2017/09/25 Улаанбаатар
2017 оны 09 сарын 04

BRICS буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн улс хэмээх 5 орны эвслийн 9 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт Хятадын Сямэнь хотод эхэллээ. BRICS-ийг тайлбал: Brazil, Russia, India, China, South Africa. Эдгээр орны газар нутаг нийлээд манай гарагийн хуурай газрын 29,8%-ийг эзэлдэг, энэ нь 39,7 сая км2 гэсэн үг. Түүнчлэн BRICS бол дэлхийн хүн амын 42,1% буюу 3 тэрбум хүн билээ. Энэ 5 орны Дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмбэл 16,8 триллион доллар болно, энэ нь дэлхийн нийт ДНБ-ий 22,3% юм.

Талууд энэ удаагийн уулзалтаар эдийн засгийн хамтын ажиллагаа, экологийн аюулгүй байдал ба боловсролын бодлого, дэд бүтцийн төслүүд, дэлхийн геополитик зэрэг асуудлыг авч хэлэлцэх аж. Хятадын тэргүүн Си Зинпинь энэ удаагийн саммитад Гвиней, Мексик, Таиланд, Таджикистан, Египет гэсэн 5 орныг урьжээ. 

Энэхүү саммитын талаар Оросын шинжээч Геворг Мирзаян “Америк орны манлайлал удахгүй төгсгөл болж дэлхийг тэргүүлэх болно” хэмээн бичжээ. “Өрнөдийн орнууд сөргөлдөж улмаар АНУ ба Баруун Европын эв нэгдэл хагарч бутарсан гэж үзэж болно. Герман улс өөрийн замаар явна гэж мэдэгдсэнээр барахгүй хэрэв өөрийнх нь компаниудыг Оростой худалдаа хийлээ гэж хориг тавих юм бол АНУ-ыг шүүхэд өгнө гэж мэдэгдлээ. Америк одоо дэлхийн үйл явдлуудыг удирдаж чадахаа больжээ. Тэд дотоодын тэмцэл, өөрийн Ерөнхийлөгч Трампын эсрэг тэмцэлдээ живж байна. Иймээс Америкийн сулрал даян дэлхийд хоосон орон зай буюу вакуум үүсгэлээ. Гэхдээ энэ вакуумыг ганц нэг улс орон эзэлж чадахгүй, харин бүс нутгийн эвсэл холбоо жишээ нь чадна. ...BRICS бол дэлхийн үйл явдлуудыг удирдах төв болохын төлөөх гол өрсөлдөгч. Нэгдүгээрт, энэ байгууллагад дэлхийн хөгжиж буй хамгийн хүчирхэг орнууд багтдаг. Хоёрдугаарт, эдгээр орныг нэгтгэж байгаа гол зүйл бол бүрэн тусгаар тогтнол ба түүнийгээ хамгаалах хүсэл эрмэлзлэл. Энэ талаар Путин ярихдаа "Манай эвсэлд "гол тэнхлэг улс" буюу давамгайлагч орон байхгүй. Нэг талаас энэ нь муу зүйл, аль нь ч нэгдсэн, нийтлэг зорилгыг тодорхойлж гаргаж чадахгүй. Нөгөө талаас авч үзвэл давуу тал, хэн ч хэнд ч юуг ч тулгаж дарамтлахгүй. Үзэл бодол, хандлага бүх талаар нийцэхгүй үед ойлголцож ойртохын тулд тэсвэр тэвчээртэй, няхуур ажил явагддаг" гэсэн. Энэ нь олон туйлт ертөнцийг удирдах системийн эх загвар” хэмээн Г.Мирзаян онцлон тэмдэглэв. 

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл