэй. Хуулийн хүрээнд арга хэмжээ авах, торгох, албан тушаалаас огцруулах, халах солих ийм эрх байхгүй. Нэг талаас энэ нь зөв гэж би хардаг. Аливаа юманд хэмжээ хязгаар байх ёстой. Бүгд л очоод албан тушаалаас огцруулаад, арга хэмжээ аваад, дарамтлаад байх юм бол бас юу болох вэ. Өнөөдөр энэ үүргийг хүлээдэг хууль хяналтын олон байгууллага монголд үйл ажиллагаа явуулдаг. Гүйцэтгэх засаглал өөрөө албан тушаалтнуудыг томилж байгаа бол түүнийг дагаж гарч байгаа алдаа ололт өөрсдийнх нь асуудал. Аудитын байгууллага дундуур нь очиж ороод, халж солиод эхлэх юм бол нөгөө үүрэг хүлээж байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагаа доголдоно. Харин аудитын байгууллага ард түмнийг төлөөлөөд, ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүдийг төлөөлөөд энэ захиргааны, гүйцэтгэх засаглалын байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгч ажиллаж байгаа. Энд чинь ийм зөрчил гараад байна. Та нар цаашдаа ингэж ажиллах ёстой гэсэн зөвлөмж, шаардлага өгөөд, алдааг нь засаж залруулаад явах ёстой.

-Өчигдрийн байдлаар бол өнгөрсөн засгийн үед үнэхээр аймшигтай их алдаа завхрал гарчээ. Та нар яагаад дуугүй байна вэ. Айгаад байна уу. Ер нь хэний талд байгаа юм бэ, шүдгүй арслан болчихсон юм уу л гээд шахаад байх шиг санагдсан. Үндсэндээ ийм л характертай хандлага мэдрэгдсэн. Гэтэл таны зүгээс төрийн институци хоорондын ойлголцлыг хадгалах, нийгмийн санаа сэтгэлийн үймрэлд цучил өргөхгүй байх голч бодлого ханхалж байсан. Зарим үед тэр ойлголт муутай гишүүдийн асуулт дайралтыг хагалаад хатуухан тайлбар өгчихөөсэй гэж бодогдож л байлаа ?

-Ер нь бол аливаа үнэн зөв юм хэзээ нэгэн цагт тодордог. Тодорхой болдог. Тийм болохоор аудитын үйл ажиллагаа, аудитын бодлого чиглэл, олон улсын аудитын чиг хандлага, яг өөрийн тань хэлж байгаа тэр нийгмийн тогтолцоог зөв зохицуулж, тэнцвэржүүлж авч явах ийм байгууллага гэдгийг хүмүүс маань төдийлөн ойлгоогүй байна. Дутуу ойлголттой байна. Аяндаа ойлгох болно. Нэг удаа чуулганы хурал дээр мэтгэлцээд, хэлэлцээд ойлгогдчих зүйл биш. Яагаад гэвэл нийгэмд манай аудитын байгууллагыг ерөөсөө л санхүүгийн хяналтын байгууллага гэсэн ойлголт хавтгай байна шүү дээ. Тийм учраас бид нийгэмдээ энэ аудит гэдэг чинь ямар чиг хандлагатай, юу хийдэг байгууллага юм, ямар их ач холбогдолтой гэдгийг хүргэж, таниулж ойлгуулах ёстой. Энэ ажлыг манайх өнөөдрийг хүртэл хийхгүй явж ирсэн. Цаашдаа бид энэ тал дээр анхаарч ажиллах болно. Тэгэх хэрэгцээ шаардлага ч харагдсан. 

-Гишүүдийн асуултад хариулсан таны хариултууд дотор хязгаарлалтай дүгнэлт гэж нэг ойлголт гарч ирнэ лээ. Тэр юуг хэлж байгаа юм бэ. Яг ямар ойлголт юм бэ. Та үүнийг нэг тайлбарлаж өгөөч. Ямар тохиолдолд энэ дүгнэлтийг гаргадаг юм?

