2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 09 сарын 11

Оросын нийслэл Москва хот 870 жилийн ойгоо сүр жавхлантай тэмдэглэв. 12 сая хүн оршин суудаг Москва хотод энэ өдөр Кремлиэс 5 минут алхаад очих газарт “Зарядье” цэцэрлэгт хүрээлэн шинээр нээгдлээ. “Ийм парк Орост анхных, бүр дэлхийд ч байхгүй. Сүүлийн 200 жилд анх удаа Бульварын тойргийн дотор цэцэрлэгт хүрээлэн нээж байна" гэж Москвагийн мэр Собянин мэдэгдлээ. Москва хот 870 жилийн ойгоо тэмдэглэхэд 780 сая рубль зарцуулжээ. 

Баярын арга хэмжээнд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин оролцож үг хэлэв. Путин дараа нь Хөлбөмбөгийн ДАШТ-ий цомыг улс орноо тойрох аялалд үдэж өглөө. 9 сарын дараа Орост ДАШТ болох ба үүний өмнөхөн 26 мянган км аялсан цом буцаад ирэх юм. 

Харин “Зарядье” паркийн тухай өгүүлэхэд, 10,2 га талбайд босгосон энэ газарт Оросын байгалийн 4 бүсийг сонирхож болно, бүр хойт туйл ч бий. Эндхийн ногоон байгууламж 62 мянган м2 талбайг эзэлжээ, тухайлбал 30 төрлийн 1 сая гаруй ширхэг олон наст ургамал, мод бут суулгажээ. Паркт 4 хиймэл цөөрөм байгуулсан, хоорондоо холбоотой. Энд түүхэн дурсгалт 11 объект бий, дээр нь шинээр 12 байгууламж барьсан. Тухайлбал, "Зарядье” музейд Москвагаас олдсон түүхэн дурсгалт зүйлсийг үзэж болно. 

Паркийн хамгийн том, орчин үеийн байгууламжуудын нэг бол тэнгэрт хөвөх мэт гайхалтай гүүр. 244,4м урт гүүр туршилтын үед 240 тонн ачаа дааж байлаа, энэ нь алсыг харах талбай дээр нэгэн зэрэг 3000-4000 хүн багтана гэсэн үг. Москва гол дээрх “V” хэлбэртэй энэ гүүр нь нэгдмэл суурьгүй 70 м консоль. Паркт том, жижиг амфитеатр барина. Том амфитеатрын дээвэр нь шилэн, 8000 "квадрат"-д 150 нарны батарей суулгасан. Тэндхийн алсыг харагчаас Кремль яг алган дээр мэт харагддаг. Том амфитеатр нь 1560 хүний суудалтай бол жижиг амфитеатрт 400 хүн багтана, гэхдээ одоогоор барилгын ажил бүрэн дуусаагүй.

Оросууд 2,5 жилийн дотор 14 тэрбум рублиэр энэ бүхнийг барьжээ. Дээр нь зочид буудал, медиа төв, “Цаг хугацааны машин” аттракцион, газар доор флорариум болон кафе барихаар төлөвлөжээ. Урьдчилсан тооцоогоор энэ паркийг жилд 10 сая хүн үзнэ гэж тооцоолж байна. Гэхдээ энэ парк үнэ төлбөргүй бөгөөд 24 цагийн турш ажиллах аж. Нэмж өгүүлэхэд, шинэ парк барьсан энэ газарт өмнө нь "Россия" зочид буудал байсан. Дэлхийд томд орох энэ буудал жилд 5000 зочин хүлээн авдаг ба 2500 суудалтай концертын танхимд нь алдарт "Песня года" болдог байв, түүнээс гадна 2 танхимтай кино театртай байлаа. 

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл