2017/12/14 Улаанбаатар -27º
2017 оны 10 сарын 07

Манай хойд хөрш Орос гүрний Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр 65 нас хүрлээ. ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, бэлтгэл хурандаа, самбо ба жудогийн спортын мастер Владимир Путин 3 удаа Оросын төрийн тэргүүнээр сонгогдсон ба завсар хооронд нь Ерөнхий сайдаар ажиллаж байв. Путин төрсөн өдрөөрөө ч ажилладаг зуршилтай. "Би ажиллаагүй үедээ ч ажиллаж байдаг" гэж Путин хэлдэг. Путин өнөөдөр ч ажиллаж, Аюулгүйн зөвлөлийн гишүүдтэйгээ Сочид хуралдах гэнэ. Хөрш орныхоо төрийн тэргүүн Владимир Путинд төрсөн өдрийн мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 

Путины ишлэл үгс:

- Танайх Оросын талыг хариуцсан сайдтай болбол ямрав? (Владивостокт болсон Дорны чуулганы үеэр Путин ийм саналыг Монгол болон Япон, Өмнөд Солонгост тавьжээ) 2017 оны 09 сарын 08.

- Биднийг Умард Солонгостой нэг жагсаалтад тавьчихаад (АНУ-г хэлжээ, орч) дараа нь Умардын эсрэг хориг тавихад туслаач гэж гуйж байгаа. Тийм ээ, энэ утгагүй, тэнэг хэрэг. 2017 оны 09 сар.

- Умард Солонгос зүлэг ногоо идэхдээ тулсан ч цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй. 2017 оны 09 сар.

- Австрийг Австралитай андуурдаг хүмүүстэй (Америкийн эрх баригчид, дипломатчид/орч) харилцан ярилцана гэдэг хэцүү хэцүү. Энийг яалтай ч билээ, Америкийн элитүүд ийм байгаа хойно. Улстөрийн соёлын түвшин ийм доогуур энэ олон хүнийг ингэж тэвчиж байдаг Америк үндэстэн, Америкийн ард түмэн, Америк үнэхээр агуу улс, агуу ард түмэн юмаа.

- Би хятад найзуудтайгаа ярьж тохиролцсон, тэд махны зах зээлээ бидэнд нээнэ. 2017 оны 06 сар.

- Дорно зүг рүү тэлэхгүй гэсэн НАТО-гийн амлалтыг бичгээр аваагүй нь ноцтой алдаа. 2017 оны 06 сар.

- Орос хакерууд эх оронч үзлээр зөв тэмцэл хийсэн байж болно 2017 оны 06 сар.

- Манай ард түмнийг эрхшээлдээ оруулах хүч байхгүй, байгаагүй, байх ч үгүй. 2017 оны 05 сарын 09. 

- Америк 2003 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Иракаас химийн зэвсэг олдсон мэт мэдээлж (шилэн савтай бодис үзүүлсэн, орч) байсан даа. Өнөөдөр Сирийн химийн зэвсэгтэй холбоотой шуугиан яг тэрийг санагдуулж байна. Үүнтэй холбоотойгоор манай алдартай зохиолчид Ильф, Петров нарын үгийг би сануулмаар байна. Уйдчихлаа, охид оо. Дахин дахин нэг зүйлээ давтаад залхмаар, уйтгартай байна, бид аль хэдийн энэ бүхнийг харсан, үзсэн. 2017 оны 04 сар.

- Америкийн улстөрийн тодорхой хүчнүүд өөрсдийн ашиг сонирхлын төлөө иймэрхүү шуугиан дуулианыг үргэлжлүүлэн дэгдээсээр байна. Москва уг нь Вашингтонтой сайн, түншийн харилцаа тогтоохыг хүсч байгаа. Оросын олон найз АНУ-д бий. Бид харилцаагаа тэглэхийг хүсч байна гэж үү? Тэртэй тэргүй энэ харилцааг тэглэчихээд бна. Эсвэл бид нөхцөл байдлыг Карибын тэнгисийнх шиг хямралд хүргэх гээд байна уу?  2017 оны 03 сарын 31 (Америкийн сонгуульд оросууд нөлөөлсөн гэсэн шуугианы талаарх асуултад ингэж хариулжээ).

- Хууль бусаар олсон бүх хөрөнгө, мөнгийг улс хурааж авна. 2017 оны 03 сарын 28.

- NATO өөрийн үйлдлээр Оросыг өдөөн хатгаж байна. 2017 оны 02 сарын 17.

- Бид хариу авах эрхээ өөрт үлдээснээр “гал тогооны дипломат" түвшин хүртэл доош унахгүй. 2017 оны 01 сарын 02.