-Аудит бол зөрчилгүй, сөрөг, хязгаарлалттай, аудитын санал дүгнэлт гаргахаас гадна санал дүгнэлт татгалзах дүгнэлтийг бас гаргадаг. Энэ бол олон улсын хийгээд өнөөдөр Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, стандарт журмынхаа дагуу тогтсон жишиг. Энэ дотроос хязгаарлалттай дүгнэлтийг тухайн субьект дээр маш их зөрчил байна, энэ байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа хүндрэлд орсон байна, анхаарах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд гаргадаг. Үүнийг гаргадаг тодорхой стандарт байдаг. Ингэж гаргахдаа хоёр зарчим баримталдаг. Нэг нь, тэнд илэрсэн мөнгөн илэрхийллээр илэрхийлэгдэж байгаа материаллаг зөрчил нь тухайн байгууллагын нийт төсвийн мөнгөний тодорхой хувиас хэтрээгүй байх ёстой. Зөрчил гэдгийн дотор юу ордог вэ гэхээр санхүүгийн тайлан балансаа буруу гаргасан, дундаас нь тодорхойгүй мөнгө төгрөг алга болсон, хөрөнгө үрэгдсэн зэрэг хэд хэдэн үзүүлэлт хамрана. Энэ бүхэн нийлээд нийт төсвийнх нь хоёр хувиас хэтэрсэн бол хязгаарлалттай дүгнэлт өгдөг. Нөгөө талаасаа хязгаарлалттай дүгнэлт өгсөнд юу ордог вэ гэхээр тэр байгууллага дээр гарч байгаа саяны зөрчлүүдээс гадна тухайн  байгууллагыг авч явж байгаа удирдлагууд болоод, санхүүгийн хүмүүсийнх нь чиг хандлага нь, санхүүгийн сахилга бат зэргээс хамаардаг. Тэнд гарсан зөрчлүүд нь нийтлэг зөрчлүүд мөн байна уу, энэ нь яваандаа өнөөдрийнх нь хямралд хүргэж үү гэдгийг нарийн нягтлан шалгасны үндсэн дээр хязгаарлалттай дүгнэлтийг гаргадаг. Хязгаарлалттай дүгнэлт авна гэдэг маань хуулиараа тэр албан тушаалтантай хариуцлага тооцох үндэслэл болдог. Үүнийг үндэслэж бид тухайн албан тушаалтныг томилж байгаа эрх бүхий газарт нь санал дүгнэлтээ хүргүүлдэг.  Тийм учраас энэ нь манай байгууллагын зүгээс нэлээн өндөр төвшинд хариуцлага тооцож байгаа хариуцлагын систем л дээ.

-Өнөөгийн эрх барьж байгаа МАН сонгуулийн үр дүнгээр хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлээд нэг жил болж байна. Энэ нэг жилийн турш буюу, одоо болж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн энэ мөчлөгийн үеэр тасралтгүй явж байгаа нэг зүйл Монгол улсын өрийн тухай асуудал. Өрийн дүн өссөн гэх дүгнэлт болж байна. Яг таг Сангийн яамтай тулгасан тоог та нэг хэлээч?

