2017/11/19 Улаанбаатар -8º
2017 оны 09 сарын 06

Оросын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн хурлын сонин хачнаас үргэлжлүүлэн хүргэж байна. Түрүүч нь: http://mnews.mn/puj

Асуулт. Америк улс Умардын эсрэг хоригоо чангалахыг хүсч Оросыг нэгдэхийг хүсч байгаа. Гэтэл Орос улсад яг Умард Солонгос, Иран шиг хориг тавиад байгаа шүү дээ? 
В.Путин: Тийм ээ, энэ утгагүй, тэнэг хэрэг. Биднийг Умард Солонгостой нэг жагсаалтад тавьчихаад дараа нь Умардын эсрэг хориг тавихад туслаач гэж гуйж байгаа. Бид гомдоллох гээгүй байна, шоолж доромжлох ч үгүй. Манай байр суурь зарчмын шинж чанартай, яг л бусад асуудал шиг.... Хориг арга хэмжээ ямар ч үр дүнгүй. ...Орос улс дэлхийн зах зээлд 400 сая тонн нефть, нефтийн бүтээгдэхүүн нийлүүлдэг бол Умардад ердөө 40 мянган тонн нийлүүлдэг, энэ нь манай хувьд 0 гэсэн үг. Умард Солонгосын 30 мянган иргэн манайд ажилладаг, гэхдээ энэ ч гэсэн манай хувьд 0 гэсэн үг. Иймээс манайх Умардад хориг тавих талаар ярилтгүй. 

Асуулт: Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп таны урмыг хугалав уу? Та Америктай харилцаагаа зохицуулахдаа Трампыг шүүхэд өгч огцруулах магадлалтай гэдгийг тооцож үздэг үү? 
В.Путин: Америкийн дотоод улстөрийн байдал яаж өрнөх тухай тэдэнгүйгээр ярилцах нь зохимжгүй. Энэ бидний хэрэг биш, АНУ-ын асуудал. Харин урам хугарсан хугараагүй талаарх таны асуулт гэнэн сонсогдож байна. Трамп миний сүйт бүсгүй биш, би ч түүний сүйт хархүү биш. Бид төрийн ажил хийдэг улс, улс орон бүрд өөрийн ашиг сонирхол гэж бий. Трамп өөрийн эх орны үндэсний ашиг сонирхлыг удирдлага болгон ажилладаг, би ч ялгаагүй. Хоёр талын болон олон улсын асуудлуудыг шийдэхдээ ямар нэг зөвшилцөлд хүрч Америк ба Оросын ард түмний төлөө, мөн дэлхийн аюулгүй байдлын тухайд хүлээсэн манай хоёр орны онцгой хариуцлагыг тооцон бусад улс орны ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэрлэнэ гэж найдна.
Түрүүч нь:  http://mnews.mn/puj

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Иргэн IP: 203.169.50.110 2017 оны 09 сарын 07

    Мөн ч ухаантай хариулжээ
Сэтгэгдэл