2017/09/25 Улаанбаатар
2017 оны 09 сарын 03

Өнөөдөр Умард Солонгост 2 ч удаа газар хөдөлсөн талаар дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд дамжуулав. Хачирхалтай нь, эхний газар хөдлөлт 6,3 магнитуд, хоёр дахь нь 4,6 магнитудын хүчтэй хэрнээ газар хөдлөлтийн гүн 0 км байсан аж. Иймээс Өмнөд Солонгос тэргүүтэй зарим орон “Энэ бол газар хөдлөлт биш Умард Солонгос дахиад л цөмийн туршилтаа хийсэн. Бид радиацийн түвшнийг шалгаж байна” гэж тайлбарлажээ. 

Харин Умард Солонгосын эрх баригчид өнөөдөр албан ёсны мэдэгдэл хийж, тив алгасах хүчин чадалтай балластик пуужиндаа зориулан устөрөгчийн цэнэгт хошуу зохион бүтээж улмаар амжилттай туршсанаа дэлхий даяар зарлалаа. Умардын төрийн тэргүүн Ким Чен Ун өөрөө биечлэн Цөмийн зэвсгийн хүрээлэнд очсон талаар “Yonhap” агентлаг мэдээлэв.

Япон улс эсэргүүцлийн ноот бичиг Умард Солонгос руу илгээж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахыг шаардав. Үүний өмнөхөн Японы Гадаад харилцааны сайд нь Орос, Хятадад хандан "Умард Солонгост нөлөөлж дарамт шахалт үзүүл" хэмээн уриалсан юм. Япончуудын үзэж буйгаар Умард Солонгос дахь газар хөдлөлт өмнөх туршилтуудаас 10 дахин хүчтэй ба ойролцоогоор 100 килотонн хүчтэй цөмийн бөмбөг туршсан гэнэ.

Гэхдээ умардынхан НҮБ-ын зөвлөмжийг дагах нь юу л бол. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөл өмнө нь шуурхай хуралдан Умард Солонгосын цөмийн туршилтуудыг эрс шүүмжилсэн билээ. Гэтэл Умардын эрх баригчид 9 сарын 1-нд хариу мэдэгдэл хийж “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн мэдэгдлийг няцааж байна. Бид уг мэдэгдлээс үл хамааран балластик пуужингуудаа хөөргөсөөр байх болно” гэсэн билээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл