2017/10/19 Улаанбаатар -6º
2017 оны 10 сарын 13

Америкчууд өнөөдөр далдын хүч, индианчуудын хараалыг эргэн дурсч байна, 13-ны баасан гарагийг ч хэлэх үү. 

Америкийн Калифорни 9 сарын эхээс л шатсаар. Ойн түймэр анх нэгэн зэрэг хэдэн газарт дэгдсэн тул зориуд шатаасан байх магадлалтай гэж албаны хүмүүс үзэж байна. Сүүлийн долоо хоногт л гэхэд орон нутгийн аврах алба 100 гаруй хүмүүст тусалжээ, тэдний ихэнх нь угаарын хийнд хордсон аж. Одоогоор 31 хүн амь үрэгдэж 100 гаруй хүн сураггүй алга болсон ба 12-ын амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. 1500 гаруй барилга байгууламж шатаж нурсан, одоогоор 20 мянга гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10 сарын 10-нд тус мужийг байгалийн гамшгийн бүс хэмээн тушаал гаргаж, харин Калифорни мужийн амбан захирагч Джерри Браун 3 тойрогт Онц байдал зарлажээ. Орон нутгийн дархан цаазат газрын 3,5 мянган гектар гал түймэрт устаж, тансаг дарс үйлдвэрлэдэг усан үзмийн тариалан ч үнсэн товрог болов. Тун каньон, Пондероз тойрог хамгийн их галд өртсөн ба одоо түймэр хэдэн том суурин газарт дөхөн ирлээ. 

Хамгийн аюултай нь энэ нутагт хар салхи байнга шуурч бүр 140км/ц хүрч байгаа тул гал түймрээс явган явж зугтаах бараг боломжгүй, зарим нь машинаараа аврагдахыг хичээсэн ч амьдаараа авто машин дотроо шатсаар. Калифорний 500 гаруй гал сөнөөгч хэдэн арван нисдэг тэрэг, онгоц ашиглан гал унтрааж байгаа ч нөхцөл байдал аюултай хэвээр. Америкийн эрх баригчид саяхан төсвөөс асар их мөнгө гаргаж Флорид болон өөр хэдэн мужаар шуурсан аймшигт гурван ч хар шуурганы хохирлыг барагдуулахад зарцуулахаар өгсөн, одоо энэ гал түймэртэй ч чадах ядахаараа тэмцсээр байна. 

Ар араасаа цуварсан элдэв гамшиг, мөн Ерөнхийлөгч Трампын замбараагүй, эргэлзээтэй олон мэдэгдлээс болоод америкчууд одоо далдын хүч, элдэв хараал жатгад итгэх нь нэмэгдсээр. Интернэтэд л гэхэд “индианчуудын хараал”-ыг хүмүүс эргэн дурсч байна. “Америк 44 ерөнхийлөгчтэй байх болно, дараа нь тэд тамын галдаа шатаж устана” гэж индиан бөө зөгнөсөн юм байх. Иймээс 45 дахь Ерөнхийлөгч Трампын үед Америк гүрэн устаж, оршин тогтнохоо болино гэж интернэт хэрэглэгчид бичиж маргалдаж байна. 

Нэмж өгүүлэхэд, Америк тивд 114 сая индианчууд аж төрж байсан, гэтэл цагаан арьстнууд энд хүрч ирээд хэдхэн арван жилийн дотор 100 саяыг нь хяджээ.  “Еврейчүүдийн геноцид, армянчуудын геноцид гэж бүгд сонссон. Харин индианчуудын геноцид гэж яагаад ярьдаггүй вэ? Үнэндээ Америк тивийн уугуул индианчуудыг хядаж хүйс тэмтэрсэн америкчууд, канадчуудын дэргэд Гитлер бол зүгээр л гөлөг” гэж зарим тоймч бичдэг. Геноцид гэдэг нь латины genos – арьстан, омог, үндэстэн ба cide — аллага гэсэн хоёр үгээс үүсчээ. Ингэхэд НҮБ анх геноцидын тухай тогтоолыг 1948 онд гаргахад Америкийн Засгийн газар батламжлахаас татгалзсаныг та мэдэх үү? 

Цагаан арьстнууд анх Америк тивд хөл тавьсан цагаас л индианчуудыг хүн гэж үздэггүй байсан. Чухам Гитлер л америкчууд, канадчуудаас үлгэр дуурайл авч бөөнөөр хорих лагериудаа байгуулсан юм. Бөөнөөр хоморголон устгаж, биологийн дайн явуулан, хүчээр нүүлгэн шилжүүлж, эрх чөлөөг нь боомилж нутаг зааж хүнд хүчир ажил хийлгэн боолчлохоос гадна орон нутгийн эмэгтэйчүүдийг мэс заслын аргаар хүчээр цэвэршүүлж, шашны болон бөөгийн ёслол зан үйлийг хориглон, өөрсдийн үнэт зүйлсийг хүчээр тулгаж байсан тухайгаа Америк улс түүхийн номондоо бичдэггүй. Индианчуудын газар нутгийг булаан авсан цагаан арьстнууд амьд үлдэгсдэд газар хуваарилж улмаар хүчээр Христийн шашинд оруулж эхэлжээ. Тэд индианчуудыг бүр бяцхан хүүхдүүдийг нь хүртэл алж хөнөөн шатааж, амьдаар нь нохдод хаяж өгөн үүгээрээ бахархаж байв. Америк цэргүүд индианчуудын хамар, чих, гар хөл, хуйхыг нь огтолж аван арьсыг нь амьдаар хуулж, шарж түлэн Дуурийн театртаа үзмэр болгож нийтэд үзүүлэхийн зэрэгцээ индиан эмэгтэйчүүдийн хөх, бэлгэ эрхтнийг огтлон түүгээр эмээл, нумаа чимж тамхины уут хийдэг байсан гэхэд итгэмээргүй. Тэр бүү хэл өнөөгийн америкчуудын өвөг дээдэс зориудаар элдэв халдварт өвчний нян шингээсэн хөнжил одеяло, алчуурыг хүмүүнлэгийн тусламж хэмээн индианы омог аймгуудад тарааж биологийн зэвсэг болгожээ, мөн индианчуудыг идэх хоол хүнсгүй болгож өлсгөлөнгөөр багалзуурдахын тулд гол хүнс бизон үхрийг зориуд сая саяар нь устгажээ (доорх зураг дээр). Гэхдээ тэс өөр хоёр соёл иргэншлийн энэ дайн аль аль талаасаа харгис хэрцгий байсан гэдгийг дурдах нь зүйтэй. 

Гэтэл уугуул индианчууд өндөр хөгжилтэй байсныг түүх гэрчилнэ. Европчууд анх Америк тивд хөл тавихаас бүүр өмнө индианчууд уудам нутагтаа эрүүл саруул, цатгалан амьдарч гайхамшигтай олон том хот, пирамидыг барьж байгуулсан. Ганц жишээ дурдахад, Мехикод л гэхэд Европын аль ч хотоос илүү олон хүн амьдарч байв. Одоо Америкийн 325 сая хүн амын 2,5 сая нь индианчууд. Өнөөдөр дэлхий даяар  индианчуудын 1000 орчим омог аймаг байгаа, харин XV зуунд энэ тоо 2200 байсан юм. 

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • ссср IP: 103.26.193.52 2017 оны 10 сарын 13

    америкууд цусандаа живцгээх болноо новшнууд хариугаа эхнээс нь авч байгаа нь тэр
Сэтгэгдэл