2017/09/25 Улаанбаатар
2017 оны 09 сарын 05

BRICS-н дээд хэмжээний уулзалт өндөрлөв. Манай урд хөрш Хятадад болсон энэ саммитын дараа хойд хөрш Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Путин энэ удаа Америкийн эрх баригчдыг “доош хийж”, зарим нэг сонирхолтой мэдэгдэл хийснийг түүвэрлэн хүргэж байна.

Асуулт: BRICS бол дэлхийн ДНБ-ий 31%. Нэгдэх явц хөгжих хэтийн төлөвийг та яаж харж байна? 
В.Путин: Их ирээдүй бий, үзэл суртлын ямар нэг зарчмаар биш, харин ашиг сонирхол олон талаар давхацсан учраас бид цугларч чуулдаг. Эхлээд 3 орон байсан, одоо 5. .. Хөгжлийн шинэ банк байгуулагдаж ажиллаж эхэлсэн, Орос 3 төслөөр санхүүжилт авлаа. Энэ бол зөвхөн эхний алхам... Энэ удаагийн саммит их амжилттай байлаа.

Асуулт: Умард Солонгосын талаар та ямар байр суурьтай байна? Энэ асуудлыг яаж шийдэж болох вэ?
В.Путин: Ирак улс, Саддам Хусейнд юу тохиолдсоныг бүгд мэдэж байгаа. Хуссейн бөөнөөр хоморголон устгах зэвсгээсээ татгалзаад яаж төгссөнийг бүгд сайн санаж байгаа. Гэтэл яг ийм шалтгаар (бөөнөөр хоморголон устгах зэвсэгтэй гэж) Саддам Хусейн ба түүний гэр бүлийн гишүүдийг устгасан. Бүр хүүхдүүдийг хүртэл хороосон, Хусейний ач хүүг буудан алсныг лав санаж байна. Ирак орныг сүйрүүлж, Саддам Хусейныг дүүжилсэн. Энийг бүгд мэднэ, бүгд санаж байгаа. Дараа нь Ливи... Умард Солонгос ч энийг маш сайн мэднэ, мартаагүй.
Умард Солонгосын алхам үйлдэл өдөөн хатгасан шинжтэй. Гэхдээ хориг арга хэмжээ авлаа гээд Пхеньяны нөхцөл байдлыг зохицуулж чадахгүй, энд хориг ашиглах нь үр дүнгүй, ашиггүй. Тэд өөрсдийгөө аюулгүй байдалд байна гэж мэдрээгүй цагт цөмийн хөтөлбөрөөсөө яасан ч татгалзахгүй. Умард Солонгом зүлэг ногоо идэхдээ тулсан ч энэ хөтөлбөрөөсөө татгалзахгүй. Тэгвэл яаж аюулгүй байдлыг хангах вэ? Олон улсын эрхийг сэргээх хэрэгтэй. Умард Солонгосын цөмийн асуудлыг энхийн, дипломат аргаар шийдэхээс өөр ямар ч зам байхгүй. 

Асуулт: Америк улс Оросын хэдэн дипломат объектыг хаах шийдвэр гаргасан. Оросын Гадаад харилцааны яам үүнийг “булааж эзлэлт”, “нэгжлэг” гэх зэргээр тодорхойлж байгаа. Үүнд та хэрхэн хандаж байна? Энэ бүхэнд ямар хариу өгөх вэ? 

В.Путин: Одоогоор Америкт хариу барих бодолгүй байна. Америкийн 1300 дипломатч ажилтан Орост байдаг бол манай 455 ажилтан АНУ-д ажилладаг. Энэ 455 дотор НҮБ-д ажилладаг 155 хүн орсон. Харин одоо хоёр талын дипломатчдын тоо адил тэнцүү байхаар хэлэлцэж тохиролцлоо. Иймээс Москвад байх америк дипломатчдын тоог бид тогтоох эрхтэй. Харин тэнд манай хэдэн дипломат байгууллага байхыг америкчууд шийднэ. Гэхдээ тэд энэ бүхнийг маш бүдүүлэг байдлаар хийж байгаа нь Америкийг гутааж орхилоо. Ер нь Австрийг Австралитай андуурдаг хүмүүстэй харилцан ярилцана гэдэг хэцүү хэцүү. Энийг яалтай ч билээ, Америкийн истеблишментийн тодорхой хэсгийн улстөрийн соёлын түвшин ийм байгаа хойно. Улстөрийн соёлын түвшин ийм доогуур энэ олон хүнийг ингэж тэвчиж байдаг Америк үндэстэн, Америкийн ард түмэн, Америк үнэхээр агуу улс, агуу ард түмэн юмаа.

Үргэлжлэл бий..http://mnews.mn/pum

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • m IP: 103.9.90.2 2017 оны 09 сарын 06

    yg vneniig tultal helsen shuu.. aguu hvn shuu...
Сэтгэгдэл