2017/09/23 Улаанбаатар
2017 оны 07 сарын 06

“Чингис Хаан” Олон улсын нисэх буудал байгуулагдсаны түүхт 60 жилийн ой өнөө жил тохиож байна. Улсдаа хамгийн томд тооцогдох тус байгууллагын өнгөрсөн 60 жилийн түүхэн ололт, амжилтыг төр, засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал ”Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор шагналаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, дэд сайд Б.Цогтгэрэл, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, “Чингис Хаан” ОУНБ-ын захирал Д.Мөнхбаатар болон албаны хүмүүс оролцсон юм.

“Чингис Хаан” ОУНБ нь 1986 онд цагт 500 зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий нисэх буудал байсан бол өнөөдөр 17 нэгж, 700 гаруй ажилтан, албан хаагчтай, цагт 1200 хүнд үйлчлэх хүчин чадалтай, 24 цагийн үйлчилгээтэй орчин үеийн нисэх буудал болж өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн "Чингис Хаан олон улсын нисэх буудал"-аар жилд дунджаар 12’500  нислэг үйлдэгдэж, дотоодын болон олон улсаас нийт 1’009’000 гаруй зорчигч зорчиж, ойролцоогоор 5520 тонн ачаа, шуудан зөөвөрлөж байна.

Түүнчлэн агаарын тээвэрлэгч гадаадын 5, дотоодын 3, бусад 7 гээд нийт 15 байгууллагатай гэрээгээр хамтран ажилладаг. Эдгээр агаарын тээвэрлэгч компаниуд өнөөдрийн байдлаар Москва, Сөүл, Берлин, Стамбул зэрэг Олон улсын тогтмол 13 чиглэлд, Дубай, Бангкок, Дели, Хошимин зэрэг захиалгат 9 чиглэлд, нийт 22 чиглэлд, орон нутгийн тогтмол 9 чиглэлд “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлаас нислэг үйлдэж байна.

Сэтгэгдэл