-Аудитын газраас сая бол Монгол улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийгээд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж байна. Төрийн аудитийн байгууллага бол гурван төрлийн аудит хийдэг. Нэг нь, нийцлийн аудит. Энэ нь хууль тогтоолд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг хянадаг. Өөрөөр хэлбэл хуулийн хэрэгжилтийг хянадаг гэсэн үг. Дараагийнх нь гүйцэтгэлийн аудит. Энэ нь тухайн байгууллага өөрсдийн чиг үүргээ үр ашигтай хийж чадаж байгаа эсэхийг хянахаас гадна Монгол улсын хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцож үздэгээрээ өндөр ач холбогдолтой. Гурав дахь нь санхүүгийн аудит. Төсвийн мөнгө хөрөнгийг хуулийн дагуу зүй зохистой зарцуулж уу, үгүй юу. Тайлан балансаа олон улсын стандартын дагуу болон Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн дагуу үнэн зөв гаргаж уу, үгүй юу гэдгийг дүгнэж баталгаажуулдаг. Үүний дагуу өнөөдөр Монгол улсын төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж байгаа юм. Энэ чиг үүргийнхээ дагуу УИХ-д дээрх тайлангуудыг өргөн барьсан.  Өөрөөр хэлбэл санхүүгийн зөрчлүүд гарсан уу, үгүй юу, гарсан бол ямар зөрчил байна вэ гэдгийг л бид гаргаж өгч байна гэсэн үг. Манай ард иргэд Монгол улс өнөөдөр нийтдээ хичнээн хэмжээний өртэй болсон бэ гэдгийг асууж, үнэн зөв хариулт шаардаж байгаа. 2016 оны жилийн эцсийн байдлаар  Монгол улс 24.8 их наяд төгрөгийн өр зээлтэй болчихсон байна. Өнгөрсөн дөрвөн жил санхүүгийн ямар ч сахилга батгүй явсан учраас дөрвөн төсөвтэй болчихсон байсан шүү дээ. Монгол банкин дээр дураараа захиран зарцуулж байдаг нэг төсөвтэй, Хөгжлийн банкин дээр нэг төсөвтэй, хажуугаар нь Улсын төсөв гээд нэг шугам явж байдаг, дараа нь өр зээлийн нэг шугам яваад байсан. Ингээд дөрвөн төсөвтэй болчихсон. Тэгэхээр чинь монголын төсөв чинь үр ашиггүй, давхцалтай, хийдэлтэй явдаг юм байгаа биз дээ. Ингэж замбараагүй, буруу төлөвлөснөөс гадна гүйцэтгэлийн төвшинд болон хяналтын төвшинд шат шатандаа хариуцлагагүй ажилласан. Үүнээс болж өнөөдрийн энэ дотоодын эдийн засгийн хямрал тэлсэн. Үнэхээр миний түрүүний хэлээд байсан сахилга бат, хариуцлагын асуудал үндсэндээ шалан дээр уначихсан байгаа юм. Энэ дээр хэн хяналт тавьж байх ёстой гэвэл Төрийн аудитын байгууллага хяналт тавьж байх ёстой байсан. Харамсалтай нь Төрийн аудитын байгууллага хяналтын үүргээ хангалтгүй биелүүлж ирсэн гэдгийг харуулж байгаа юм.

-Өнгөрсөн засгийн үед гарсан алдаа завхралуудыг л яриад байна билээ л дээ. Зарим гишүүн нь 2017 оны төсвийн гүйцэтгэлийн биелэлт гээд л асуух юм. Дүгнэлт гарах хугацаа нь болоогүй гэдгийг мэддэггүй юм уу. Гэхдээ одоо гэхэд эхний улирлын байдлаар 40 тэрбумаар давчихсан явж байгаа тухай хөндөж ярьж байсан. Энэ тоо хэр бодитой тоо вэ?

-Ж.Ганбаатар гишүүн Сангийн сайдад энэ талаар асуулт тавьж байна лээ. Манай байгууллага бол зөвхөн хуулийн дагуу 2016 оны төсвийн нэгдсэн гүйцэтгэлд аудит хийсэн. Тэгэхээр энэ оны төсвийн гүйцэтгэл ямар явж байгаад аудит хийх хугацаа нь болоогүй. Тиймээс Монгол улсын Ерөнхий аудитор өөрийн дотоод үнэлэмжээр ямар нэгэн дүгнэлт, тодорхой тоо баримт хэлэх боломжгүй. Манай байгууллага 400 орчим ажилтантай. Тэдний гаргасан дүгнэлт, гүйцэтгэл, судалгаа тооцоон дээр үндэслэж Монгол улсын Ерөнхий аудитор баталгаажуулан нийгэмд мэдээлэх учиртай. 

