2017/10/19 Улаанбаатар -6º
2017 оны 10 сарын 06

Саудын Арабын хаан Сальман Бен Абдель Азиз Аль Сауд Орос улсад төрийн айлчлал хийж байна. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин араб хааныг дээд зэргийн түвшинд хүлээн авч өөрөө биечлэн Кремлиэ танилцуулав. 

Орос ба Саудын Араб хоёр талын асуудлуудыг авч хэлэлцэн олон гэрээнд гарын үсэг зурлаа. Сансрыг энхийн зорилгод ашиглан хамтын судалгаа шинжилгээ явуулах, атомын энерги ба нөхөн сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтрах талаар хэлэлцсэнээс гадна "С400" нийлүүлэх, Калашниковын автоматыг Саудын Арабт үйлдвэрлэх зэргээр зэр зэвсгийн салбарт хэдэн тэрбумын гэрээ байгуулав. Мөн Саудын Арабын Нийтийн хөрөнгө оруулалтын сангаас тээврийн салбарт 100 сая доллар гаргахаар болжээ. Хоёр орон хамтран өндөр технологийн сан байгуулж 1 тэрбум доллараар санхүүжүүлнэ, мөн арабууд 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, 25 төсөл хэрэгжүүлнэ, энэ мөнгөөрөө хамтарч баахан гүүр, авто зам барих юм байх. Москва, Эр-Рияд хүчээ нэгтгэн нефтийн асар том зах зээлийн талыг хяналтдаа авахаар төлөвлөж байна, тэгвэл Америкийн ноёрхлын эсрэг хүчтэй өрсөлдөгчид болж хувирна. Түүнчлэн талууд байгалийн хийн олборлолт зэрэг салбарт хамтрахаар болжээ.

Гэхдээ Сальман хаан үнэн хэрэгтээ Сири, Иран, Йемен, Палестин орнуудын ирээдүйн талаар ярилцаж тохиролцохоор Москвад иржээ. Яагаад гэвэл, одоо Орос л Ойрхи Дорнодод "хаанчилж" байна. Өмнө нь Путин дээр израильчууд, туркууд, иорданчууд ирж асуудлаа шийдүүлсэн билээ. Дашрамд дурдахад, Саудын Араб улс 1926 онд анх тусгаар тогтнолоо зарлахад Орос буюу ЗХУ хамгийн түрүүнд баяр хүргэж тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрчээ. Өнөөгийн хаан Сальманы эцэг нь анх Саудын Араб улсыг байгуулжээ, мэдээж Америкийн тусламжтай. Хоорондоо өрсөлдсөн олон омог аймаг дундаас АНУ яагаад ч юм Сауд омгийг сонгон хаан ширээнд залрахад нь тусалсан ба ингэж Сауд овог нь улс орны нэр болсон түүхтэй.

Сальман хааныг Путинтэй Ойрхи Дорнодын ирээдүйг хэлэлцэж байх энэ үед Оросын "Агуу Новгород", "Колпино" хоёр хамтарч Сири дэх "Исламын улс" террорист бүлэглэлийн объектуудыг толгойлогчидтой нь цуг ёстой газартай нь тэгшилж байна. Санамсаргүй давхцал уу? 

Сонирхуулахад, Саудын хаан Орост 1000 гаруй бараа бологчоо дагуулан 459 тонн ачаа тээш, 2 тусгай лифттэй ирлээ. Тавлаг тухлаг орчинд дуртай арабууд бүр зөөлөн хивс энэ тэрээ хүртэл хаа байсан халуун нутгаасаа чирч ирсэн сурагтай. Хааны шадар бараа бологсод Кремлийн дэргэдэх 2 ч зочид буудлыг бүтнээр хөлслөн авсан аж, ер нь Улаан талбай орчмын 5 одтой зочид буудлууд пиг дүүрчээ. Хоногт доод тал нь 40 мянган рублийн үнэтэй буудалд хааны бараа бологсод буудалласан бол Сальман хаан өөрөө 5 одтой "Four Seasons" буудалд тухлав. Эндхийн люкс өрөө 500 метр урт бөгөөд хоногт 1 сая рублийн үнэтэй гээд төсөөл дөө. Гэхдээ энэ буудлын хувьцаа эзэмшигч нь Саудын Арабын хааны ойрын хамаатан, ханхүү Аль-Валид гэнэ. 

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • mongolhvv IP: 139.5.218.238 2017 оны 10 сарын 06

    orosuud l oirh dornod dohi enh tibaniig togtooj bna. sayd arabuud irantai orosuud zebsegiin tom naimaa hiij siriig demjij livand bgaa shiitiin hezzbolohhiin hodolgooniig demjij bgaa ni taalagdahgui bgaa l daa.gehdee aguu orosiin noloo oirh dornodod mash hvchtei bolj bna..
Сэтгэгдэл