2017/10/19 Улаанбаатар -6º
2017 оны 10 сарын 09

Умард Солонгосын тэргүүн Ким Чен Уны дүү Ким Ё Чжон гэдэг бүсгүйн талаар шинэ мэдээ цацагдлаа. Умард Солонгосын Хөдөлмөрийн намын хурал энэ бүсгүйг Төв хорооны Улстөрийн товчооны гишүүнээр сонгожээ. Мэдээж ахынх нь шууд оролцоотойгоор. Кимийн угсааныхан 50 жил гаруй Умардыг удирдаж байгаа ч ийм залуу эмэгтэйг өндөр албан тушаалд сонгосон нь анхны тохиолдол.

Ким ингэж өөрийн дүүг улсынхаа эрх барих дээд байгууллагад оруулж ирсний шалтгааныг тоймчид янз бүрээр дүгнэж байна. “Гадны дарамт шахалт ихэсч байгаа учраас Умардын тэргүүн Ким дотоодод өөрийн хяналтыг нэмэгдүүлэхийг оролдож байна” гэж зарим нь үзсэн бол нөгөө хэсэг нь “Эрх баригчид ийм байдлаар хүний нөөцөө залуужуулж байна” хэмээжээ. Ким Ё Чжон хамгийн анх 2014 оны 3 сарын 2-нд Моранбон чуулгын тоглолт дээр олны өмнө гарч ирсэн. Тэр үед л Кимийн дүүг Хөдөлмөрийн намын гол ажилтнуудын нэг гэж Умардын телевизээр зарлажээ. 

Ким Ё Чжон 28 настай (зарим мэдээгээр 30 настай), тэрбээр 2014 оны 1 сараас Солонгосын Хөдөлмөрийн намын 54-р тасгийг даргалдаг болжээ, түүний ажил үүргийн хуваарьт Зэвсэгт хүчний материаллаг хангамжийг хариуцах гэж бий. Өмнө нь энэ албан тушаалыг хашиж байсан Кимийн авга ах Чан Сон Тхэкийг авлига, тагнуул зэрэг олон хэрэгт буруутган цаазалсан билээ. Улсын 2 дахь хүн гэгдэж байсан Чан Сон Тхэкийн эхнэр, охин ч олны өмнө гарахаа больсон. III Ким Өөрт үнэнч элитүүдийг бий болгож байна.

Ким Ё Чжон 2014 онд Ардын дээд хурлын депутат болж, 2016 онд Төв хорооны бүрэлдэхүүнд багтан суртал ухуулгын тасгийн орлогч болсон. “Ким Ё Чжон бүр эцэг Ким Чен Ирийг амьд байхад Үндэсний батлан хамгаалах хорооны бүтцэд орсон, тэр эдийн засаг ба төрийн удирдлагын систем яаж ажилладагийг мэднэ. Тэр ахынхаа баруун гар болно” гэж зарим сонин хэвлэрээр мэдээлэв.

www.mnews.mn

Сэтгэгдэл