2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 20

“Валдай” олон улсын клубын чуулган дээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үгийг үргэлжлүүлэн хүргэж байна. 

... Өмнө нь улс орнуудын үүрэг роль, нөлөөг геополитикийн хүчин зүйс, газар нутгийн хэмжээ, цэргийн хүч, байгалийн баялгаар үнэлдэг байлаа. Эдгээр хүчин зүйл өнөөдөр ч чухал, гэхдээ хамгийн чухал нь шинжлэх ухаан-технологийн хүчин зүйл болжээ, түүний ач холбогдол улам нэмэгдсээр байх болно. ...Харамсалтай нь өрнөдийн орнууд өөрсдийгөө “хүйтэн дайн”-д ялсан гэж зарлан тусгаар орнуудын хэрэгт хөдлөнгөөс ил тодоор оролцож ардчиллыг экспортолж байна, яг л ЗХУ тухайн үедээ социалист хувьсгалыг дэлхий даяар экспортлох гэж оролдсон шиг.

...НАТО нөлөөгөө ихэсгэж хүрээгээ тэлсээр. Өөртөө хэт итгэлтэй байдал үргэлж алдаа эндэгдэл болж хувирдаг, үр дүн нь нэн гунигтай. Энэ бол алдагдсан 20 гаруй жил, алдагдсан олон боломж, харилцан үл итгэлцлийн хүнд ачаа. Даяаршлын баланс алдагдах нь улам нэмэгдсэн. АНУ-ын Ерөнхийлөгч хэдхэн цагийн өмнө нийгмийн сүлжээнд Орос-Америкийн цөмийн салбар дахь хамтын ажиллагааны талаар бичсэн тухай дөнгөж сая надад дуулгалаа. ...1990-ээд онд хоёр талт хэд хэдэн том хэлэлцээр байгуулсан юм. .. Эхний хэлэлцээрийн хүрээнд америкчууд манай хамгийн эрхэм, нандин цөмийн зэвсгийн нууц үйлдвэр, цогцолборуудад 620 удаа айлчилсан. Америк үнэндээ Оросын маш нууц объектуудад нэвтэрч байлаа. Гэтэл хэлэлцээр бараг л нэг талыг баримталсан шинжтэй болсон. 2-р хэлэлцээрийн хүрээнд америкчууд манай хаалттай, баяжуулах комбинатууд 170 удаа нэвтэрсэн. Тэр бүү хэл Америкийн ажиглалтын суурин пост байгуулж шалгаж байлаа. Түүнээс гадна АНУ-ын 100 гаруй мэргэжилтэн дуртай үедээ, урьдчилан сэрэмжлүүлэлгүй нэмэлт шалгалт хийх эрхтэй байв. Тэдэнд байнгын ажлын байр гаргаж өгсөн, тэгээд тэд Америкийн тугтай ажиллаж байсан. Манай маш нууц цөмийн объектууд дээр шүү. Ийм байдал 10 жил үргэлжилсэн ба энэ хугацаанд Орос 500 тонн зэвсгийн уранаа эргэлтээс гаргасан, энэ бол 20 мянган цөмийн цэнэгтэй тэнцэнэ. ...Бидний гол алдаа бол та нарт итгэсэн явдал....

“ВОУ–НОУ” хөтөлбөр бол хүн төрөлхтний түүхэнд бодитоор зэвсэглэлийг бууруулсан хамгийн үр дүнтэй ажил байлаа. Оросын алхам бүрийг Америкийн мэргэжилтнүүд нэг бүрчлэн хянаж байсан, гэсэн хэрнээ АНУ өөрөө цөмийн зэвсгээ маш багаар бууруулсан, тэгэхдээ ямар нэг төлөвлөгөө хөтөлбөрийн дагуу биш зүгээр л үзэмжээрээ. Манай мэргэжилтнүүд АНУ-ын цөмийн зэвсгийн цогцолборт зөвхөн урилгаар очиж, тэдний заасан нөхцлөөр л ажилласан. Оросын тал туйлын ил тод, нээлттэй ажиллаж, хязгааргүй итгэсэн. Гэтэл тэд манай үндэсний ашиг сонирхлыг үл тоомсорлон Кавказад сепаратизмыг дэмжин, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гадуур ажиллаж Югослав, Белградыг бөмбөгдөн, Иракт цэргээ оруулсан.... Тэд манай цөмийн цогцолбор, Зэвсэгт хүчин, эдийн засгийн байдал зэргийг харсан хойно олон улсын ямар ч хууль эрх шаардлагагүй болсон хэрэг. 

2000-аад онд АНУ ба ОХУ-ын хамтын ажиллагаа шинэ үе шатанд гарч, стратегийн олон хэлэлцээр байгуулав. Гэтэл 2014 онд Америк дангаараа Хэлэлцээрээс гарсан. Харин бид хэлэлцээрийн дагуу зэвсгийн плутонийг боловсруулж мокс түлш гаргах завод барьж ашиглалтад оруулах зэргээр хүлээсэн бүх үүргээ биелүүлсэн. Гэтэл америкчууд 4,86 тэрбум доллараар Саванна-Риверт үйлдвэр барина гэснээ бараг 8 тэрбумыг зарцуулсан ч одоо ч ашиглалтад өгөөгүй, царцаачихсан. Бодвол мөнгийг нь хулгайлсан байлгүй. Гэхдээ нөгөө уран, плутонийг устгах юу болсон билээ? Цааш нь өгүүлэхэд, Орос 17 жилийн өмнө Цөмийн туршилтыг хориглох Гэрээг баталсан, харин Америк одоо ч батлаагүй. ...Америкчууд өөрсдөө химийн зэвсгийг хориглохыг санаачилсан хэрнээ үүргээ биелүүлэхгүй байна. Өнөөдөр АНУ бол хамгийн хүчирхэг, бөөнөөр устгах химийн зэвсэгтэй цорын ганц орон. Тэр бүү хэл АНУ 2007 онд химийн зэвсгээ устгаж дуусгах ёстой байсан атал одоо 2023 он гэж хойшлуулаад байна. Харин Орос орон химийн зэвсгээ 2017 оны 9 сарын 27-нд бүрэн устгаж дууссан, ингэснээр олон улсын аюулгүй байдалд маш том хувь нэмрээ орууллаа. 

...2045 онд НҮБ 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Хүн төрөлхтөн юуг ч үл харгалзан нийтлэг дүрэм журам гарган түүнээ дагаж мөрдөх чадвартайн билэгдэл бол НҮБ. Энэ дүрмээс няцаж буцах бүрд хямрал, сөрөг уршиг дагавар гарч байдаг. Үүний зэрэгцээ сүүлийн 10 жилийн турш энэ байгууллагын үүрэг ролийг бууруулах, нэр хүндийг унагах, зүгээр л өөрийн хяналтад авах гэсэн оролдлого хэд хэд гарлаа. Бүх оролдлого бүтэлтгүйтэж эсвэл мухардалд орсон. Бидний үзэж буйгаар НҮБ нь олон улсын системийн төв хэвээр үлдэх ёстой, түүний нэр хүнд ба үр ашгийг нэмэгдүүлэх нь бүх нийтийн зорилго. Өнөөдөр НҮБ-ыг орлох юм алга. Дэлхийн тусгаар орнуудын дийлэнх нь НҮБ-ын гишүүн. Хэдэн арван жилийн дараа ч НҮБ-ын үндсэн зарчмууд хадгалагдан үлдэх ёстой, яагаад гэвэл дэлхийн улстөрийн бүх өнгө дэвсгэрийг тусгах чадвартай өөр бүтэц байхгүй. Бүс нутгийн байгууллагууд НҮБ-ын ивээл дор ажиллаж, ажлаа түүнтэй зохицуулах ёстой. Тусгаар тогтнолыг олон улсын харилцааны системийн үндэс гэж үзэн хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. 

Техник хичнээн гайхалтай өндөр оргилд хүрсэн ч түүхийг хүн л бүтээдэг. Хүмүүс өөрсдийн хөгжил дэвшил ба сул тал, ялалт ба алдаагаар түүхээ бүтээж байдаг. Та бидний ирээдүй нэг, түүнээс биш тус тусын ирээдүй гэж үгүй. Ямартай ч орчин үеийн ертөнцөд ийм байна. Энэ дэлхийг зөрчилгүй, сайн сайхан байлгах хариуцлага дэлхийн олон нийтэд бүгдэд нь ногддог. Одоо Сочи хотод Дэлхийн залуучууд, оюутны 19-р наадам явагдаж байна. Олон орны залуус үе тэнгийнхэнтэйгээ харьцаж, асуудлуудаа хэлэлцэж маргаж мэтгэлцсээр. Соёлын болон үндэсний, улстөрийн ялгаа тэдэнд огт саад болсонгүй, тэд бүгд л ирээдүйн тухай мөрөөдөж байна. Өөрсдийнх нь амьдрал, шинэ үеийн амьдрал илүү сайхан, илүү шударга, илүү аюулгүй байна гэж тэд итгэж байгаа. Эдгээр хүсэл найдвар заавал биелэхийн төлөө бүхнийг хийх нь та бидний өнөөдрийн зорилго, хариуцлага билээ.

АСУУЛТ, ХАРИУЛТ

Асуулт:  Бид 1950-иад он руу буцаад очиж байх шиг, гэтэл тэр үед бүх юм Карибын хямралаар өндөрлөсөн. Гэтэл дэлхийн стратегийн нөхцөл байдал түү төвөгтэй, цогц болжээ. Орос ба бид юу хийх ёстой вэ? 
В.Путин:
1950-иад он руу буцаж байгаа юм биш, биднийг буцаах гэж оролдож байна. Биднийг 3 хэлэлцээрийг зогсоосон гэлээ. Яагаад зогсоосон бэ гэвэл Америкийн тал юу ч хийхгүй байна. Бид дангаараа энэ бүхнийг хийж чадахгүй. Бид дангаараа химийн бүх зэвсгээ устгасан, гэтэл АНУ мөнгөгүй тул чадахгүй гэлээ. Тэдний хэвлэлийн машинууд доллар хэвлэсээр л байхад мөнгөгүй гэнэ. Харин бид мөнгөтэй, бид 8 үйлдвэр барьсан. Асар их хөрөнгө оруулж ажилтнуудаа сурган үлэмж их ажлыг амжууллаа. Одоо тэр бүхнээ яаж ашиглах талаар бодож байна. ...Америкчууд нөгөө плутонийг буцааж зэвсэглэлдээ ашиглах боломжтой. Бид хэлэлцээрээс гараагүй, зогсоосон. Манай америк түншүүд хариу алхам хийсний дараа буцаан сэргээнэ гэж найдаж байгаа. Пуужингийн эсрэг хамгаалалтын Гэрээ бол стратегийн зэвсэглэлийн салбарт олон улсын аюулгүй байдлын системийн тулгын чулуу байсан. Гэтэл хичнээн их ярьсан ч Америк дангаар гарчихсан. ...Бид гараагүй, тэгээд ч огт хэлэлцэхгүй байснаас ийм хэлэлцээр дээр. Дунд ба бага тусгалын пуужингуудын талаарх хэлэлцээрийг Орос зөрчсөн гэх юм. Өмнө нь АНУ ийм пуужинтай байсан манайд байгаагүй, харин одоо бидэнд бий. ..Дунд ба бага тусгалын пуужингуудаа устгаж байхад манай ерөнхий конструктор амиа хорлосон, үүнийг эх орноосоо урвасан хэрэг гэж үзсэн юм. Ийм гунигтай түүх. ...Гэтэл энэ нь ЗХУ дангаараа зэвсгээ устгасан хэрэг болсон, АНУ-д одоо ч бий. Одоо бид агаарын, далай тэнгист суурилсан пуужингуудтай, “Калибр” маань Газрын дундад тэнгис, Каспийн тэнгисээс, шумбагч хөлгөөс харваж үр бүтээлтэй ажиллаж байгаа.

Одоо зүгээр л нөхцөл байдал адил болсон. Хэрэв хэн нэгэнд энэ таалагдахгүй бол, хэрэв америкчууд Гэрээнээс бүрмөсөн гарна гэвэл бид хоромхон зуур яг адилхан хариу барина гэдгийг сануулчихъя. 

Асуулт: Гадаадад ажиллаж байгаа “Russia Today”, “Спутник” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дарамталж өдөөн хатгаж, сүрдүүлэх боллоо. Энэ талаарх таны байр суурь?
В.Путин: Манайд дэлхийг хамарсан хэвлэл мэдээллийн байгууллагууд байхгүй. Энэ салбарт англосаксууд, юуны өмнө Америк ноёрхдог. Англи, Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслэлүүд яаж авирладагийг бүгд мэднэ, даян дэлхий мэднэ. Тэд дэлхийн бараг бүх орны дотоод улстөрийн үйл явдалд шууд, байнга нөлөөлж байдаг. Харин манай “Russia Today”, “Sputnik” зүгээр л Оросын үзэл бодлыг хүргэдэг, гэхдээ дандаа биш. “Russia Today”-д америкчууд, англичууд,  германчууд гээд олон үндэстний хүмүүс ажилладаг... Иймээс хэрэв манай хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийг хязгаарлаж дарамталсан тодорхой алхам хиймэгц бид шуудхан, яг адил хариуг маш хурднаар өгнө. 

Асуулт: Эмэгтэй хүн Оросын дараагийн Ерөнхийлөгч болж чадах уу? (Ксения Собчакийг хэлсэн бололтой http://mnews.mn/q11)
В.Путин:
Манайд бүх юм боломжтой. 

Асуулт: Гэхдээ л Валдейн энэ клубыг тангүйгээр төсөөлшгүй?
В.Путин:
Та нар намайг хасах нь уу? Халагдсан цэргийн хангамжийг хасдаг шиг.

Асуулт: Та дэлхийд хэрэгтэй, ядаж л бүгдийг нэгтгэж нягтруулан дайчилж “муугийн туйл” маягаар?
В.Путин:
Нэг онигоо яръя. Олигарх дампуурчээ. Тэр “Бид мерседес машинаа зарж Лада авна, Рублевкийн харшаас Москва руу орон сууцандаа очих хэрэгтэй боллоо. Гэхдээ чи намайг хайрласаар байна биз?” гэж эхнэрээсээ асуув. Эхнэр нь “Тийм ээ, их хайрлаж их ч санана даа” гэж хариулжээ. Гэхдээ намайг санаж, их үгүйлнэ гэж бодохгүй байна.
Түрүүч нь:  http://mnews.mn/q15

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • ссср IP: 66.181.185.225 2017 оны 10 сарын 20

    хараал идсэн америкчууд удахгүй өөрсдөө цусандаа живцгээх болноо
Сэтгэгдэл