2017/07/22 Улаанбаатар 17º
2017 оны 07 сарын 05

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Онцгой комиссын ажлын хэсэг өчигдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарлагийн гудамжны айлуудын хашаанд нуранга, газрын цөмрөлт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан байна.

Нарлагийн гудамжны нийт 15 айлын хашаанд газрын цөмрөлт үүсчээ. Үүнээс есөн өрх нь газрын зөвшөөрөлтэй бусад нь зөвшөөрөлгүй байгаа аж. Тиймээс тус айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар удирдамж гарган ажиллаж байгаа гэдгээ тус дүүргийн албаны хүмүүс хэлжээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Мэргэжлийн хяналтын газраас нуранга үүссэн  шалтгааныг тогтоож, эрсдэлтэй бүсийг тогтоох хэрэгтэй. Бүсийг аюултай, нэн аюултай, эрсдэлтэй гэж ангилж өгөх шаардлага байна. Хоёрдугаарт, нэн эрсдэлтэй хэсэгт байгаа айлуудыг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Мөн онгорхой байгаа нүхүүдийг булах ажлуудыг бүгд хамтран зохион байгуулах шаардлагатай байна” хэмээн холбогдох албаны хүмүүст үүрэг өгсөн байна.

Сэтгэгдэл