-Ч.Хүрэлбаатар гишүүн хөндөж тавиад байсан шүү дээ. 2016 оны сонгуулийн өмнө тулгаж хийгдсэн хууль бус зүйлсийн тухай. Улсын төсөвт суугаагүй үрлэг зарлагын тухай асуудлыг гаргаж тавьж байна лээ. 700 тэрбум төгрөгийг улсын төсөвт суугаагүй байхад олгосон гэх баримт яригдсан. 2016 оны сонгуулийн өмнөх улс төрийн оноонд чиглэсэн хууль бус захиран зарцуулалтын талаар би танаас сонирхмоор байна?

- Аудит бол иргэдэд, нийгэмд зориулагдаж л хийгддэг. Энэ үүргийнхээ дагуу ард түмний төлөөлөл болсон УИХ-д хэлэлцүүлж байгаа. Тэгэхээр үүнийг нууж хаах шаардлага байхгүй. Хүрэлбаатар гишүүний хэлж байгаа үнэн тэрнээс гадна үүнтэй адил бас нэгэн томоохон зөрчил бол “Сайн хөтөлбөр” байсан. Энэ хөтөлбөрт гэхэд 440.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргасан байгаа. Сонгуулийн зорилгоор гаргасан “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүүгийн зардалд л гэхэд 10.8 тэрбум төгрөгийг гаргаж, үйлчилгээний төлбөр хэмээн тайлагнасан ноцтой зөрчил илэрсэн.

-Сайн хашаа гэх мэт хөтөлбөрүүдэд гэхэд улсын төсөвт суугаагүй 553 тэрбум төгрөгийг зарцуулсан гэх юм. Энэ юу вэ?

Сайн нэртэй дөрвөн хөтөлбөр дээр гаргачихсан. УИХ-ын гишүүд асуугаад байна лээ л дээ. Одоо хэн хариуцлага хүлээх юм. Яагаад хариуцлага хүлээлгэхгүй байна вэ гээд. Одоо 2016 оны төсвийн нэгдсэн гүйцэтгэл дээр хийгдсэн аудитын тайлан хэлэлцэгдэж байна. Тиймээс тухайн тайлант хугацаанд л болсон явдлууд л даа. Өөрөөр хэлбэл  сонгуультай холбогдуулаад Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед асар их мөнгийг хууль зөрчөөд гаргачихсан ажлуудын нэг. Төсвийн тухай хуулиар Засгийн газар УИХ-аар баталсан төсвийг захиран зарцуулах ёстой. Түүнээс биш өөрсдөө дураараа төсөвт тусгагдаагүй мөнгийг захиран зарцуулах эрх байхгүй. Энэ өөрөө эрх мэдлээ хэтрүүлчихсэн Засгийн газар. Энэ бүх зөрчлийг нь гаргаад ирэхээр та нар, тухайлбал Монгол улсын Ерөнхий аудитор та яагаад эд нар дээр хариуцлага тооцохгүй байна гээд байна. Гэтэл хуулийн цаглабарт хугацаагаараа зургаан сарын 10-ны дотор өргөн бариад одоо л дөнгөж нэгтгэгдэж хянагдсаар УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Энэ явц ингээд явж байхад бид дундаас нь аваад эд нар дээр хариуцлага тооцох боломж байхгүй. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ихэвчлэн хийгдсэн үйлдлүүд байдаг. Зарим нь улс төрийн хариуцлагаа хүлээгээд огцорчихсон. Зарим нь захиргааны хуулийн дагуу хариуцлага хүлээгээд албан тушаалаа өгчихсөн. Зарим нь ажлаа шууд орхиод зугтаагаад явчихсан. Ийм нөхцөлд манайх албан шаардлагаа төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгдөг. Мөн л адилхан мухардалд орж байгаа. Тэд нар нь яваад өгчихсөн. Хаана хаана яваа нь ч бүү мэд. Нэгдүгээрт тэдэнтэй улс төрийн хариуцлагыг нь ард түмэн тооцчихсон. Хоёрдугаарт нь, шинэ Засгийн газар захиргааны хариуцлага хүлээлгэх ёстой хүмүүсийг тогтоогоод түрүүчээс нь хариуцлага тооцоод, халаад солиод явж байна. Одоо манай гаргасан дүгнэлтийг үндэслээд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой цаг үе нь ирж байна. Өөрөөр хэлбэл энэ хугацаа нь одоо л эхэлж байгаа байхгүй юу. Дашрамд энэ бол хууль шүүхийн  байгууллагуудын хийх ёстой ажил.

-Аливаа улс төрийн хүчнүүд ер нь энэ хулгайн ажлыг хийдэг л дээ. Төсөвт суугаагүй их хэмжээний мөнгийг сонгууль угтаж ард түмнийг молигодох түр халамжийн бодлого болгож гаргаж ирж тоглодог. Өнгөрсөн сонгууль угтаж тэтгэвэр нэмсэн. Энэ бол маш том шоу. Зөвхөн энэ акцид 60.9 тэрбум урсчихсан. Эргэж орж ирэх юм байхгүй, хариуцлага тооцох боломжгүй ?

-Хариуцлагын тухай асуудлыг бид тойрч ярьж байна. Одоо энэ асуудал дээр хариуцлага тооцох шаардлагатай. Засгийн газарт, УИХ-д бид баталгаажсан тайлан, дүгнэлт, зөвлөмжөө гаргаад өгчихлөө. Цагдаа, хуулийн байгууллагуудад шилжүүлэх шаардлагатайг ч бас өгсөн. Цаашид ч өгнө. Жишээлбэл, “Мон атом” ХХК, “Биеийн тамир спортын хороо”, “Монголын төмөр зам, Олон улсын хүүхдийн “Найрамдал”  зуслан, “ТОСК” зэрэг газруудыг хууль хяналтын байгууллагад шилжүүчихсэн байгаа.  Одоо эрх бүхий хүмүүс, байгууллага нь хариуцлагаа тооц. Та нар тооцохгүй бол бид эндээс зөвлөмжөөрөө шаардая гэдэг асуудал тавина. Хэрэв тооцохгүй бол бид хэвлэл мэдээллээр дамжуулан ард түмэнтэйгээ хамт шийдвэрлийг шаардана. Ийм онц ноцтой хэрэг зөрчил гарчихаад байхад эд нар чинь хариуцлага тооцохгүй байна, шалгахгүй байна гэдгийг бид ил тод гаргаж тавина. Ингээд дараа дараагийн асуудал явна. Мөн төрийн аудитын байгууллагын санал дүгнэлтээс гарсан зөвлөмжийг хэрхэн биелүүлж байгааг урьд өмнө нь шалгадаггүй байсан. Одоо цаашид ийм асуудал байхгүй бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах аян зарлаад наймдугаар сараас ажилдаа орохоор төлөвлөөд байна.

-Хууль хүчний байгууллагууд нь ажиллаж, гэм бурууг тогтоож өгөхгүй гацаагаад байгаа тохиолдолд хөндлөнгөөс зарлаж, бусдын нэр хүндэд халдаж болохгүй байдаг. Мөн ч хэцүү юм даа.

-Тийм учраас л УИХ-ын чуулган дээр бусдын нэр хүндэд халдаж болзошгүй мэдээллийг гаргаагүй юм. 

-Яг энэ өнцөг дээр таны баримталж байгаа байр суурь харагдаж байна лээ л дээ. Гэхдээ би нэг компанитай холбоотой асуудлын талаар нэр заагаад асуучих уу. Хэлэлцүүлгийн үеэр таны амнаас нэг үг унасан. “Мон атом” компани дээр бид аудит хийхээс, дүгнэлт гаргахаас татгалзаж байгаа гэж та хэлсэн. Үүнийг хүмүүс бас их гайхаад байна лээ. Та хариулж өгөөч. Ерөнхий аудитор өөрийн амаар мэдэгдлээ. Үнэхээр тийм аймшигтай зөрчил байгаа юм уу?

- Аудит бол хамгийн ноцтой юман дээр л татгалздаг. Үнэхээр цаана нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байгаа тохиолдолд л бид татгалздаг. “Мон атом” дээр ямар ч дүгнэлт гаргах боломжгүй байгаа. Учир нь санхүүгийн тайлан баланс, гүйлгээ хийсэн баримт байхгүй. Маш их хэмжээний мөнгө хаашаа, юунд зарцуулагдсан нь мэдэгдэхгүй алга болсон байгаа.

-Ийм юм байж болдог юм уу?

-Болсон байна. Болсныг санхүүгийн хөндлөнгийн хараат бус хувийн компани очоод шалгалтыг хийгээд тогтоосон. Дүгнэлт хийхэд санхүүгийн бичиг баримтын бүрдэл байхгүй. Маш их хэмжээний мөнгө алга болсон гэсэн ийм тайлан орж ирсэн байгаа.

-Хоёр сая доллар гэсэн үү?

-2.3 сая доллар алга болчихсон байдаг. Эзэн нь олдохгүй байгаа. Бид хуулийн байгууллагад өгөөд шалгуулахаар хөөцөлдөж байна. Та гайхах нь аргагүй. Монголд ийм л юм болоод байна. Уг нь ямар ч хариуцлагатай хүний ойлголтоор ийм юм байх ёсгүй. Ийм том зөрчил, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан байхад манайх татгалзана. Санхүүгийн үйл ажиллагаа бол энэ байгууллага дээр байхгүй байнаа л гэсэн үг. Ямар ч дүгнэх боломжгүй.

- Үнэхээр ийм юман дээр бол шооконд орох ёстой байх л даа. Гэвч их хурлын гишүүд маань хөөгөөд бариад ирэхгүй яасан юм, яагаад шалгахгүй байна гэх мэтийн үүлгэртсэн юм яриад суугаад байх л гайхширмаар байлаа.

-2016 оны төсвийн нэгдсэн гүйцэтгэл дээр санхүүгийн аудит хийх явцдаа бид Төрийн өмчит хоёр компани дээр аудит хийхээс татгалзсан байгаа. Нэг нь таны асуусан “Мон атом”, нөгөө нь “Монголын төмөр зам”. Төмөр замын асуудлыг монголын ард түмэн бүгдээрээ нийтээрээ мэдэж байгаа. Хичнээн зуун сая долларын хөрөнгө оруулалт хийгээд тэр нь өнөөдөр үр дүнгүй, үр ашиггүй болсныг  хуулийн байгууллага шалгаж, тогтоох гээд ажиллаж байна.

-Төмөр замын төслийн ажил гэж яг юу хийгдчихээд байгааг би зүгээр л сонирхож очиж үзэж байсан л даа. Одоогийн Засгийн газрын Зам тээврийн сайд 85 хувийн гүйцэтгэлтэй ажил гэж нэг үг хэлсэн байдаг. Одоо тэр үгийг шүүрч их шүүдэг. Далангийн ажлын гүйцэтгэлийг хэлсэн бололтой юм билээ. Гэхдээ энэ ажил нь өөрөө төмөр зам босох суурь ажил. Нийт хийх ёстой ажлынх нь их өндөр хувь энэ хөдөлмөрт шингэдэг. Бас төсөл явагдаж байхад хөрөнгө оруулалт нь тасарчихсан. АН-ын дотоод зөрчлөөс үүдсэн дайны хөлд үрэгдсэн. Ийм учраас энэ том төсөл амьдраагүй л гэж хардаг юм ш дээ. Үүнээс гадна санхүүгийн үнэхээр ноцтой зөрчил бас байгаа юм уу?

