2017/12/14 Улаанбаатар -27º
2017 оны 10 сарын 06

Украины Дээд Рада буюу парламентад дахиад л зодоон дэгдэв, энэ удаа Донбассаас болж. Украинд тогтсон төр засгаас салан тусгаарлахаа мэдэгдсэн Донбасст онцгой статус олгох тухай хуулийн төслийг парламентын гишүүд хэлэлцэж эхэлсэн ч энэ нь сүүлдээ зодоон болон хувирлаа. 

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко энэ хуулийн төслийг парламентад өргөн барьжээ. Шинэ хуулинд нэг сонин заалт бий, "Салан тусгаарлахаа зарласан Донецк, Луганскийн газар нутгийг “чөлөөлөх”-ийн тулд төрийн тэргүүн Зэвсэгт хүчнээ ашиглах эрхтэй” гэж тэнд заажээ. 10 сарын 5-нд энэ хуулийн төслөөс болж парламентын гадаа эмх замбараагүй явдал дэгдсэн тул Дээд Рада харуул хамгаалалтаа чангатгажээ. Үндэсний гвардийн 200 цэргийг нэмж авч ирэн парламентаа 3 давхар бүслэн хамгаалж байна.
 
Гэтэл зодоон одоо парламентын гадаа нь биш дотор өрнөв. Донбасст онцгой статус олгохыг эсэргүүцсэн “Эрх чөлөө” үндсэрхэг үзэлтнүүд, “Өөртөө туслах” хөдөлгөөний депутатууд нийлж индрийн тоног төхөөрөмжийг эвдэхийг оролдон парламентын тэргүүлэгчийн суудлыг хаав. Депутат Александр Турчинов дэг журамтай байхыг гишүүдэд хандан уриалах гэтэл Надежда Савченко түүнээс микрофон булаан авч хугалчихжээ. Азаар парламентын дарга Андрей Парубий энэ зодооны үеэр арай гэж өөрийн микрофонд хүрч очин завсарлага зарласнаар ноцтой юм болохоос сэргийлэв бололтой.  

Энэ зодооны талаар Оросын Гадаад харилцааны албан төлөөлөгч Мария Захарова “Энэ дэвшил үү, эсвэл ухралт уу гэдгийг ойлгоход хэцүү, гэхдээ зэрлэг гэдэг нь тодорхой. Бид уг нь Дээд Радад байнга зодолдож зөрчилдөж байдагт дассан. Гэтэл одоо депутатууд 2 хуваагдлаа, нэг хэсэг нь бие биеэ нүдэж байх хооронд нөгөө хэд нь гар утсаар бичлэг хийж байх юм. Өөрөөр хэлбэл Украины парламент 2 хуваагджээ, жүжигчид ба үзэгчид гэж" хэмээн мэдэгдлээ.

www.mnews.mn

Сэтгэгдэл