- Европ, Англи өөрсөддөө хор хөнөөл учруулах алхам хийхгүй байх. 2016 оны 11 сарын 21.

- Би гэрлэсэн, салсан... аз жаргалтай байна. 2016 оны 11 сарын 14.

- Одоохондоо би тэтгэвэртээ гараагүй. Агуу том гүрний удирдагчийн хувьд биеэ барьж, ширүүн дориун үг хэлэхгүйг хичээх ёстой болж байна. Сонгууль өөрчлөлтийн багаж хэрэгсэл байхаа больж, элдэв дуулиан шуугиан төдий болжээ. Уучлаарай намайг, гэхдээ улстөр үнэндээ одоо хэн хэнийг чимхсэн, хэнтэй унтаж байгаа талаарх хэлэлцүүлэг болж хувирсан. Энэ бол байж болох бүхий л хил заагийг давсан хэрэг.
Нийгмийн ялгаа улам гүнзгийрч, дундаж анги алга болж байгааг элитүүд анзаарахгүй царайлан үзэл суртлын загвараа тулгасаар. Гэтэл тэдний энэ үзэл суртал манай соёл, үндэсний ухамсрыг сүйрүүлж байна. Зарим улс орон эзэндээ таалагдах гэж өөрийн тусгаар тогтнолоос татгалзаж үндэсний ашиг сонирхлоо золиосолж байна. http://mnews.mn/o8n

- Чи ярьж дуусав уу? Танай улс бол иймхэн (Путин хоёр алгаа ойртуулав) харин манай улс бол ийм (мөрний хэмжээнд хүртэл гараа дэлгээд). Одоо чамд 2 зам байна. Нэг бол чи ийм ширүүн өнгөөр үргэлжлүүлэн яриад бай, тэгвэл би чамайг няц дарчихна. Эсвэл чи пянзаа өөрчилчих, тэгээд би чамайг Европын хаан болгож чадна. (Францын Ерөнхийлөгч Николя Саркозид 2007 онд хэлсэн үг). 

- Манай хилийг тойроход тэдний бензин хүрэлцэхгүй. 2016 оны 10 сарын 13.

- 200 орос яаж хэдэн мянган англичуудыг хэмх нүдсэн нь ойлгомжгүй (хөлбөмбөгийн фанатуудын тухай). 2016 оны 06 сарын 22.

- Грекийг Геракл шиг гавьяа байгуулж, Европын хүнд суртлын морин жүчээг цэвэрлэнэ гэж найдахгүй байна. 2016 оны 05 сарын 28.

- Оросын тэргүүн хатагтайн тухай мэдээ валютын ханш, нефтийн үнэд өөрчлөлт оруулж магадгүй. 2016 оны 04 сарын 15.

- Энэ гүүрийг хугацаанд нь ашиглалтад оруулахгүй бол дүүжилнэ шүү. 2016 оны 03 сарын 19.

- Оросыг бүс нутгийн гүрэн гэвэл эхлээд аль бүс нутгийнх болохыг тодорхойлох хэрэгтэй. Газрын зураг дээр харцгаая, энд Европын хэсэгт үү? Эсвэл дорно зүгт үү? Тэнд манай хөршүүд бол Япон, Америк (хэрэв Аляскийг авч үзвэл) ба Хятад. Энэ Азийг ярьж байна уу? Эсвэл өмнөд хэсгийг үү? Хойшоо харъя л даа, умардад бид Мөсөн далайгаар Канадтай хиллэдэг. Үгүй бол өмнө зүгт үү? Хаана вэ? Ямар бүс нутгийн тухай ярьж байна? Бусад улс орны талаар үл тоомсорлох маягаар ярих нь өөрийгөө онцгой, шилэгдмэл гэж батлах гэсний нөгөө тал гэж би бодож байна. Энэ бол алдаатай байр суурь. 2016 оны 01 сарын 13 (АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад өгсөн хариулт).

- Бид хүсэх л юм бол хэнд ч, хаанаас ч хамаагүй цохилт өгч чадна. 2015 оны 12 сарын 18

- Туркийн удирдлага АНУ-ын нөгөө нэг юмыг долоохоор шийджээ, гэхдээ энэ нь АНУ-д хэрэгтэй эсэхийг хэлж мэдэхгүй. 2015 оны 12 сарын 18.

- Пуужингаа цөмийн цэнэгт хошуугаар цэнэглэх шаардлага гарахгүй гэж найдна. 2015 оны 12 сарын 10.

- Туркийн эрх баригч сүргийг Аллах шийтгэхээр шийджээ. 2015 оны 12 сарын 03.

- "Исламын улс"-ын хууль бус нефтийн төлөө Турк манай "Су-24"-г сөнөөсөн. 2015 оны 12 сарын 01.

- Террористуудын хамсаатан Турк ар нуруу луу минь хутгаллаа. 2015 оны 11 сарын 25.

- Бид сэтгэл зүрхний нулимсаа арчихгүй. 2015 оны 11 сарын 18.

- Хэрэв зодоон зайлшгүй бол түрүүлж цохих хэрэгтэй. 2015 оны 10 сарын 23.

- Та нар ядаж одоо юу хийснээ ойлгож байна уу? 2015 оны 09 сарын 29 http://mnews.mn/kr7

- Гадны удирдлаганд байх нь Украины ард түмний хувьд доромжлол. 2015 оны 08 сарын 18.

- Би Сирийг том Сталинград болгож хувиргана. 2015 оны 08 сарын 06

- АНУ дэлхий даяар доншуучилж, хэн дуртайгаа шоронд хорих эрхгүй. 2015 оны 07 сарын 30.

- Орост тулган шаардахыг хэнд ч зөвшөөрөхгүй. 2015 оны 06 сарын 21.

- АНУ-ын цэргийн зардал дэлхийн бүх орны цэргийн зардлыг нийлүүлснээс ч их. 2015 оны 06 сарын 08.

- Орос хэзээ ч Европт нууц амраг шигээ хандаж байгаагүй. 2015 оны 06 сарын 08.

- Арьс өнгөөр давуу, онцгой гэсэн үзэл суртал цуст дайнд хүргэснийг бид мартаж болохгүй. 2015 оны 05 сарын 10.

- Орос өөрийн ашиг сонирхлын төлөө эцсээ хүртэл зогсох болно. 2015 оны 04 сарын 27.

- Улстөрийн нөхцөл байдал үе үе өөрчлөгддөг бол харин ард түмэн үүрд мөнх. 2015 оны 04 сарын 17.

- Порошенко надад шууд л "Донбассыг ав, ав" гэсэн. Би хариуд нь "Чи солиороо юу? Надад Донбасс хэрэггүй. Хэрэв та нарт хэрэггүй юм бол тусгаар тогтнолыг нь зарлахгүй юу гэсэн". 2015 оны 04 сарын 06. (Forbes: Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өөрөө Донбассыг Орост өгөхийг хүссэн).

- Крымыг хамгаалахын тулд цөмийн зэвсгээ байлдааны бэлэн байдалд оруулах шахсан. 2015 оны 03 сарын 16.

- Америкчуудын гар хүрсэн бүхэн Ливи, Ирак шиг үнсэн товрог болж хувирдаг. 2014 оны 09 сарын 01.

- ОХУ хэнтэй ч дайтахгүй, гэхдээ хэзээ ч хагас колони болохгүй. 2015 оны 02 сарын 08.

- Украины арми үнэндээ НАТО-гийн хөлсний легион. 2015 оны 01 сарын 27.

- Баавгайг гинжилж, турсагыг нь хуулан мануухай хийхийг эрмэлзэж бна. Би заримдаа ингэж боддог, хэрэв манай баавгай нам жим суугаад тайгадаа гахайн торойгоо ч агнахаа больж, зөвхөн жимс, зөгийн балаар хоолловол түүнийг тайван үлдээх болов уу? Гэвч тэд баавгайг тайван үлдээхгүй, яагаад гэвэл түүнийг үргэлж гинжлэх гэж эрмэлздэг. Тэгээд хэрэв гинжилж чадвал шүдийг нь, бас хумсыг нь сугалж хаяна. Өнөөдрийн ойлголтоор энэ бол цөмийн зэвсэг. 2014 оны 12 сарын 19.

- Европын хувьд тусгаар тогтнол дэндүү том тансаглал 2014 оны 12 сарын 07.

- Украины хувилбар Орост үйлчлэхгүй. 2014 оны 07 сарын 23.

- Вашингтон дэлхийн казарм байгуулахыг хүсдэг. 2014 оны 07 сарын 07.

- Украинд неонацистууд аллага хядлага үйлдэж байна. 2014 оны 05 сарын 19.

- АНУ интернэтийг хянадаг. 2014 оны 04 сарын 25.

- Би экс эхнэрээ нөхөрт гаргасны дараа өөрийгөө бодно. 2014 оны 04 сарын 18.

- Януковичид "Мономахын малгай"хүндэдсэн. 2014 оны 04 сарын 18.

- Орос хүчирхэгжиж байгаа нь зарим нэгнийг айлгаж байна. 2014 оны 02 сарын 25.

- Фашизм ялсан бол зарим улс үндэстэн үүрд устах байлаа. 2014 оны 01 сарын 17.

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл