2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 16

Орос улсын Сочи хотод Дэлхийн залуучууд, оюутнуудын 19-р их наадам нээгдэв. Дэлхийн 180 гаруй орны бараг 30 мянган залуус энэ удаагийн их наадамд оролцож байна. Хамгийн анх энэ наадам 1947 онд Чехословакийн Прага хотод болсон билээ. Орос улс 3 дахь удаагаа энэ наадмыг зохион байгуулж байна, өмнө нь 1957 онд, бас 1985 онд Москвад болсон. 1957 оны их наадам дээд амжилт тогтоосон, тус наадамд дэлхийн 131 орноос 34 мянган залуус, оюутнууд хүрэлцэн ирсэн юм. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин их наадмыг нээж үг хэлэн манай гарагийн өнцөг булан бүрээс ирсэн залууст мэндчилгээ дэвшүүлэв. “70 жилийн өмнө анхны их наадам явагдсан. Яг та нар шиг залуус, охид бүсгүйчүүдийг тэр үед мөрөөдлийн хүч ба залуу насны чин сэтгэл, сайхан санаагаар үл итгэлцлийн мөсийг хайлуулж даян дэлхийг шударга бус явдал, дайн дажин, зөрчлөөс ангижруулна гэсэн итгэл найдвар нэгтгэж байлаа. Тухайн үед та нарын үе чацуутан олон зүйлийг хийж чадсан. Жинхэнэ нөхөрлөлийн өмнө ямар ч саад тотгор хүчин мөхөстдөг болохыг, мөн хүнлэг халуун дулаан харилцаа нь улстөр, үндэстэн, шашин шүтлэг, соёлын гээд олон ялгаанаас үл хамаардагийг тэд баталсан юм. ...Сочи бол манай спортын нийслэл, Олимпийн ахан дүүс ба итгэл найдварын хот. Янз бүрийн орны, олон үндэстний, өөр өөр шашин шүтлэгтэй залуус та нарыг нийтлэг үнэт зүйлс, нэгдмэл зорилго, мэдрэмж ба эрх чөлөө, аз жаргал, энх тайван, манай гарагийн эв нэгдэл, бүтээн байгуулалт, илүү өндөр амжилтад хүрэх хүсэл тэмүүлэл нэгтгэж байгаа гэдэгт би итгэж байна. ... Залуу насны эрч хүч, авьяас билэг бол гайхалтай хүчийг агуулдаг. Залуу үеийнхэн үргэлж шинэ, сэргэг санааг энэ дэлхийд авч ирдэг. Залуус та нар дандаа туршиж үзэх, маргаж мэтгэлцэхийн зэрэгцээ ердийн, хэвшил болсон юмсыг хүлээн зөвшөөрөхгүй байх хандлагатай. Сэд, сэтгэ, өөрсдийн ирээдүйгээ бүтээцгээ. Хамгийн гол нь зөвхөн урагшаа шаргуу явах ёстой. Их наадмын ахан дүүсийн барилдлага та нарын хамгийн зоригтой, хамгийн сайн сайхан мөрөөдөл, санаа зорилгыг амьдралд хэрэгжүүлэхэд туслах болно. Дэлхийн залуучууд, оюутнуудын 19-р их наадам эхэлснийг зарлаж байна" хэмээн Ерөнхийлөгч Путин мэдэгдлээ.

Доорх бичлэгээс манай гарагийг билэгдсэн их наадмын тайзан дээр өрнөсөн сонирхолтой үзүүлбэрүүдийг хүлээн авна уу. Мөн экологи, боловсрол, энерги, ядуурал, мэдээлэл зүй, шинжлэх ухаан гэсэн 6 гол сэдвийг оросууд хэрхэн өвөрмөц байдлаар олон нийтэд танилцуулсныг үзээрэй.

www.mnews.mn

Сэтгэгдэл