2017/09/25 Улаанбаатар
2017 оны 09 сарын 01

Английн гүнж Диана таалал төгсөөд 20 жил улиран оджээ. Энэ ойд зориулан Кенсингтоны ордны дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнг "White Garden" гэж нэрлэжээ. Диана гүнж цагаан цэцэгт дуртай байсан. Иймээс хааны ордны цэцэрлэгч Шон Хэркин хавраас эхлэн 12 мянган цэцэг, ургамал энд тарьжээ. Дандаа цагаан өнгийн цэцэгс, ургамал энэ цэцэрлэгт ургаж байгаа. Английн хан хөвгүүд Уильям, Харри нар ээжийгээ дурсан энд ирж цэцэг өргөв, мэдээж ханхүү Уильямын гэргий Кейт ч энд байлцав. Дараа нь тэд буяны байгууллагын ажилтнуудтай уулзжээ. 

Авто ослоор өнгөрсөн Диана гүнжийн үхлийн жинхэнэ шалтгаан одоо ч тодорхойгүй. Зориуд авто осол шиг харагдуулан Диана гүнжийг хороосон гэсэн таамаглал олны дунд явдаг. Энэ талаар хэд хэдэн хувилбар бий, аль нь ч батлагдаагүй, гэхдээ бүрэн няцаагдаагүй. 

1-р хувилбар: Папарацциуд буруутай 
Диана гүнж ба түүний амраг, тэрбумтан Доди АльФайед нар папараццичуудаас зугтааж яваад осолдсон гэж зарим шинжээч үздэг. Гэхдээ гэрчүүдийн мэдүүлгээр мотоциклтой папарациуд аль хэдийн осол аваар болсны дараа хонгил руу орж ирсэн нь тогтоогджээ. 

2-р хувилбар: Сэжигтэй машин
Ослын жинхэнэ шалтгаан тухайн мөчид хонгилд орж ирсэн өөр авто машин гэсэн хувилбарыг зарим тоймч дэвшүүлсэн. Цагдаа нарын үзэж буйгаар осол гарсны дараахан "фиат уно" машин хонгилоос гарч иржээ. Тэр машины жолооч арын толиндоо осол аваарыг ажигласаар өнгөрсөн гэнэ. Гэхдээ дараа нь хичнээн хайсан ч тэр машиныг ч, жолоочийг нь ч олж чадаагүй юм. 

3-р хувилбар: Тусгай албад
Английн тусгай албаны нэгэн агентын яриагаар Парисын тэрхүү хонгилд шинэ, лазерын зэвсэг туршсан юм байх. Тэгээд жинхэнэ шалтгааныг нууж төөрөлдүүлэхийн тулд "фиат уно" машины хагархай хэлтэрхий орхисон гэнэ. 

4-р хувилбар: Согтуу жолооч
Диана гүнжийн сууж явсан мерседес машины жолооч Анри Полегийн цуснаас алкоголь илэрчээ. Тэр уг нь уудаггүй хүн байсан юм, тиймээс жолооч нэг бол санаандгүй архи уусан эсвэл түүнд санаатай архи өгсөн.

5-р хувилбар: Хатан хааны тушаал 
Английн хатан хаан II Елизавета дандаа л дуулиан шуугиан дэгдээдэг Диана гүнжид дургүй байсан гэдэг. Гэтэл Диана бүр лалын шашинтай араб тэрбумтантай амрагийн холбоо тогтоон хамаг тэвчээрийг нь баржээ. Английн хатан хаан өөрийн бэрийг жирэмсэн гэдгийг мэдээд арабуудтай төрөл садны холбоотой болохгүйн тулд Диана гүнжийг устгах тушаал өгсөн гэж өрнөдийн шар сонинууд нэг хэсэг их шуугисан даа. 

www.mnews.mn

Сэтгэгдэл