-Байгаа. Ерөөсөө л сахилга бат, хариуцлагын асуудал. Монгол улсын төсвийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад олон хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн төрийн бүхий л шатны албан тушаалтнуудын хариуцлагагүй дур зоргоороо байдлаас болоод энэ төсөл хөтөлбөр лүү оруулсан мөнгө ямар ч үр ашиггүй болчихсон. Эргээд Монгол улс маш их алдагдалд орж байна шүү дээ. Дээр нь зээлийн хүү болон ханшийн зөрүү гэх мэт нэмэгдэл зардал гарч, асар их хохирол амсах болчихоод сууж байна. Төрийн аудитын байгууллага чиг үүргийнхээ дагуу баталгаажуулаад гаргаад ирсэн. Хууль хүчний байгууллага одоо энэ асуудал дээр ажиллах шаардлагатай. Бид бол цагдаа биш. Энийг сайн ойлгох хэрэгтэй.

-Ер нь танай байгууллагын бүтцэд улсын хэмжээгээр хэдэн албан хаагч ажилладаг билээ. Орон нутаг дамнасан мөн ямар бүтэц ажил үүрэг гүйцэтгэдэг вэ. Энэ хүмүүсийн аюулгүй ажиллагааг хангасан  төрийн хамгаалалт байдаг уу?

-Төрийн аудитын байгууллагад нийтдээ 400 орчим хүн ажиллаж байгаа. Үндэсний аудитийн газар гээд манай төв дээрээ бол 103 хүн ажилладаг. Нийслэлийн аудитын газар 40 хүний орон тоотой. Аймгуудад 7-12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Эдгээр хүмүүсийн ажил үүргээ гүйцэтгэх хараат бус, аюулгүй байдлыг хангах ажлыг анхаарч, нөхцөл боломжийг нь бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болоод байгаа.

-Энэ орон тоог гэхдээ бүхэл бүтэн улс орон даяар үйл ажиллагаа явуулахад хангалтгүй байдаг юм байна гэж ойлгож байгаа. Хүч нь хүрэлцдэггүй учраас хувийн олон аудитын газрууд үйл ажиллагаа явуулж байгаа. Эдний зүгээс хууль бус юманд оролцох явдал ч гардаг. Том том төслүүд дээр орчихсон ч явж байдаг. Хэрэв тэд алдсан байвал хариуцлага хаана тохогдох вэ. Энэ харьцаа, зохицуулалт дээр ямар шинэчлэл хийгдэхийг сонирхмоор байна. Хувийн аудитын гүйцэтгэж байгаа үүрэг тийм том уу?

-Энэ бол маш чухал асуудал. Төрийн аудитын байгууллагын ачаалал маш их. Улсын хэмжээнд 6000 гаруй байгууллагыг хамруулан шалгаж санал дүгнэлт гаргах үүрэгтэй. Гэтэл дээрх бүтцээр энэ үүргийг гүйцэтгэх ямар ч боломж байдаггүй. Уг нь бол жижиг том гэлтгүй бүх цэгт хяналт хүрч байх ёстой. Ялимгүй цоорхой гарахад л улсын мөнгө үргүй урсана. Энэ нь өөрөө эрсдэл авчирна. Айлын дээвэр цоорчихоод жаахан жавар орж ирэхэд л ямар хэцүү байдаг билээ. Үүнтэй адил дээрх байгууллагуудыг хянахын тулд хувийн аудитын компаниудыг татан оролцуулах шаардлага үүсдэг. Гэтэл тэр байгууллагын гаргасан алдаа дутагдал нь төрийн аудитын байгууллагын нэр хүндэд шууд нөлөөлдөг. Жишээлбэл, УИХ-ын чуулган дээр асууж байсан МИАТ-ын асуудал үүнд хамаардаг. Тиймээс хувийн аудитын компаниудын үйл ажиллагааны зөвшөөрөл, сургалт хөгжил төрийн аудитын байгууллагын бодлогоос салшгүй байх ёстой. 

-Гэхдээ тэдэнд үүргийнхээ аль хэсгийг өгөх вэ гэдэг нь бодох асуудал мөн биз дээ?

-Мөн. Би танд нэг ойлголтыг тайлбарлая. Миний өнөөдөр хашч байгаа албан тушаал бол Үндэсний аудитын газрын дарга биш. Монгол улсын Ерөнхий аудиторын албыг хашч байна. Төрийн аудитын газрын дарга биш, хуулиараа ч ийм заагтай. Монгол улсын Ерөнхий аудиторын үндсэн чиг үүрэг бол ерөөсөө Монгол улсын аудитын хуулийн дагуу үндсэн чиг үүргийг удирдан чиглүүлэх, хийсэн тайлан, дүгнэлтийг баталгаажуулах. Үүнээс гадна Монгол улс даяар хийгдэж байгаа энэ аудитын ажлын тогтолцоог хянан зохицуулах,удирдан чиглүүлэх, зүй зохистой явуулах үүрэгтэй. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд аудитын тогтолцоо бүрэн тогтворжиж чадаагүй байна. Үүний нэг жишээ хувийн аудитын компаниуд, байгууллагын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт зэрэг нь бүгд тус тусдаа, өөр өөр газар харъяалагдаж, өөр өөр бодлогоор явж байгаа. Бүрэн төгс үндэсний тогтолцоо байхгүй учраас өмнөх жилүүдэд ийм аймшигтай том зөрчлүүд гараад, илрэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна. Өчнөөн олон албан тушаалтнууд эрүүгийн гэмт хэрэгт холбогдлоо. Үүний ард гарсан гэмт үйлдлийг хэн бага дээр нь илрүүлээгүй юм бэ. Хэн буруутай юм бэ. Яагаад ийм хүнд нөхцөл байдлуудыг даамжраагүй байхад нь, бага дээр нь илрүүлж ажиллаагүй юм бэ. Учир нь аудитын тогтолцоо нь зөв бүрдээгүй учраас энэ их олон санхүүгийн зөрчилд идэгдчихээд байж байна шүү дээ. Монгол улсын хөрөнгө, өдий төдий сая доллар салхинд хийсчихсэн. Хор уршиг нь хүмүүс ч хэрэгт ордог, хөрөнгө мөнгө нь ч үрэгддэг болж байгаа юм. Үүний хамгийн гол шалтгаан нь тогтолцооны гажиг. Тиймээс бид нэн даруй горимд нь оруулах ёстой. Өнгөрснийг бид ингээд хаяж болохгүй. Тухайн үед нь хяналт тавьж байсан аудиттай хувь хувьсгалын ялгалгүй бид хариуцлага тооцдог болох ёстой. Ингээд эхний ээлжинд тогтолцооны асуудлыг шийдээд дараа нь хувийн аудитын компаниудын чиг үүрэг, хариуцлагыг зөв болгоно.

ЭНД ДАРЖ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИНА УУ.

Сэтгэгдэлүүд
  • Зочин IP: 193.171.202.150 2017 оны 07 сарын 03

    Энэ ерөнхийлөгчийн сонгууль Монгол улсын эдийн засагт хүндхэн даваа авч ирэх нь дээ. Олон улсын шинжээчид биднийг хамгийн туйлбаргүй орон гэж нэрлэж байна. Аргагүйшдээ үргэлж нэгийг нь сонгочихоод дараа нь өөдөөнөөс нь нөгөөхийг нь турхирч байдаг биднийг массын сонголт. Доллар чангараад эхэллээ дээ.
  • Зочин IP: 93.115.95.207 2017 оны 07 сарын 05

    Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.
  • Гэрлээ IP: 62.210.129.246 2017 оны 07 сарын 05

    Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.
  • Гэрлээ IP: 185.38.14.171 2017 оны 07 сарын 05

    Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.
Сэтгэгдэл