2017/09/25 Улаанбаатар
2017 оны 09 сарын 06

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Орос улсад айлчилж байна. Тэрбээр ОХУ-ын Владивосток хотод нээгдсэн Дорны эдийн засгийн форумд оролцож үг хэлэв. Орос улс 3 дахь удаагаа Дорны эдийн засгийн форумыг зохион байгуулж байна. Оросууд энэ бүс нутагт гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгоор дэлхийн олон орны төр засгийн тэргүүнүүд, бизнесмэнүүдийг урьж оролцуулдаг уламжлалтай.

Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Находка дахь Дорны усан боомтын үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгч А.Гансүх нар байлцлаа.  

ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, “Оросын төмөр зам” ХНН-ийн ерөнхийлөгч О.В.Белозеров, ОХУ-ын Тээврийн дэд сайд, далай гол мөрний тээврийн холбооны Агентлагийн дарга В.А.Олерский нар нүүрс дамжуулан өнгөрүүлэх далайн боомтынхоо үйл ажиллагааг манай Ерөнхийлөгчид танилцууллаа.

Орос "Манайх энэ боомтоос Монголд газар өгье. Манайх шиг ийм боомт байгуулсны дараа Тавантолгойн нүүрсээ дэлхийн зах зээлд гаргах боломжтой" гэсэн саналыг албан ёсоор Монгол Улсад санал тавьжээ. Энэхүү “Восточный” буюу Дорны боомт нь Монгол Улс ба ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн “Приморье-1”олон улсын төмөр замын коридорын төгсгөлийн цэг юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга форумын нээлт дээр үг хэлэхдээ "Тавантолгойн нүүрсийг төмөр замаар дамжуулж дэлхийн үнэ цэн рүү ойртуулах боломжийг харлаа. Саяхан бид “Восточный” боомтод очоод ирсэн, тэр боомтод Монгол Улсын нүүрсийг Зүүн Азид нийлүүлэх боломж байгааг харлаа. Тэнд Монголоос хол оршдог Хакасын нүүрсийг 8000 гаруй км тээвэрлэж авч ирээд зарж байна, тиймээс Монгол Улсын Тавантолгойн сайн чанарын нүүрсийг төмөр замаар дамжуулж борлуулах боломж бий. Дэлхийн үнэ цэнд ойртуулах боломжийг өөрийн нүдээр төлөөлөгчдийн хамт очиж харлаа. Уул уурхайн бүтээгдэхүүнийг далайд гаргахын тулд бидэнд дэд бүтэц хэрэгтэй. УИХ-аар 2010 онд 5000 орчим км төмөр зам бүтээн байгуулах төсөл оруулж батлуулсан. Үүний Тавантолгойгоос Сайншанд хүртэлх эхний хэсгийн 458 км төмөр замын ажлыг ирэх жилээс бид эхлэх талаар ОХУ-ын Тээврийн сайд М.Ю Соколовт танилцуулсан. Үүнийг нэлээд найрсгаар хүлээж авсан. Энэ 5000 км төмөр зам дээр хөндлөн буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон 3 транзит тээврийн төслийг танилцуулсан, дээр нь Дэд бүтэц гэсэн том төсөл байгаа. Энэ төслийг хоёр хөрштэйгээ хамтарч хэрэгжүүлье гэдгийг Владивостокийн уулзалтын үеэр та бүхэнд танилцуулахад таатай байна" хэмээн цохон тэмдэглэв. 

www.mnews.mn

Сэтгэгдэл