2017/07/22 Улаанбаатар 17º
2017 оны 07 сарын 05

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар уул уурхайн зарим компаниудын тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг дахь Гутайн даваан орчим үйл ажиллагаа явуулж байгаа “Ю энд Б” компани, Завхан аймгийн Тэс суманд хайгуул хийж улмаар нөхөн сэргээлт явуулаагүй “Урд хутлагт уул”  компанийн тусгай зөвшөөрлийг тус тус цуцалж, үйл ажиллагааг зогсоолоо.

Хэнтий, Завхан аймгийн ард иргэд, малчдын гомдлын дагуу БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ-аас хамтарсан ажлын хэсэг уул уурхайн хайгуул олборлолтын үйл ажиллагаа эрхэлж байгаа тус аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт явуулсан байна. Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль орчныг доройтуулж байгаа аливаа уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээг шат дараатай авч байна.

Өмнө нь Орхон голын ай сав дагуу хайгуул, олборлолт явуулж байсан 14 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг 2017.05.13-нд цуцалж, үйл ажилагааг нь зогсоон, Ерөө голын голдирлыг өөрчилснийг буцааж хэвэнд нь оруулаад байна. 

 

Ойн хөнөөлт шавьж устгалд 6,6 тэрбум төгрөг шаардлагатай 

 Ойн хөнөөлт шавьжийн голомтыг бууруулах, тархалтыг хязгаарлах тэмцлийн ажлын 2017 оны гүйцэтгэл, шинээр хийх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцлээ.

Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан уулын дархан цаазат газар, Горхи, тэрэлжийн байгалийн цогцолбор газар болон 13 аймаг 85 сумын 2 сая га талбайд тархалтын судалгаа явуулах, 150 мянган га талбайд хөнөөлт шавьжаас хамгаалах тэмцлийн ажил явуулж, 60 хувийн ажлын гүйцэтгэлтэй байна. Ойн хөнөөлт шавьжийн биологийн онцлог нь долдугаар сарын сүүлээс наймдугаар сарын дунд үе хүртэл тэмцлийн ажил явуулахад хамгийн оновчтой үр дүнтэй байдаг.

Харин энэ жилийн хувьд хуурайшилт ихтэй, гандуу байгаагаас үүдэн ойн хөнөөлт шавьжийн хөгжлийн үе шатууд өмнөх жилүүдийнхээс илүү хурдтай буюу даруй 20-25 хоногийн урд хөгжиж байгаа нь тогтоогджээ. Хурдацтай тархаж, их хэмжээний хохирол учруулж буй хөнөөлт шавьжийн устгалыг хийхэд агаарын хөлөг ашиглаж гүйцэтгэнэ.

Ойн хөнөөлт шавьжийн тэмцлийн ажилд нийт 6,6 тэрбум төгрөг шаардлагатай байгааг төсвийн тодотголд тусгуулахаар Засгийн газар шийдвэрлэлээ.

 

mnews.mn

Сэтгэгдэл