2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 20

Дэлхийн 33 орны 130 гаруй төлөөлөгч Оросын Сочи хотод зохион байгуулагдсан “Валдай” олон улсын клубын чуулганд оролцож байна. Клубын ерөнхий сэдэв: “Бүтээн байгуулагч сүйрэл: Зөрчилдөөн дундаас дэлхийн шинэ дэг журам тогтох уу?”. Жил тутмын энэ чуулганд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Афганистаны экс Ерөнхийлөгч Хамид Карзай, Норвегийн Нобелийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Асле Тойе, “Алибаба” группийн захирлуудын зөвлөлийн тэргүүлэгч Джек Ма нар оролцов. В.Путины хэлсэн үгээс хүргэж байна. 

...Даян дэлхий эрчимтэй өөрчлөлтийн эринд шилжлээ. Дөнгөж саяхан л уран зөгнөл, биелшгүй мэт яригдаж байсан юмс бодитоор хэрэгжиж энгийн зүйлс болж хувирч байна. ...Дэлхийг захирах байр суурийн төлөөх өрсөлдөөн хурцадсаар.

...Тэргүүлэгч гүрнүүдийн геополитикийн стратеги, ертөнцийг харах үзэл өөр өөр. ... Манай гарагийн аюулгүй байдал улам буурсаар. Хөгжил дэвшил, ардчиллын оронд хэт даврагчдын бүлэглэлүүд, радикал элементүүд чөлөөтэй, дураараа дургиж соёл иргэншлийг үгүйсгэн бүхнийг эмх замбараагүй, бүдүүлэг, харанхуй хуучны үе рүү аваачихыг эрмэлзэж байна. Сүүлийн хэдэн жилийн түүх үүнийг ил тодоор харууллаа. Зарим орон Ойрхи Дорнодыг өөрчилж, өөрсдийн үзэмжээр форматлах, гадаадаас удирдан харийн хөгжлийн загварыг тулгах эсвэл зүгээр л шууд зэр зэвсгийн хүчээр төрийн эргэлт хийх гэж оролдоод юунд хүрснийг бид мэднэ. Нөхцөл байдлыг хамтдаа залруулж терроризмд бодит цохилт өгөхийн оронд зарим орон үнэндээ тэмцэж байгаа дүр үзүүлэх зэргээр тухайн бүс нутагт эмх замбараагүй байдлыг улам дэврээсээр Зарим нь энэ хаосыг удирдаж байгаа гэж бодсоор байгаа. 

...Харин Сирийн туршлага эерэг дуурайлал үзүүлж байна. Орос улс олон улсын хууль эрх дээр суурилан Сирийн хууль ёсны Засгийн газартай хамтран алан хядагчдын эсрэг зогсч байна. Өөр жишээ бол Солонгосын хойг дахь гардан тулаан. Мэдээж, бид Умард Солонгосын цөмийн туршилтуудыг буруутгаж байгаа, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж байна. Гэхдээ энэ асуудлыг харилцан ярилцах замаар шийдэх ёстой болохоос биш Умард Солонгосыг буланд шахаж хүч хэрэглэнэ гэж сүрдүүлэн, илт бүдүүлэг авир, хараал зүхэл болж доошоо орж болохгүй.

Умард Солонгосын дэглэм заримд ньтаалагдаж эсвэл таалагдахгүй ч байж болно. Гэхдээ Умард Солонгос бол тусгаар тогтносон улс гэдгийг мартаж болохгүй. Аливаа зөрчил, сөргөлдөөнийг соёлтой шийдвэрлэх ёстой. Орос орон үргэлж ийм хандлагын төлөө байдаг. Сири ба Ливийн хямрал, Солонгосын хойг ба Украины асуудал гээд ямар ч төвөгтэй зангилааг эвээр тайлах хэрэгтэй, түүнээс биш цавчин хаяж огт болохгүй. 

Тогтвортой байдал ямар эмзэг байдгийг Испаний үйл явдал харууллаа. Каталоны нөхцөл байдалтай холбоотойгоор Европын холбоо болон олон улс орнууд шууд л салан тусгаарлагчдыг нь буруушааж байна. Энэ тухай өмнө нь бодох хэрэгтэй байсан юм даа. Европын дотор гүнд нь иймэрхүү сөргөлдөөн зуу зуун жилээр үргэлжилж буй талаар хэн ч мэдээгүй байсан гэж үү? Мэдэж байсаан, байсан. Гэхдээ тэд тухайн үедээ Европын олон орныг задарч бутрахад өөгшүүлэн дэмжиж бүр баярлан хөөрч байгаагаа ч нуугаагүй. Вашингтоны “том ах”-даа тал засан долигонох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн Косовог салан тусгаарлахад яаж гэж ухаангүй тэгж үг дуугүй дэмжиж улмаар Европ болон дэлхийн бусад бүс нутагт иймэрхүү явдлыг өдөөн хатгаж байв?

Крым бие даахаа мэдэгдэж дараа нь бүх нийтийн санал хураалт явуулан Орост нэгдсэнийг сануулъя, энэ үйл явдал яагаад ч юм заримд нь таалагдаагүй. Одоо Каталон, бас Курдистан. Энэ жагсаалт үргэлжлэх байх. ...Хоёрдмол стандарт ажиглагддаг, энэ л Европ ба бусад тивийн тогтвортой хөгжилд, дэлхийн интеграцид ноцтой аюул учруулж байна. 

Улс орон бүрт өөрийн улстөр, эдийн засгийн ба бусад ашиг сонирхол гэж бий, түүнээ яаж хамгаалж урагшлах вэ гэдэгт л асуудал оршдог. Орчин үеийн ертөнцөд бусдыг ашиглан золиосолж стратегийн хожилд хүрэх боломжгүй.  Үргэлжлэл бий... http://mnews.mn/q16

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл